Өнгөрсөн долоо хоног Инстаграмд: Chadwick Boseman, Gigi Hadid, The HU...


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-08-31

Нүд ирмэхийн зуур л амьдралын хамгийн чухал мөчүүд зөрөөд өнгөрч мэдэх орчин цагийн энэ яаруу ертөнцөд та бүгдийг гүйцэж амжиж байна уу? Шүүрэн шанага шиг дуусаж, дундарч өгдөггүй Инстаграм ертөнцийн зарим сонин хачнаас хоцорсон байж магадгүй гээд өнгөрсөн долоо хоногийн онцлох долоон нийтлэлийг хүргэж байна. 

GIGI HADID БА ТҮҮНИЙ БЯЦХАН САХИУСАН ТЭНГЭР

АНУ-ын төдийгүй дэлхийн хамгийн алдартай загвар өмсөгч эгч дүүс болох Gigi болон Bella Hadid-ийг загварын ертөнцийг цухасхан мэддэг хүмүүс ч сайн таних биз ээ. 2013 оноос загвар өмсөгчийн карьераа эхлүүлж, өдгөө тун амжилттай яваа загвар өмсөгч Gigi Hadid бие давхар болсноо олон нийтэд мэдэгдээд удаагүй байгаа билээ. Тэрээр Их Британийн алдарт "One Direction" хөвгүүдийн хамтлагийн гишүүн асан, дуучин Zayn Malik-тай 2015 оноос хойш хайр сэтгэлийн холбоотой байсан бөгөөд анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа нь энэ юм. 

Дээрх зураг нь Gigi-гийн бие давхар байгаагаа олонд ил болгосон хамгийн анхны зураг бөгөөд "Сахиусан тэнгэр өсгөж байна" гэх тайлбартайгаар нийтэлжээ. 

“THE HU” ХАМТЛАГ НЭГТ БИЧИГДЛЭЭ!

Монголчууд бидний хамгийн том бахархлын нэг бол улс, эх орныхоо нэрийг дэлхий дахинд цуурайтуулж буй “The HU” хамтлаг яах аргагүй мөн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт тус хамтлагийн “Wolf Totem” уран бүтээл Billboard-ийн “Дэлхийн Дижитал Дууны Борлуулалт” жагсаалтыг тэргүүлсэн байна!

Та “The HU” хамтлагийн “Wolf Totem” дууг эндээс хүлээн авч сонсоорой.

СОШИАЛ МЕДИА БА ЖИНХЭНЭ АМЬДРАЛ

"Төгс" амьдралаар амьдарч буй "төгс" хүмүүсээр дүүрэн Инстаграм ертөнц биднийг хөгжөөхөөс илүүтэйгээр өөрийгөө голоход хүргэх нь цөөнгүй. Тэгвэл таеквондоч Нана маань өөрийн Инстаграм хуудаснаа ийн нийтэлжээ:

- "Муу нуухаар сайн илчил. Сошиал амьдрал ер нь бодит биш шүү дээ. Наад зах нь онцгүй гарсан зургаа нийтлэхгүй байхад яаж хэцүү хүнд, бэрхшээлтэй үеэ хүмүүст хэлж, харуулаад байж байх вэ дээ. Өнгөтэй өөдтэй гоё сайхан гарсан зураг, стори, нийтлэл болгоныг нь өсвөр насныхан үзэж “Яаж тэд нар шиг болох вэ?”, “Яаж яг ийм болох вэ?”, “Хаанаас энэ гоё юмыг нь олж авах вэ?”, “Яаж гоё тайл бэлхүүстэй болж турах вэ?”, “Яаж өөгүй сайхан батгагүй нүүртэй болох вэ?”, “Яаж, яаж, яаж?” гэж өөртөө гутарч сэтгэлээр унаад байдаг юм шиг санагддаг. Тийм болохоор ямар ч хүнд чамд тулгардаг асуудлууд яг адилхан тулгарч л байдаг. Тийм болохоор хорвоо ертөнц дээр ганцаараа онцгүй, хэцүү, гоё сайхан юмнаас хоцроод байгаа юм шиг битгий өөртөө хүндрэл учруулаарай. Сошиалаас харсан зүйл чинь бодит бөгөөд үнэн биш байж магадгүй энэ цаг үед өөртөө л үнэнч байж, өөрийгөө л хайрлаарай. #LoveYourself"

