Бүгдийг нэг дор багтаасан TikTok: Бидний мэдэх аппликейшн хэрхэн өөрчлөгдөж байна вэ?


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Хэдийгээр ТикТокыг олон нийтийн сүлжээний томоохон компани гэж тодорхойлдог ч тус платформ энэ хүрээнээс хэдийн давж алхах замдаа гараад эхэлжээ. Цаг хугацааны явцад бичлэг л хуваалцдаг энэхүү аппликейшн нь TikTok Shop, газрын зураг хайлт, сайжруулсан бусад хайлтын систем болон тоглоом зэрэг олон шинэ цэсийг өөртөө нэгтгэж эхлэв. Сүүлийн үед зочид буудал захиалгын үйлчилгээг нэвтрүүлж, финтек буюу санхүүгийн технологийн тусгай зөвшөөрөл авахаар ажиллаж байна.

Эдгээр алхмуудаас харахад TikTok нь хэрэглэгч зөвхөн бичлэг үзэж, хуваалцахаас гадна өдөр тутмын маш олон төрлийн хэрэгцээгээ нэг дороос хангах боломжтой технологийн хэллэгээр супер апп буюу бүгдийг нэг дор багтаасан платформ болон хөгжиж байна.

Супер аппын загвар нь Хятад улсад эрчээ авсан бөгөөд үүний тод жишээ нь WhatsApp, Apple Pay болон апп сторыг нэг дор нэгтгэсэн WeChat аппликейшн юм. Үүнтэй адилаар TikTok хэрэглэгчдийг олон төрлийн апп хооронд шилжих шаардлагагүй болгож, дижитал амьдралынх нь ихэнх хэсгийг өөр дээрээ төвлөрүүлэхээр ажиллаж байна.

Спорт

TikTok олон жилийн турш хэрэглэгчдийн спортын онцлох агшнууд болон контентыг үздэг гол талбар болохыг зорьсоор ирсэн билээ. Жишээ нь энэ зургаадугаар сарын эхээр Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулсан тусгай цэсийг гаргасан бөгөөд хэрэглэгчид эндээс тоглолтын оноо, хуваарь, чансаа, трэнд бичлэгүүд болон тамирчдын сонирхолтой контентуудыг үзэх боломжтой болжээ.

Хэрэв хэрэглэгчид TikTok дээр бичлэг үзэнгээ тоглолтын оноог цаг алдалгүй харахыг хүсвэл аппаас гарах эсвэл Google болон спортын мэдээний тусгай апп нээх шаардлагагүй болсон байна.

Зочид буудал болон аялал жуулчлалын захиалга

Өнгөрсөн тавдцгаар сард TikTok АНУ-ын хэрэглэгчдэд зориулан апп дотроосоо зочид буудал, үзвэр үйлчилгээ, аяллын захиалга шууд хийх боломжтой “TikTok GO” үйлчилгээг нэвтрүүлсэн юм. Энэхүү цэс нь видео бичлэг, хайлт болон байршлын хуудсуудаар дамжуулан буудал, хийх боломжтой сонирхолтой зүйлсийг санал болгодог байна. Хэрэглэгчид сонирхсон зүйлээ олох үедээ дэлгэрэнгүй мэдээллийг үзэж, захиалгаа шууд баталгаажуулах боломж бүрджээ.

Бичлэгнээс аяллын санаа авсны дараа гуравдагч талын вэбсайт руу шилжүүлдэг байсныг өөрчилж, TikTok өөрөө аяллын контентоор дамжуулан захиалга авч, ашиг орлого олдог нэг цэгийн платформ болох сууриа тавьж байна.

Хүмүүс TikTok-ийг хайлтын систем болон Google-ийн орлуулагч болгон ашиглаж эхэлсэн бөгөөд энэхүү шинэ алхам нь Google-ийн үндсэн бизнес болох хайлт болон Google Maps-тай шууд өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлж байна.

Санхүү, төлбөр тооцоо

Гуравдугаар сард Reuters агентлагийн мэдээлснээр, TikTok Бразилын Төв банкинд зээл болон төлбөрийн үйлчилгээ үзүүлэх санхүүгийн технологийн компаниар ажиллах зөвшөөрлийн хүсэлт гаргасан байна.

