30 насандаа тэрбумтан болсон Люси Гю: "Боломжийг бүү хүлээ, эрсдэлийг тооцоод шууд хийж эхэл."


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Өнөө үед олон хүн амжилтыг их сургууль, диплом, олон жилийн туршлагатай холбож ойлгодог. Харин энэ ойлголтыг эвдсэн хүмүүсийн нэг бол Люси Гю юм. Тэрээр их сургуулиа төгсөлгүйгээр стартапын ертөнцийг сонгож Quora, Snap зэрэг Цахиурын хөндийн технологийн томоохон компаниудад ажилласны дараа "Scale AI"-ийг  байгуулжээ. Улмаар 30 нас хүрэхээсээ өмнө дэлхийн хамгийн залуу эмэгтэй тэрбумтнуудын нэг болж, Цахиурын хөндийн амжилттай залуу бизнес эрхлэгчдийн тоонд багтсан юм.

Өдгөө шинэ үеийн контент бүтээгчдэд зориулсан "Passes" платформыг удирдан ажиллаж буй тэрээр амжилтыг аз эсвэл төрөлхийн авьяасаар тодорхойлдоггүй. Түүний хувьд амжилт гэдэг өдөр бүрийн жижиг дадал, тасралтгүй хөдөлмөр, алдаанаас суралцаж урагшлах зоригийн үр дүн юм. Тиймээс түүний EO-д өгсөн ярилцлагыг онцлон амжилтын ард байдаг зарчим, бизнесийн философи болон гаргасан эрсдэлтэй шийдвэрүүдийн үр дүнд сурсан сургамжуудаас хүргэж байна.

-Таны өдөр тутмын амьдралын хэв маяг, ажлын хуваарь хэрхэн өрнөдөг вэ?

-Миний өдөр маш тодорхой хуваарьтай байдаг. Би өглөө 05:30–06:00 цагийн хооронд босож, фитнес хийсний дараа шууд ажилдаа ордог. Өдрийн ихэнх цагийг уулзалт, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд зарцуулж, орой хүртэл ажилладаг. Y Combinator-т заадаг шиг дасгал хөдөлгөөн, хэрэглэгчидтэйгээ ярилцах, бүтээгдэхүүнээ хөгжүүлэх гэсэн гурван зүйлд хамгийн их анхаардаг. Спорт надад сахилга бат, тогтвортой хэмнэлийг бий болгоход тусалдаг. Мөн цагаа үр ашиггүй зүйлд зарцуулахгүй байхыг хичээдэг.

-Сүүлийн үеийн амжилт, хөрөнгө зэрэг нь таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ? Таныг юу хамгийн их аз жаргалтай болгодог вэ?

-Сүүлийн үеийн амжилт, ололтууд маань надад хамгийн түрүүнд илүү их хариуцлага, боломж авчирсан. Мөнгө олох нь миний гол зорилго биш. Харин мөнгийг би илүү том зүйл бүтээх, хүмүүсийн амьдралд эерэг өөрчлөлт авчрах хэрэгсэл гэж хардаг. Намайг хамгийн их аз жаргалтай болгодог зүйл бол шинэ зүйл бүтээж, өөрийн санаагаа бодит болгох үйл явц. Жишээлбэл, "Passes" платформыг хөгжүүлэх нь надад маш том сорилт боловч үүний зэрэгцээ олон хүнд боломж нээж өгч байгаа нь хамгийн их урам өгдөг. Бид контент бүтээгчдэд өөрсдийн брэндээ хөгжүүлж, орлого олох боломжтой дэд бүтэц бий болгохыг зорьж байна.

-Та хүүхэд байхдаа ямар хүүхэд байсан бэ?

-Би багаасаа л аливаа зүйлийг өөрөө сурч, шинэ зүйл турших дуртай хүүхэд байсан. Бага ангид байхдаа гэртээ тоо бодох, соробан сампин зэрэг зүйлсийг аль хэдийн сурчихсан байсан учраас сургууль дээрх хичээлүүд надад их уйтгартай санагддаг байлаа.

Тэр үед би Neopets тоглоомд их дуртай байсан бөгөөд өөрийн гэсэн виртуал тэжээвэр амьтны сайт, онлайн тоглоомын вэбсайт хийхийг хүртэл оролдож байсан. Мөнгө олох сонирхол ч багаасаа байсан тул интернетээр хэрхэн ажиллах, төлбөр хийх зэрэг зүйлсийг өөрөө сурч эхэлсэн. Энэ сонирхол маань дараа нь хакатон, технологийн салбар, стартапын ертөнцөд ороход түлхэц болсон.

-Таны эцэг эх технологийн салбарт ажиллах болон сургуулиа хаях шийдвэр гаргахад хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Миний эцэг эх хоёулаа инженер хүмүүс байсан ч намайг технологийн салбарт орохыг эхэндээ дэмждэггүй байсан. Тэд намайг сайн боловсрол эзэмшиж, айлын даруухан эхнэр болох зам сонгоосой гэж хүсдэг байсан.

