

Австралийн баруун эрэг орчимд нэгэн далайн гахай үхсэн тугалаа нуруун дээрээ байлган, хэдэн өдрийн турш салаагүй явсан сэтгэл шимшрэм дүрсийг судлаачид дроноор буулгажээ. Энэхүү ховор үзэгдэл нь далайн хөхтөн амьтад гашуудал, харууслыг хэрхэн илэрхийлдгийг харуулсан бас нэгэн баримт болжээ.
Судлаачдын мэдээлснээр "Fraggle" хэмээн нэрлэсэн эх далайн гахай амьгүй болсон тугалаа усны мандал дээр тогтоон авч явахыг оролдож, зургаан өдрийн турш нуруун дээрээ байлгажээ.
Энэ хугацаанд түүний сүргийн 14 орчим далайн гахай хамтдаа сэлж, гашуудсан эхийг ганцааранг нь орхилгүй дагалдан явсан нь анхаарал татсан байна.
Мэргэжилтнүүд ийм зан үйлийг "эпимелетик зан төлөв" (epimeletic behavior) гэж нэрлэдэг бөгөөд энэ нь шархадсан, өвдсөн эсвэл үхсэн үр төл, сүргийн гишүүнээ хамгаалах, орхихгүй байх үйлдлийг илэрхийлдэг аж. Ялангуяа эх далайн гахайнууд үхсэн тугалаа хэдэн цаг, хэдэн өдөр, зарим тохиолдолд бүр хэдэн долоо хоног хүртэл авч явсан тохиолдлууд өмнө нь ч бүртгэгдэж байжээ.
Грекийн Амбракийн буланд энэ оны тавдугаар сард мөн ижил төстэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд байгаль хамгаалагчид хүмүүсийг эх далайн гахайд ойртохгүй байхыг зөвлөсөн юм. Тэд хүний оролцоо нь амьтанд нэмэлт стресс учруулж, урьдчилан таамаглахын аргагүй хариу үйлдэл үзүүлэхэд хүргэж болзошгүй гэж анхааруулжээ.
Эрдэмтдийн үзэж буйгаар ийм зан үйл нь зөвхөн далайн гахайд бус хөх халим, орка /алаг халим/ зэрэг бусад далайн хөхтөн амьтдад ч ажиглагддаг бөгөөд тэдний нийгмийн харилцаа, эх үрийн хүчтэй холбоо, сэтгэл хөдлөлийн нарийн төвөгтэй байдлыг илтгэдэг гэж үздэг.
Эх сурвалж: The Independent
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!