Фэнүүдийн мөрөөдөл биелэв: "Goblin"-ийн гол дүрүүд 10 жилийн ойгоор дахин уулзлаа


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨНӨӨДӨР

2016 онд үзэгчдийн хүртээл болж, дэлхий даяар K-drama-ийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болсон "Guardian: The Lonely and Great God" буюу "Goblin" драм энэ жил 10 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэхүү ойг тохиолдуулан tvN телевиз драмын гол дүрийн жүжигчдийг дахин нэг дор цуглуулсан тусгай reunion нэвтрүүлгийг бэлтгэж, олон жилийн турш хүлээсэн фэнүүддээ гэнэтийн бэлэг барилаа.

Урьдчилсан бичлэг болон гэрэл зургууд цацагдсаны дараа сошиал сүлжээнд "Goblin" дахин эргэн ирлээ гэх мэт сэтгэгдэл олноор нийтлэгдэж, драмын дурсамжууд дахин сэргэж эхэлжээ.

Дөрвөн гол дүр 10 жилийн дараа дахин нэг дэлгэцэнд

Тусгай нэвтрүүлэгт Kim Shin-ийн дүрийг бүтээсэн Gong Yoo, Ji Eun-tak-ийн дүрээрээ үзэгчдийн хайрыг татсан Kim Go-eun, Grim Reaper-ийн дүрийг бүтээсэн Lee Dong-wook, Sunny-ийн дүрийн эзэн Yoo In-na нар бүгд оролцсон байна. Тэд хамтдаа аялж, зураг авалтын үеийн хөгжилтэй мөчүүд, өмнө нь ярьж байгаагүй дурсамжуудаа хуваалцахын зэрэгцээ "Goblin" тэдний амьдрал, уран бүтээлд ямар нөлөө үзүүлснийг эргэн дурсан ярилцжээ.

Teaser-ээс харахад жүжигчдийн хоорондын хөгжилтэй уур амьсгал, наргиа, бие биенээ ойлгодог харилцаа нь яг л арван жилийн өмнөх шигээ хэвээр үлдсэн нь фэнүүдийн сэтгэлийг хөдөлгөж байна.

"Goblin" яагаад өнөөдрийг хүртэл домог хэвээр байна вэ?

Зохиолч Kim Eun-sook, найруулагч Lee Eung-bok нарын хамтын бүтээл болсон "Goblin" нь уран зөгнөл, хайр дурлал, инээдэм, эмгэнэлийг төгс хослуулсан зохиол, зураг авалт, хүчирхэг жүжигчдийн бүрэлдэхүүнээрээ тухайн үедээ үзэгчдийг байлдан дагуулсан юм.

Ялангуяа Kim Shin, Grim Reaper хоёрын нөхөрлөл, Kim Shin болон Ji Eun-tak хоёрын хайрын түүх нь драмын хамгийн мартагдашгүй хэсгүүдийн нэг болж үлдсэн. Харин "Stay With Me", "Beautiful", "I Will Go to You Like the First Snow" зэрэг OST-ууд нь өнөөдөр ч K-drama сонирхогчдын хамгийн их сонсдог дуунуудын тоонд багтсаар байна.

Сүүлийн анги нь Солонгосын кабелийн телевизийн түүхэн дэх хамгийн өндөр үзэлттэй драмуудын нэг болж, "Goblin"-ийг Ази төдийгүй дэлхийн хэмжээний соёлын үзэгдэл болгож чадсан билээ.

Энэ удаад үргэлжлэл биш, харин дурсамжийн аялал

Олон фэн шинэ улирал эсвэл үргэлжлэл зарлагдах болов уу гэж найдаж байсан ч tvN-ийн бэлтгэсэн энэхүү контент нь шинэ анги биш юм. Харин драмыг бүтээсэн жүжигчид дахин уулзаж, хамтдаа аялан өнгөрсөн арван жилийн дурсамжаа хуваалцах тусгай reunion нэвтрүүлэг ажээ.

Арван жилийн өмнө үзэгчдийг инээлгэж, уйлуулж, хайр дурлалын тухай дахин бодоход хүргэсэн "Goblin" өнөөдөр ч шинэ үзэгчдийг татсаар байгаа бөгөөд энэхүү дахин уулзалт нь сайн бүтээл цаг хугацааг даван үлддэгийн тод жишээ болж байна. Драм дууссанаас хойш бараг арван жил өнгөрсөн ч Kim Shin, Eun-tak, Grim Reaper, Sunny нарын түүх үзэгчдийн сэтгэлд одоо ч амьдарсаар байгааг энэ удаагийн уулзалт дахин баталлаа.

#Goblin