SELENA GOMEZ & BLACKPINK

Урин дулаан зуны улирал эхэлсэн цагаас хойш маш олон чадварлаг уран бүтээлчдийн мартагдахын аргагүй хамтралууд ар араасаа цувран гарсаар байгаа билээ. Дуучин Lady Gaga болон Ariana Grande нарын “Rain on Me”, дуучин Dua Lipa, Madonna, реппэр Missy Elliot нарын “Levitating”, реппэр Cardi B болон Megan Thee Stallion нарын “WAP” зэрэг хамтралууд аль хэдийнэ олон олон амжилтуудын эзэд болжээ. 

Тэгвэл энэ зуны бас нэгэн онцгой хамтрал бол дуучин Selena Gomez болон Blackpink хамтлагийн хамтрал байсан юм. Өнгөрсөн баасан гарагт шинэхэн уран бүтээлээ цацсан охид маань ийнхүү клипний арын зургуудаасаа хуваалцжээ!

МОНГОЛ ДЭЭЛТЭЙ САНСАРМАА

Өөрийн гэсэн зорилготой, хүчирхэг эмэгтэйгээс илүү үзэсгэлэн гоо гэж үгүй. Тэгвэл загвар өмсөгч, жүжигчин Сансармаа үүний нэгэн тод жишээ болж монгол дээлээрээ гоёсон зургаа хуваалцжээ. Тэрээр зургаа үндэсний гоёмсог хувцаснаас гадна ахин нэг “гоёл”-оор чимсэн нь зургийнх нь тайлбар байв.

- “Би гүнж биш. Надад хэн нэгний аврал хэрэггүй. Би бол хатан хаан. Бүх зүйл миний хяналтад байна”

Бид хар багаасаа л ханхүүгийн ачаар аз жаргалаа олдог гүнжийн тухай үлгэрүүдийг сонсож өссөн. Үнсгэлжинд Ханхүү хэрэгтэй, Rapunzel-ийг Flynn Rider ирж аврах ёстой, Цасан Цагааныг хайртай залуу нь л үнсэх ёстой гэх мэт. Тийм ч учраас эмэгтэйчүүд зарим тохиолдолд ямар ч ханхүүгийн тусламжгүйгээр өөрийгөө аз жаргалтай болгох хүчтэй гэдгээ мартаж орхидог биз. 

Мэдлэг боловсрол, бие даасан байдал хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог болсон өнөө цагт та ч бас өөрийгөө хайрлаж хөгжүүлэхэд шинэхэн долоо хоногийнхоо ихэнх цагийг зарцуулна гэж найдаж байна. 

ЖҮЖИГЧИН CHADWICK BOSEMAN ХОРВООГИЙН МӨНХ БУСЫГ ҮЗҮҮЛЛЭЭ

Хорвоогийн аль нэг хэсэгт цоо шинэ амьдрал эхэлж байхад өөр нэг газарт хэн нэгэн эцсийн амьсгалаа авч байдаг нь энэ ертөнцийн хамгийн гашуун үнэн байх. Олон сая хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон хэд хэдэн дүрүүдийг дэлгэцнээ амилуулсан жүжигчин Chadwick Boseman хорт хавдрын улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. 

Тэрээр “42”(2013) кинонд Jackie Robinson, “Get on Up” (2014) кинонд James Brown, “Marshall” (2017) кинонд Thurgood Marshall-ийн дүрийг тус тус бүтээж байсан юм. Харин 2016 оноос эхлэн "Marvel" кино ертөнцийн супер баатруудын нэг "Black Panther" буюу T'Challa хааны дүрийг бүтээсэн тэрээр маш олон хүний зүрхэнд дэндүү үнэтэй байр суурь эзэлдэг билээ. 

Chadwick 2016 оноос хойш хорт хавдартайгаа тэмцэж байсан хэдий ч үүнийгээ чандлан нууцалж, уг тэмцлийнхээ дундуур “Captain America: Civil War” (2016), “Black Panther” (2017), “Avengers: Infinity War” (2018), “Avengers: Endgame” (2019) зэрэг кинонуудыг үзэгчдэд маш чадварлагаар хүргэсэн.   