Анх би химийн инженер болох талаар бодож байсан ч нэгэн хүн миний хичээлээс гадуурх үйл ажиллагааг хараад компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр суралцахыг зөвлөсөн. Коллежид байхдаа би олон хакатонд оролцож, технологийн салбарт илүү татагдсан.

Би эцэг эхийнхээ үгэнд ордог томоотой охин байж болох байсан ч миний тэрслүү зан "Би өөрийн замыг засаж, коллежгүйгээр ч амжилтад хүрч чадна гэдгийг батлах" хүслийг төрүүлсэн. Сургуулиа хаяхдаа би хэзээ ч эргэлзээгүй. Учир нь их сургууль хэзээд байж л байна, харин энэ боломж амьдралд ганц л олдоно гэж харсан. Их сургуулийн онолоос илүү стартапын ертөнцөд бодит бүтээгдэхүүн хийж, илүү хурдан суралцана гэдэгтээ итгэлтэй байсан. Хүмүүс намайг "Тэнэг юм хийлээ, төгсөхөд ердөө 4-хөн хичээл үлдсэн байхад" гэж хэлж байсан ч би цаг хугацаагаа хожих болон амбицтай хүмүүсийн хүрээлэлд орохыг илүүд үзсэн.

-Snap компанид ажиллаж байхдаа юу сурч мэдсэн бэ? Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн тал дээр та ямар зарчим баримталдаг вэ?

Snap-д ажиллахдаа хамгийн том сурсан зүйл бол томоор сэтгэх байсан. Snap Inc.-ийн үүсгэн байгуулагч Evan Spiegel компаниа дэлхийн хамгийн том технологийн компаниудтай өрсөлдөх хэмжээнд хөгжүүлэхийг зорьж байсныг харах нь надад их урам өгсөн. Түүний надад үлдээсэн гол сургамж бол: “Төгс болтол хүлээлгүй, 90%-ийн бэлэн бүтээгдэхүүнийг зах зээлд гарга” гэсэн зарчим.

Жишээлбэл, Snap Maps анх эргэлзээтэй санаа байсан ч хэрэглэгчдэд хүрсний дараа хамгийн алдартай функцуудын нэг болсон. Хэрэглэгчид яг юу хүсэж байгаагаа мэддэггүй учраас бүтээгдэхүүнийг хурдан туршиж, хэрэглэгчийн хариу үйлдлээр сайжруулах нь чухал.

-Компаниа орхих, шинэ алхам хийх шийдвэрээ та ямар шалгуураар гаргасан бэ?

-Миний шалгуур бол ердөө хоёрхон зүйл. Эрсдэл, ашгийн анализ болон "Би эндээс шинэ зүйл сурч байна уу?" гэдэг асуулт. Жишээ нь, Snap-ийг орхихдоо би хэдэн сая долларын хувьцаагаа орхисон. Гэвч тэр мөнгө миний амьдралыг орвонгоор нь өөрчлөх мөнгө биш байсан учраас би шинэ зүйл сурч, амьдралаа үнэхээр өөрчлөх хэмжээний мөнгө олох боломжийг сонгосон. Хэрэв бүтэлгүйтвэл би асар их зүйл сурч үлдээд дараагийн ажилдаа орж чадна. Ердөө 1-2 жил л алдана. Мэдээж хэрэв би тэнд 100 сая доллар хийж байсан бол бодит байдал дээр үлдэх байсан байх. Гэхдээ миний хувьд шалгуур маань ийм байсан.

-Scale AI компанийг хэрхэн үүсгэн байгуулж байсан бэ?

-Би Брэндон Коутой хамт Quora-д ажиллаж байхдаа нэг өдөр өдрийн хоолны үеэр “Хэзээ нэгэн цагт хамт компани байгуулж үзэх үү?” гэж ярилцаж байсан. Тэр үеэс санаагаа хөгжүүлж эхэлсэн.

Бидний анхны хэд хэдэн санаа амжилттай болоогүй ч тэр бүрээсээ суралцаж, туршлага хуримтлуулсаар Y Combinator-д элссэн. Миний Snap Inc. болон Thiel Fellowship-ийн туршлага, харин Брэндоны Massachusetts Institute of Technology болон Quora дахь туршлага биднийг YC-д ороход их нөлөөлсөн. YC-д орсны дараа бид анхны санаагаа дахин бодож, чиглэлээ өөрчилснөөр одоогийн Scale AI-г эхлүүлсэн.

-Бизнесийн карьер дахь таны хамгийн том алдаа, сургамж юу байв?

