Татгалзал гэдэг төгсгөл биш: Яагаад бид татгалзлаас айдаг вэ?


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Хүн бүр амьдралынхаа явцад найз нөхдийн харилцаа, хайр дурлал, ажил, сургууль, эсвэл энгийн нэг санал тавих үед ч татгалзалттай тулгарах нь бий. Гэсэн хэдий ч олон хүмүүс татгалзлыг зөвхөн үгүй гэсэн энгийн хариу гэж харахгүй, харин өөрийгөө бүхэлд нь үгүйсгүүлж байгаа мэтээр хүлээн авах тохиолдол их байдаг. Тэгвэл яг яагаад татгалзал хүчтэй сэтгэл хөдлөл төрдөг вэ? гэх асуултыг дагуулна. Үүний хариулт нь хүний тархи, сэтгэлзүй болон хувьслын түүхтэй салшгүй холбоотой юм.

Хүн нийгмийн амьтан учраас

Бидний татгалзлаас айх айдас нь зүгээр нэг хувь хүний эмзэг байдал биш, харин хүн төрөлхтний хувьслын түүхтэй салшгүй холбоотой юм. Эрт дээр үед омгоосоо хөөгдөж, ганцаар үлдэх нь байгалийн хатуу ширүүн нөхцөлд амьд үлдэх боломжгүй болох буюу шууд үхэл гэсэн үг байв. Тиймээс бусдад хүлээн зөвшөөрөгдөх нь амьд үлдэх анхдагч зөн байсан бөгөөд энэхүү тархины бүтэц орчин үеийн нийгэмд ч биднийг татгалзах үйлдэлд хэт мэдрэг хандахад хүргэж байна. Энэхүү нийгмийн амьд үлдэх зөн совин нь өнөөдөр ч тархины бүтцэд хадгалагдан үлдэж, татгалзлыг бидний тархи бодит аюул мэт хүчтэй хүлээн авахад нөлөөлөх нэг шалтгаан юм.

Өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй холбоотой.

Татгалзлыг хүмүүс амьдрал дээр ихэвчлэн "Би хангалтгүй байна." гэсэн туйлын дүгнэлттэй андуурч, өөрийгөө гоочлох хандлагатай байдаг. Жишээлбэл, хэн нэгэн таны гаргасан бизнесийн саналыг эсвэл болзох урилгыг зөвшөөрөхгүй бол та шууд өөрийгөө чадваргүй нэгэн мэтээр мэдэрч эхлэх хандлаг их.

Гэтэл үнэндээ татгалзалт нь таны хувийн үнэ цэнийг үгүйсгэж буй хэрэг огт биш бөгөөд ихэнхдээ тухайн үеийн нөхцөл байдал, нөгөө хүний хувийн хэрэгцээ, эсвэл зүгээр л цаг хугацааны тохироо бүрдээгүйтэй холбоотой байдаг. Хүмүүс бусдын шийдвэрийг дандаа өөрийн зан чанартай холбон тусгаж авдаг туйлшралд өртдөг болохыг олон судалгаагаар тогтоосон бөгөөд үүнийг ухаарч сурах нь өөрийгөө үнэлэх үнэлэмжийг хамгаалах суурь болдог.

Тодорхойгүй байдлаас үүдэлтэй айдас

Тодорхойгүй байдал хүмүүсийг илүү ихгээр түгшээдэг. Ялангуяа хайр дурлалын харилцаа эсвэл амьдралыг шийдвэрлэх ажил мэргэжлийн томоохон боломжууд дээр татгалзсан хариу авах үед ирээдүйн бүх төлөвлөгөө нурж, цаашид хэрхэх нь тодорхой бус болсноор хүн сэтгэл зүйн асар том дарамт, мухардалд ордог. Хүний хувьслын түүхэнд тархи тодорхой бус байдлыг шууд аюул эсвэл амь насанд заналхийлж буй дохио гэж хүлээж авах хандлагатай болон хөгжсөн байдаг тул бид ирээдүй бүрхэг болох үед айж сандардаг.

