

Хэдэн жилийн өмнө Женни Мартин бодлоо цэгцлэх хэдхэн минутын алхалтыг хийж эхэлсэн байдаг. Энэхүү зуршил нь сайн дурын хүслээс болж үүссэн гэхээс илүүтэйгээр амьдралын шаардлагаас болж үүссэн байна. Женнид анхаарал халамж тавих ёстой хоёр бага насны хүүхэд, завгүй ажил болон тайвширч өгдөггүй оюун бодол байсантай холбоотой. Тэрээр яг л энэ завгүй, төөрөлдсөн үедээ 10 минутын алхалт нь оюун бодлыг цэгцэлж, бүтээлч байдлыг дэмждэг хэмээх яриаг сонссоор байжээ.
“Гайхмаар нь арван минут нь бодлыг цэгцлэхэд яг л таарсан хугацаа байсан” хэмээн Чикагогийн Gemstone Wellnes-ийн үүсгэн байгуулагч, сэтгэл зүйч Женни Мартин өөрийн туршлагаасаа хуваалцсан байдаг.
Дасгал хөдөлгөөний зорилгоор хийж буй алхалтаас ялгаатай нь оюун бодлын алхалт нь техник технологиос хөндийрөх, бодлоо цэгцлэх, бүтээлч байдлаа нэмэгдүүлэх мөн асуудлыг шийдвэрлэхийг гол зорилгоо болгодог байна.
Сэтгэл зүйн давуу тал
-094736-1922029488.jpeg)
Мартины хувьд үйлчлүүлэгчдээ арван минутын зайтайгаар авдаг байсан бөгөөд түүнд өмнөх үйлчлүүлэгчтэйгээ ярилцсаны дараа бодлоо цэгцэлж, сэтгэлээ бэлдэх яг арван минут л гардаг байв. Тиймээс тэр оффисынхоо барилгын хонгил, шатуудаар дамжин эргэлдэх маршрут зохиож, дараагийн уулзалтаас өмнө өөрийгөө богино хугацаанд “шинээр эхлүүлэх” боломжийг бүрдүүлэхийг хичээсэн байна. Тэрээр аравхан минутыг зорилготойгоор ашиглаж чадвал тэрхэн хугацаа чамд маш их гайхалтай өөрчлөлтүүдийг авчирч чадна хэмээн хэлсэн байна.
Сүүлийн үед Мартин оффис дотроо алхахаас илүү гадаа алхахыг илүүд үзэх болсон. Гэхдээ цаг агаар муу үед тэрээр гүйлтийн зам дээр удаанаар алхдаг гэнэ. Алхалтаа үр дүнтэй болгохын тулд тэр подкаст, аудио ном, дуу хөгжим гэх зэргүүдийг бүгдийг нь хорьдог. Ингэж байж л хүний тархи чимээгүй орчинд амрах боломжтой болон шинэ санаануудыг бодолд тань урлаж өгдөг байна.

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр 10 минутын алхалтын үр дүн мэдэгдэж эхлэх болов. Тэрээр энэ тухайгаа ярихдаа “Алхсаны дараа миний сэтгэл санаа тайвширч байгаа нь шууд мэдэгддэг. Үүнийг ч шинжлэх ухаан аль хэдийн баталчихсан. Жишээ нь сэтгэл гутралтай хүний хувьд өдөрт хэдхэн минут ч болов дасгал хийх нь эрүүл мэндэд нь эергээр нөлөөлж байдаг” гэжээ.

Эрдэмтдийн үзэж буйгаар энэхүү нөлөө нь бие физиологийн хэд хэдэн өөрчлөлтүүдийн нэгдлээс үүдэлтэй гэж тайлбарласан байдаг. Хөдөлгөөн нь тархины цусны урсгалыг нэмэгдүүлж, эерэг мэдрэмжтэй холбоотой нейротрансмиттерүүд болох эндорфин, допамин зэрэг бодисын ялгарлыг идэвхжүүлдэг. Үүний үр дүнд ердөө 10 минутын алхалт ч сэтгэл санааг мэдэгдэхүйц дээшлүүлэх, тайван мэдрэмжийг төрүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.
Бие физиологийн давуу тал

10 минут ямар л олигтой өөрчлөлт авчирдаг юм гэж бодож байна уу? Тэгвэл таны эргэлзээг үгүй гэж батлах ойролцоогоор 227,000 хүнийг хамарсан 17 судалгааны мета-анализаас харахад өдөрт нэмэлт 1,000 алхам хийх нь хүний нас барах эрсдэлийг 15%-иар бууруулж байсан бөгөөд 500 алхам нэмэгдэх нь зүрх судасны өвчнөөр нас барах магадлалыг 7%-иар бууруулж байжээ.
Тогтмол алхах дадал нь биеийн жинг бууруулах, биеийн харьцааг сайжруулахад ч тусалдаг. Монтана мужийн Боземанд ажилладаг физик эмчилгээний мэргэжилтэн Милица Макдауэлл хэлэхдээ, эмэгтэйчүүдийн хувьд, ялангуяа дунд болон түүнээс дээш насныхны хувьд алхахыг дадал болгож хэвшүүлэх нь урт хугацааны хөдөлгөөний чадамжийг хадгалахад нэн тустай байдгийг онцолжээ.
Ялангуяа биднээс ямар ч мөнгө, фитнесийн эрх, шинэ технологи, дасгалын төхөөрөмж шаардахгүйгээр ийм олон талын ашгийг өгнө гэхээр бүр л гайхширмаар байгаа биз. Макдауэлл үргэлжлүүлэн хэлэхдээ “Алхах нь 21-р зууны хамгийн гайхалтай эмүүдийн нэг. Үүнийг яг л витамин мэт бодох хэрэгтэй” гэсэн байна.
Тэгэхээр та яг юу бодох ёстой вэ?

Анхандаа оюун ухаантайгаа чимээгүй орчинд цагийг өнгөрөөх нь хачирхалтай санагдаж магадгүй. Ихэнх хүмүүс аливаа зүйлийг подкаст эсвэл дуу сонсож, бичлэг үзэх байдлаар хийдэг. Зүгээр л ямар ч утас, сатааруулах зүйлгүй зөвхөн өөрийнхөө бодлыг сонсоно гэдэг бодол ч аймар санагдах боломжтой ч энэ нь тун энгийн хариу үйлдэл юм. Тиймээс ямар нэг зүйл хүчээр бодохын оронд зүгээр л тархиа сул тавь.
Эх сурвалж: Time
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!