Яагаад унтах болохоор л бидний өмнө нь хийж байсан ичгүүртэй зүйлс бодолд орж ирдэг юм бол?


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Маш олон хүмүүс унтахаасаа өмнө урьд нь хийж байсан ичгүүртэй үйлдлүүдээ боддог бөгөөд шинжлэх ухаанаар үүнийг “унтахын өмнөх түгшүүр”, “таагүй дурсамжууд” хэмээн нэрлэдэг. Өнгөц харвал тархи маань бидний амар амгаланг бусниулах хорон ажиллагаа явуулж буй мэт санагдавч, яг үнэндээ энэ нь биднийг хамгаалах зорилготой буюу сэтгэл хөдлөл болон санах ойг нэгтгэх үйл явцтай гүн холбоотой.

Юутай ч нүүр улайсгасан дурсамжууд яагаад шөнө бодогддог талаар хэд хэдэн тайлбар байдаг. Тэдгээрээс аль нь танд хамгийн нийцтэй сонсогдож байгаа талаараа бидэнтэй хуваалцаарай.

1. Чимээгүй оюун ухаан болон чанга бодол

 

Өдрийн цагаар таны тархи маш их зүйлийг зохицуулах шаардлагатай болдог. Жишээ нь, таны хийх ёстой үүрэг даалгаврууд, харилцан яриа болон гэнэтийн стресс гэх мэт. Харин шөнийн цагаар тухтай орондоо, зөөлөн хөнжлөө нөмрөөд хэвтэх тэр л мөчид орчлон ертөнц хийгээд таны оюун бодол чимээ аниргүйд автдаг байна. Энэ л чимээгүй орчинд таны төмөр цоожоор цоожилж орхисон дурсамжууд ил гарч ирдэг. Тархинд чинь эцэст нь нэг юм энэ тухай бодох хугацаа гарч ирдэг гэсэн үг.

2. Сэтгэл хөдлөл болон ой санамжтай холбогдох нь

Унтахаас өмнөх цаг хугацаанд таны тархи тухайн өдөрт болсон зүйлсийг цэгцлэхийн хамт аль урт хугацааны өмнө тохиолдсон дурсамжуудыг ангилж эхэлдэг. Үүний цаад зорилго нь хүчтэй сэтгэл хөдлөлийг багасгах байдаг тул тааламжгүй дурсамжуудыг бодолд оруулдаг байна. Ингэснээр тархи чинь таны бодохыг ч хүсдэггүй тэдгээр үйл явдлуудыг боловсруулан дахиж таныг зовоохооргүй болгохыг хичээдэг юм байна.

Учир нь тухайн ичмээр үйл явдлыг илүү тайван, эрүүл ухаантай байгаа үедээ эргэцүүлбэл тухайн явдлыг харах өнцөг тана өөрчлөгдөж эхэлнэ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа дахиж тэдгээр нүүр улаймаар дурсамжууд тийм ч аймар санагдахаа больдог байх нь ээ.

3. Дасан зохицож, суралцах механизм

Тархи чинь таны толгойд мартахыг хүсдэг тэр л дурсамжуудыг дахин дахин тоглуулдаг нь таныг шийтгэх гэсэн дээ биш харин танд сургах гэсэндээ. Өөрөөр хэлбэл “энэ үед үнэхээр сэтгэл өвдөм байсан болохоор дахиж ийм зүйл хийхгүй байя” гэсэн сургамжийг ойлгуулахыг хичээдэг байна.

4. Таны өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй холбоотой

Заримдаа эдгээр дурсамжин доторх таны хийсэн үйлдэл таны өөрийгөө үнэлж дүгнэдэг тэр л үнэлэмжтэй таарахгүй байх тохиолдол гардаг. Үүнийг танин мэдэхүйн зөрчил гэж нэрлэнэ. Жишээ нь та өөрийгөө сайхан сэтгэлтэй, зөөлөн хүн гэж боддог байж болох ч тэрхүү шинж чанараасаа өөрөөр аашилсан тохиолдлууд оюун санаанд тань зөрчил үүсгэдэг.

Энэхүү зөрчлийг тархи засах гэж оролдох бөгөөд дурсамжийг дахиж гарган ирж тухайн үед яг юу болсон тухай илүү сайн ойлгох, учрыг нь тайлах боломжийг олгодог байна. Ингэснээр хүн болсон явдлыг өөрөөр харж эхлэх эсвэл өөрийнхөө алдаа дутагдалтай талаа хүлээн зөвшөөрөх хандлагатай болдог ажээ.

5. Цэг тавих цаг болжээ

Зарим дурсамжууд толгойд дахин дахин эргэлддэг шалтгаан нь тархи тухайн үйл явдлыг бүрэн гүйцэт дуусаагүй гэж үздэгтэй холбоотой. Хэрвээ таны таагүй дурсамжид та хэн нэгнийг гомдоосон ба үүний дараа тухайн хүнээсээ уучлалт гуйгаагүй, эсвэл өөрийгөө уучлаагүй бол энэхүү үзэгдэл тохиолдох магадлал өндөр.

6. Гэнэтийн зүйлсийн төөрөгдөл

Тухайн бодлууд нь хаанаас ч юм гэнэт л гараад ирсэн мэт санагдаж болох ч уг дурсамжийг сэдрээх үнэр, үг, эсвэл төстэй мэдрэмжийг мэдэрсэн зэргүүдээс улбаатайгаар бодогдсон байж болно. Яг л хүүхдийн дуу сонсохоор бид хүүхэд насандаа буцаж очсон мэт мэдрэгддэг шиг эсвэл жүржийн үнэр шинэ жилийн баярыг санагдуулдагтай ижил юм.

Эх сурвалж: Vibha Healing Centre

#sleep