Тус компани хоёр төрлийн тусгай зөвшөөрөл хүсэж байгаа юм. Эхнийх нь хэрэглэгчдэд мөнгө байршуулах, хүлээн авах, төлбөр хийх урьдчилсан төлбөрт данс нээх эрх. Хоёр дахь нь өөрийн хөрөнгөөр зээл олгох эсвэл зээлдэгч, зээлдүүлэгчийг холбосон платформ хэлбэрээр ажиллах шууд зээлийн үйлчилгээний зөвшөөрөл гэнэ.

Энэхүү алхам нь TikTok зөвхөн олон нийтийн сүлжээ байхаас татгалзаж, дижитал экосистем рүү шилжих томоохон өөрчлөлт болж байна. Санхүүгийн үйлчилгээг өөртөө нэгтгэснээр TikTok хэрэглэгчийн идэвхийг нэмэгдүүлж, орлогын шинэ урсгал үүсгэн, финтек стартапууд болон цахим худалдааны платформуудтай өрсөлдөх зорилготой байна.

TikTok Shop

TikTok-ийн олон нийтийн сүлжээнээс хальж хийсэн хамгийн том алхмуудын нэг бол TikTok Shop байсан гэдгийг олон нийт сайн мэднэ. Тэд 2021 оноос TikTok Shop-ийг туршиж эхлэн 2023 онд АНУ-д албан ёсоор нээсэн юм. Түүнээс хойш тус компани Amazon, Shein зэрэг цахим худалдааны гигантуудтай амжилттай өрсөлдөж байна.

eMarketer-ийн мэдээлснээр, TikTok Shop-ийн АНУ дахь борлуулалт 2024 онд 407%-иар, 2025 онд дахин 108%-иар өсөж, 15.82 тэрбум ам.долларт хүрсэн. Өнгөрсөн жилийн байдлаар тус компани АНУ-ын нийт сошиал худалдааны 18.2%-ийг бүрдүүлсэн бөгөөд энэ үзүүлэлт 2027 онд 24.1%-д хүрэх төлөвтэй байна. Мөн анх хямд бараа бүтээгдэхүүнээрээ танигдаж байсан бол сүүлийн үед тансаг зэрэглэлийн жижиглэн худалдааны салбар руу хүрээгээ тэлж байна.

Хөгжим

TikTok-ийн нэр хүнд хөгжмийн салбарт болон хүмүүс шинэ хөгжим олж нээх хандлагад хүчтэй нөлөөлсөн юм. Тус компани үүн дээр дөрөөлөн Spotify болон Apple Music-тэй өрсөлдөхөөр 2023 онд “TikTok Music” хөгжим дамжуулах үйлчилгээг эхлүүлсэн ч жилийн дараа хаасан юм.

Тус компани бусад хөгжмийн платформтой өрсөлдөхөөс илүүтэй хэрэглэгчдийг хөгжим сонсоход чиглүүлж, тэдэнтэй хамтран ажиллахад анхаарна гэдгээ мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч тэд хөгжмийн салбар дахь амбийцаа бүрмөсөн орхиогүй бөгөөд саяхан Apple Music-ийн хэрэглэгчид "For You" цэсээс олж мэдсэн дуугаа апп дотроосоо бүтнээр нь сонсох боломжтой шинэ функцийг нэвтрүүлсэн.

Хайлт болон Газрын зураг

TikTok хэрэглэгчдэд трэнд болж буй ресторан, аяллын бүс, дэлгүүрүүдийг олоход туслахын тулд газрын зураг, орон нутгийн hashtag цаашлаад сэтгэгдэл шүүмжийг харуулдаг сайжруулсан хайлтын системийг хөгжүүлсэн юм. Мөн тусгай хуудсууд дээр байршил болон ресторануудын ажиллах цагийн хуваарь, одны үнэлгээ, үнийн дүн зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг багтааж өгчээ.

Тоглоом

TikTok хэрэглэгчдийг платформ дээрээ илүү урт хугацааг өнгөрөөж, хувийн зурвасаар дамжуулан бусадтайгаа харилцахад нь туслах зорилгоор хэд хэдэн энгийн тоглоомуудыг нэвтрүүлээд байна. Тоглоомын цэсийг нэмсэн нь TikTok-ийг зөвхөн сошиал медиа платформ биш, хэрэглэгч бичлэг үзэхийн зэрэгцээ найзуудтайгаа хялбар тоглоомоор өрсөлдөх боломжтой болгожээ.

Эх сурвалж: Techcrunch

#technology