Азийн CSGO-д Монголчууд хүчтэй гэдгийг ATOX баг баталлаа


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2023-06-19

CSGO-ын Хятад дахь хамгийн том тэмцээн "Perfect World Arena Premier League Season 4: Professional Division"-д Монголын "ATOX Esports" баг түрүүллээ.

Дөрөв дэх удаа зохиогдож буй 161 мянган юанийн (77 сая төгрөг) шагналын сантай тэмцээнд Хятад болон Монголын шилдэг найман баг өрсөлдөж гранд финалд ATOX Esports баг "Team NKT"-г 2-0 (Inferno 15-19, Ancient 5-16) харьцаагаар хожив.

Хоёр баг тэмцээний дээд хүснэгтийн финалд учраа таарахад Team NKT 2-1 (Ancient 4-16, Inferno 16-5, Overpass 16-10) харьцаагаар хожиж ATOX Esports доод хүснэгтийн финал руу унасан юм. Улмаар доод хүснэгтийн финалд тэд Хятадын чансааг тэргүүлэгч Rare Atom багийг 2-1 (Inferno 16-12, Ancient 3-16, Nuke 16-10) харьцаагаар хожсон байна.

"Mongolian duo" буюу kabal /Б.Бат-Энх/, dobu /Б.Ган-Эрдэнэ/ нарын шинэхэн байгуулсан ATOX Esports баг нь MiQ /Б.Тэмүүлэн/, cool4st /Б.Содбилэг/, yAmi /О.Ялалт/ гэсэн шилдэг залуусаас бүрдсэн бөгөөд анхны олон улсын тэмцээндээ амжилттай оролцож өөрсдийгөө таниуллаа.

Тэмцээний ялагч 70 мянган юань авсан бол дэд байрт шалгарсан Team NKT 35 мянган юанийн эзэн болсон. Азидаа шилдэгт тооцогдох Team NKT нь erkaSt /Г.Эрдэнэцогт/, xerolte /М.Энхбат/, XigN /Өмнөд Солонгос/, Gratisfaction /Австрали/ BnTeT /Индонез/ гэсэн тоглогчдоос бүрддэг.

Харин Хятадын чансааг тэргүүлэгч Rare Atom, Lynn Vision багууд нь энэ жилийн ESL Pro League Season 18-д оролцож дэлхийн аваргуудтай тоглох шилдэг багууд юм.

Мэргэжлийн түвшинд TheMongolz баг ганцаараа Монгол улсыг төлөөлж байсан бол ийнхүү ATOX нэмэгдэж Азийн CSGO-д Монголчууд хүчтэй байгааг баталлаа.

#Спорт