Калифорнийн их сургуулийн 2021 онд мэдрэлийн шинжлэх ухааны эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүн ирээдүйн тодорхойгүй байдалтай нүүр тулах үед тархины айдас, түгшүүрийг удирддаг хэсэг нь бодит физик аюул тулгарсантай яг ижил хэмжээнд хүчтэй идэвхждэг болохыг баталжээ.

Нийгмийн харьцуулалт ба сошиал медиа

Орчин үеийн нийгэмд энэхүү айдсыг улам дэвэргэж буй өөр нэгэн хүчин зүйл бол хүмүүс өөрсдийгөө бусадтай байнга харьцуулдаг болсон нийгмийн харьцуулалт хийх хандлага юм. Сошиал медиа нь хүмүүсийн амьдралын зөвхөн хамгийн шилдэг, амжилттай, аз жаргалтай агшин бүрийг шүүлтүүртэйгээр харуулдаг платформ учраас энэхүү дутуугийн мэдрэмжийг улам бүр хүчтэй болгож байна.

Бусдын цахим хуудаснаас харагдах хийсвэр төгс амьдралтай өөрийнхөө бодит амьдралыг харьцуулах тусам ямар нэгэн татгалзалтай тулгарах үед тэрхүү үйл явдал нь "Би бусдаас дор байна, би л ганцаараа бүтэлгүйтэж байна." гэсэн ганцаардмал, хохирогчийн сэтгэлгээг улам гүнзгийрүүлж, хүнийг нийгмээс тусгаарлагдахад хүргэдэг байна.

Татгалзлыг хүндээр хүлээж авахгүй байх зөвлөмж

Хэдийгээр татгалзлаас айх айдсыг бидний тархинаас бүрэн арчиж хаях боломжгүй ч сэтгэл зүйн зөв техникүүдийг ашиглан түүнийг ухаалгаар удирдаж, өөртөө ашигтайгаар эргүүлж сурах бүрэн боломжтой. Үүний тулд хамгийн түрүүнд татгалзлыг хувь хүний үнэ цэнтэй хэзээ ч холбохгүй байх ухамсарыг суулгах хэрэгтэй. Мөн нөгөө талын үгүй гэдэг хариултыг ямар нэг зүйлийн төгсгөл биш илүү зөв хаалгыг олох чиглэлийн өөрчлөлт, шинэ боломж байж болохыг ойлгох нь чухал юм.

Татгалзал бүрийг өөрийгөө гоочлох шалтгаан болгохын оронд юун дээр алдсанаа шинжлэн судлах үнэтэй туршлага болгож харж сурах хэрэгтэй бөгөөд өөртөө итгэх итгэлээ том зорилгоор биш, өдөр тутмын жижиг амжилтуудаар алхам алхмаар бэхжүүлэх нь хамгийн зөв дадал болно.

Амьдралдаа нэг ч удаа татгалзсан хариу аваагүй амжилттай хүн гэж үгүй бөгөөд энэ үг таныг устгах хүчгүй гэдгийг ухамсарлах нь хамгийн чухал зүйл юм. Татгалзалтай тулгарах бүрдээ өөртөө анхаарал халамж тавьж, өөрийгөө хайрлах сэтгэлээр хандах хэрэгтэй. Мөн үүнийг амьдралын зүгээс өгч буй үнэ төлбөргүй сургамж гэж хүлээж аваарай. Сэтгэл зүйн дархлаагаа тогтоохын тулд жижиг зүйлс дээр зориуд татгалзсан хариу сонсох дасгал хийж, тархиа энэ мэдрэмжид дасгаснаар айдас аажмаар замхран алга болж, та амьдралынхаа дараагийн том алхмуудыг зоригтойгоор хийх чадвартай болох болно.

Эх сурвалж: The New York Times

#Татгалзал