

B Contemporary Art Gallery, “Алтай таван богд” өв хамгаалах сан, “Morningstar” хамтлагийн залуу уран бүтээлчид хамтран санаачилж, анх удаа байгаль дахь амьд тоглолтыг шууд дамжуулан хүргэнэ. Монгол хүн бүр байгалиа хамгаалахад сэтгэл нэг буй энэ үед залуу уран бүтээлчид өөрсдийн өнцгөөр нэгдэж байгаагаа илэрхийллээ
Тэд Алтай таван богд уулын Ерөнхийлөгчийн овоо хэсэгт амьд тоглолт хийж, телевиз, сайт, өөрсдийн нийгмийн сүлжээгээр олон нийтэд хүргэх юм. Энэ тоглолт нь байгальд олон хүний мөр үлдээхгүй, орчин үеийн технологийн дэвшлээр нийтэд хүрэхээрээ онцлог аж.
"Алтай таван богд өв хамгаалах сан"-гийн Гүйцэтгэх захирал Б.Тэмүлүн "Morningstar хамтлаг Алтай Таван Богдын энгэрт бүрэн хэмжээний амьд тоглолт хийж дуу хоолойгоо өргөж байна. Бид урлагаар дамжуулан асуудлыг нийгэмд хүргэхээр хамтран ажиллаж эхэлсэн. Байгаль орчны асуудал маань нэлээд хүнд байна. Алхам тутамдаа зөв шийдвэр гаргаж, байгальд ээлтэй байхыг уриалж байна " гэлээ.
"Алтай таван богд өв хамгаалан сан"-гийн Удирдах зөвлөлийн гишүүн С.Минжин "Энэхүү тоглолт маань Алтай таван богд уулын өндөр оргилоос дамжуулж байгаагаараа онцлогтой. Олон хүн цуглуулах нь байгаль орчноо дордуулах эрсдэлтэй тул цахимаар зохион байгуулж байна. Цахим хуудас болон дөрвөн телевизээр зэрэг дамжуулахаар ажиллаж байна. Тоглолтын үеэр байгаль орчны уур амьсгалын асуудалд хувь нэмрээ оруулж хандив өгөх боломжтой. Хандивыг байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг шийдэх төслүүдэд зориулна" гэв.
Сэтгүүлч: Г.Саруулсанаа
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!