-Миний хамгийн том бүтэлгүйтлүүд бол итгэж болохгүй хүмүүст итгэсэн явдал байсан. Жишээ нь, гүйцэтгэл муутай ажилтныг ажлаас халах үед тэд чамайг дарамталж, шантаажлахыг оролдох тохиолдол гардаг. Хэнд итгэхээ шийдэхдээ дотоод мэдрэмжээ дагахаас гадна тэр хүний найзууд биш хүмүүс буюу зүгээр л таньдаг хүмүүсээс мэдээлэл авах хэрэгтэй. Учир нь танилууд нь илүү үнэн зөв хариулт өгдөг. Хэрэв нэгэнт итгэл эвдэрсэн бол түүнийг засах боломжгүй тохиолдол байдаг бөгөөд эртхэн замаа салгах нь ухаалаг алхам болдог.

-Багаа хэрхэн удирддаг болоод сайн удирдагч ямар байх ёстой талаар?

-Сайн удирдагч өөрөө хэрэгтэй үедээ гардан ажилладаг хүн байх ёстой. Би компанийн ямар ч ажлыг өөрөөсөө доогуур гэж үздэггүй. Стартапын давуу тал нь хүмүүс өөрсдийн хийж буй ажлын үр нөлөөг шууд хардагт оршдог. Бид бүтээгдэхүүнээ хурдан гаргаж, үр дүнг нь шууд хэмждэг байсан нь багийг урамшуулдаг.

Мөн би багийн гишүүдээс хоёр зүйлийг хамгийн их хардаг нь ухаалаг байдал болон хөдөлмөрч зан. Гэхдээ хамгийн чухал үнэт зүйл бол хүнлэг, сайхан сэтгэл гэж боддог.

Манай салбарт контент бүтээгчид 24/7 ажилладаг тул бид ч мөн адил соёлтой байх хэрэгтэй болдог. Шөнийн 02:00 цагт алдаа гарлаа гэхэд манай инженер утасдахад авч, алдааг засдагт би бахархдаг. Мөн хэрэв сайн инженер маань компаниас явсан ч, эсвэл тааруу ажилтан байсан ч би тэднийг дараагийн алхамдаа амжилт олоход нь чин сэтгэлээсээ тусалж, боломж олгохыг хичээдэг.

-Таны дараагийн стартап болох "Passes"-ийг эхлүүлэх эхлэл хэрхэн тавигдсан бэ?

Надад нэг найз маань өөрийн AI компанийн CEO болооч гэсэн санал тавьсан юм. Тэр үед би дахин үүсгэн байгуулагч болоход бэлэн болсноо мэдэрсэн л дээ. Өмнө нь би бүтэлгүйтэхээс айдаг байсан бол тэр үед "За яав л гэж, амьдрал минь зүгээр л өнгөрнө, бүтэлгүйтлээ гээд яахав" гэж бодсон.

Гэхдээ би дахин B2B AI компани хийхийг хүсээгүй. Харин өөрийн дуртай хэрэглэгчидтэй тулж ажиллах чиглэлээр, хөгжилтэй зүйл хийхийг хүссэн. Тэгээд Контент бүтээгчдийн зах зээлийг судалж үзээд энэ салбарт том боломж байгааг харсан. Ингээд Passes-ийг эхлүүлсэн.

-Өнөөдөр олон хүн контент бүтээгч болохыг хүсэж байна. Энэ салбарын ирээдүй ямар байх бол?

-AI бол контент бүтээгчдийн туслах болно. Одоо үед бараг хүүхэд бүр контент бүтээгч болохыг хүсэж байна. Брэндүүд ч сурталчилгааны мөнгөө уламжлалт сурталчилгаанаас илүү контент бүтээгчдэд зарцуулах нь үр дүнтэйг ухаарч байна. Ирээдүйд контент бүтээгчид брэндүүдтэй маш нягт хамтран ажиллаж, хамтран үүсгэн байгуулагч болох эсвэл өөрсдийн брэндийг босгож, үе дамжсан баялгийг бүтээх болно. Бид үүнд л туслахыг зорьж байна.

-Хэрэв та 20 настай өөртөө зөвлөгөө өгвөл юу хэлэх байсан бэ?

-Бусад хүмүүсийн талаар гомдоллож, хов жив ярихаа зогсоогоод тэднийг илүү сайн таньж мэдэж, урамшуулан дэмж гэж хэлэх байсан. Компаниуд ихэвчлэн хов живтэй байдаг ба бусдыг муу хэлэх нь тэднийг бүр л түлхдэг.

Хамгийн эерэг ажлын орчин бол чи хүн бүрийн дэмжигч байх явдал. Би амьдралынхаа бүх зүйлийг эерэг энергиэр өөртөө татаж чадсан гэж боддог. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд хөдөлмөрлөж, эргэн тойрондоо дандаа намайг дэмждэг, тусалдаг эерэг хүмүүсээр хүрээлүүлбэл юуг ч бүтээж болно гэдэгт би итгэдэг.

 Эх сурвалж: EO

#Люси Гю