Түүний албан ёсны сошиал хаягт орсон мэдэгдлийг хөрвүүлбээс: 

- “Chadwick Boseman тэнгэрт хальсан гэх мэдээллийг хэмжээлшгүй их гашуудалтайгаар баталж байна. 

Тэрээр анх 2016 онд бүдүүн гэдэсний хорт хавдрын  III шатанд явж байгаагаа мэдсэн бөгөөд сүүлийн дөрвөн жилийн турш үүнтэйгээ тэмцсээр ийн IV шатанд хүрсэн билээ.

Жинхэнэ дайчин Chadwick маань тууштай тэмцсээр та бүхний хайртай маш олон дүрүүдийг бүтээжээ. Тэрээр тоолж баршгүй олон хагалгаа, химийн эмчилгээнийхээ дундуур "Marshall" (2017), "Da 5 Bloods" (2020), "Ma Rainey’s Black Bottom" (2020) зэрэг хэд хэдэн бүтээлүүдэд дүр бүтээж чадсан юм. 

Мөн "Black Panther" (2018) кинонд T’Challa хааны дүрийг амилуулсан нь түүний карьерт нэр төрийн хэрэг байсан билээ. 

Тэр гэртээ эхнэр, гэр бүлийнхнийхээ дэргэд таалал төгссөн.

Түүний гэр бүл та бүхний энэ их хайр болон залбиралд талархахын зэрэгцээ энэ хүнд, хэцүү цаг үед тэдний хувийн орон зайг хүндлээсэй гэж хүсэж байна"

Twitter өөрсдийн албан ёсны хаягаараа түүний хамгийн сүүлчийн буюу нас барсан гэх мэдээллийг баталсан жиргээ нь тус сайтын түүхэн дэх "Хамгийн олон Like авсан жиргээ" болсныг мэдэгдсэн юм. 

Энэхүү мэдээ дэлхийн нийтийн хувьд гэнэтийн гэхэд дэндүү гэнэтийн байлаа. Гэвч түүний амьд ахуйдаа бүтээсэн үйл хэрэг, эрэмгий зориг хийгээд шаргуу хөдөлмөр нь хайртай хүмүүсийнх нь зүрхэнд үүрд үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Түүний шүтэн бишрэгчид болон мөр зэрэгцэж явсан алдартнууд үүний баталгаа болгож ар араасаа хүндэтгэл үзүүлсээр байгаа билээ. 

LEBRON JAMES ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Үхэл бол амьдралын эцэс бус харин үүний нэг хэсэг нь гэдэг. Жүжигчин Chadwick Boseman таалал төгссөн хэдий ч түүний үлдээсэн бүхэн мөнхөрч буй нь үүний нэгэн баталгаа биз ээ. Зөвхөн кинонд дүр бүтээдэг жүжигчин гэхээс илүүтэйгээр олон хүний итгэл найдварын оч болсон түүний араас дэлхий нийтээрээ гашуудаж буй бөгөөд сагсчин LeBron James ч мөн тэдний нэг болжээ.

Тэрээр өнгөрсөн бямба гарагт зохион байгуулагдсан Los Angeles Lakers болон Portland Trail Blazers багуудын хоорон дахь тоглолтын өмнө өвдөг дээрээ сөхрөн суугаад “Black Panther” киноны алдарт хөдөлгөөнийг хийн хүндэтгэл үзүүлсэн юм. Уг тоглолтод Los Angeles Lakers баг ялсан бөгөөд LeBron ялалтынхаа дараа түүнийг алдах ямар хэцүү байсан талаараа хуваалцжээ. Тэрээр хэлэхдээ: 

- “... Бидэнд хар арьстай баатар байсан учраас хэн ч бидэнд халдаж чадахгүй мэт мэдрэгддэг байсан. Тийм хүнээ алдсан гэхээр бидэнд үнэхээр гунигтай байна. Нэг жилийн дотор "Black Panther" болон Mamba нарыг алдана гэдэг... 2020 он бол хамгийн новшийн жил" хэмээжээ. 

Олон хүний амьдралд итгэл, найдвар бэлэглэсэн нэгэн байсан түүнийг шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлд мөнх оршино гэдэгт итгэлтэй байна. 

Тайван нойрс доо, Chadwick Boseman. 

Дараа долоо хоногт эргэн уулзталаа түр баяртай!

#Өнгөрсөн долоо хоног Инстаграмд