ЗАХИДАЛ: Хүмүүс намайг дорд үзэж байгаа юм шиг санагдах болсон


ССҮТөв | YOLO.MN
2017-05-15

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Хүмүүс надаас бага зэрэг зайгаа барих болсон

Хэрвээ би тэнцэхгүй бол дахиад л хүмүүсийн өөдөөс эгц харж чадахаа больчих байх гэдгээс айж байна.

Сайн байна уу? Энэ өдрийн мэнд. Би 12-р ангид сурдаг, эмч болох хүсэл мөрөөдөлтэй үүнийхээ тулд багаггүй цаг хугацааг зарцуулаад удаж байна өөрт маань өсөлт дэвшил маань ч мэдрэгдэж байгаа гэвч бусад хүмүүс намайг дорд үзэж байгаа юм шиг л санагдах болсон. Хамт сурдаг найзууд маань ч эхэндээ зүгээр харилцдаг байсан ч сүүлд надаас бага зэрэг зайгаа барих болсон. Хүмүүсийн дунд байхдаа асуултаа ч бүрэн хариулж  чадахгүй өөртөө итгэхгүй болчих юм. Хэрвээ би тэнцэхгүй бол дахиад л хүмүүсийн өөдөөс эгц харж чадахаа больчих байх гэдгээс айж байна.

ЗӨВЛӨГӨӨ:  Чамайг дорд үзэж байгаа шалтгааныг олох хэрэгтэй

Хэрэв нам дуутай бол илүү тод чанга ярьж байх гэх мэтчилэн өөрийгөө илэрхийлэх тал дээр илүү анхаараарай.

Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө өөрийн зорилгоо тодорхойлсон мөн түүндээ тууштай хичээж байгаа нь маш сайн зүйл. Эргэн  тойрны хүмүүс яг яагаад чамайг дорд үзэж байгаа шалтгааныг олох хэрэгтэй. Хэрэв чи асуусан асуултад итгэлгүй хариулдаг бол өөрийгөө дутуу илэрхийлээд байна гэсэн үг. Өөрийгөө бүрэн илэрхийлж чадаагүй тохиолдолд чамайг мэдээж эргэн тойрныхон чинь ойлгохгүй шүү дээ. Өөртөө итгэлтэй ярих. Чөлөөтэй бодлоо илэрхийлэх. Үүнд хоолойны өнгө харц гээд бүгд хамаатай. Хэрэв нам дуутай бол илүү тод чанга ярьж байх гэх мэтчилэн өөрийгөө илэрхийлэх тал дээр илүү анхаараарай. Миний хэлж байгаа зүйл буруу юу зөв юм болов уу, ингээд хэлчихвэл яах бол гэж бодохоосоо илүү миний бодлоор ийм байна, чиний бодлоор юу гэж боддог вэ?  гэдэг зүйлийг түлхүү баримтлах. Ингэснээр чи болон чиний найзууд хоорондоо илүү ойлголцож чадна. Чамд амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач
Г. Биндэрьяа

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#friends #teenagers