Angela Nikolau: “Гэрлэх саналын бөгжийг хүртэл цагдаа нар хурааж авсан”


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨЧИГДӨР

Дэлхийн хамгийн алдартай rooftopper буюу өндөр барилгын орой дээр авирч контент бүтээдгээрээ танигдсан Angela Nikolau болон түүний сүйт залуу Ivan Beerkus нар Нью-Йорк хотын бэлгэ тэмдэг болсон Empire State Building-ийн оройд гэрлэх санал тавьсан романтик мөчөөрөө саяхан цахим орчныг шуугиулсан.

Гэвч тэдний хайр дурлалын мөч удалгүй хууль сахиулагчдын оролцоотойгоор өндөрлөсөн юм. Хосуудыг барилгын оройд зөвшөөрөлгүй гарсан гэх үндэслэлээр баривчилжээ.

Баривчилгаанаас гарсны дараах анхны мэдэгдэл

Angela Nikolau суллагдсаныхаа дараа Instagram Story-доо:

"Биднийг дэмжиж, хүлээж байсан бүх хүнд маш их баярлалаа. Эцэст нь гэртээ ирлээ. Шүүхийн тов наймдугаар сарын 24-нд болсон. Цагдаа нар Empire State Building дээр бидэнд байсан бүх эд зүйлсийг, бүр гар утас болон сүй тавьсан бөгжийг хүртэл хурааж авсан. Тиймээс одоогоор бид цахим ертөнцөөс бүрэн хол байж, хамтдаа тайван цагийг өнгөрүүлж байна."

Тэрээр дараагийн Story дээрээ хайртай гэр бүлийнхэнтэйгээ видео дуудлага хийж буй агшнаа нийтэлж, "Эхлээд эгч, эмээ хоёр луугаа залгалаа" хэмээн бичсэн нь олон дагагчийнх нь сэтгэлийг хөдөлгөжээ.

Гэрлэх санал олон сарын төлөвлөгөө байжээ

Ivan Beerkus энэхүү гэрлэх саналыг олон сарын турш төлөвлөсөн бөгөөд хамгийн онцгой мөчийг бүтээхийн тулд Empire State Building-ийн оройд хүрэхээр шийдсэн аж.

Тэдний нийтэлсэн бичлэгээс харахад Нью-Йорк хот бүхэлдээ доор нь харагдах мөчид Ivan өвдөг сөгдөн гэрлэх санал тавьж, Angela зөвшөөрснөөр уг бичлэг сая сая хандалт авч, дэлхий даяар түгсэн юм.

Хосууд Empire State Building-ийн оройд хүрснийхээ дараа зөвхөн гэрлэх санал тавиад зогсохгүй, "WHEN THE POWER OF LOVE BEATS THE LOVE OF POWER, THE WORLD KNOWS PEACE." гэсэн бичигтэй хар өнгийн туг дэлгэсэн нь олны анхаарлыг татсан юм.

Энэ өгүүлбэрийг монголоор "Хайрын хүч эрх мэдлийн шуналаас илүү хүчтэй болох үед дэлхий энх тайвныг мэдэрнэ" гэж утгачлан орчуулж болно.

Уг эшлэлийг олон нийт ихэвчлэн домогт хөгжимчин Jimi Hendrix-ийн хэлсэн үг хэмээн иш татдаг ч судлаачид түүнтэй төстэй хэллэгийг XIX зууны Их Британийн төрийн зүтгэлтэн William Ewart Gladstone өмнө нь хэрэглэж байсан болохыг тэмдэглэдэг. Тиймээс жинхэнэ эх сурвалж нь өнөө хэр тодорхойгүй хэвээр байна.

Тэд эрсдэлтэй амьдралын хэв маягаараа алдартай

Angela Nikolau болон Ivan Beerkus нар дэлхийн хамгийн алдартай rooftopper хосуудын нэг. Тэд Парис, Дубай, Хонконг, Шанхай зэрэг олон хотын тэнгэр баганадсан барилгуудын оройд хамгаалалтын хэрэгсэлгүйгээр гарч зураг, бичлэг хийдгээрээ алдартай.

Angela-гийн Instagram хуудсыг хэдэн сая хүн дагадаг бөгөөд түүний нийтлэлүүдэд "айдасгүй", "галзуу зоригтой", "амьдралаа дэнчин тавьж байна" гэх мэт сэтгэгдэл тогтмол бичигддэг.

Хэдийгээр тэдний бүтээлүүдийг олон хүн урлаг, адал явдал гэж үнэлдэг ч хууль сахиулах байгууллагууд зөвшөөрөлгүйгээр барилга дээр авирах нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд өөрийн болон бусдын аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулдаг гэж үздэг.

Одоогоор Angela Nikolau-ын мэдээлснээр шүүх хурлын тов 2026 оны наймдугаар сарын 24-нд товлогдоод байгаа бөгөөд баривчилгааны үеэр хураагдсан эд зүйлс, тэр дундаа гэрлэх саналын бөгжийг хэзээ буцаан авах нь тодорхой болоогүй байна.

Тэдний бусад адал явдал, контентыг Instagram хуудсаас нь үзээрэй.

@angela_nikolau

@beerkus

#Angela Nikolau