Үнэн худал илрүүлэгч төхөөрөмж LISA-гийн нууцыг дэлгэв: "Labubu-д дургүй бол шууд Red Flag!"


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨЧИГДӨР

BLACKPINK хамтлагийн гишүүн LISA Америкийн алдарт Vanity Fair сэтгүүлийн “Lie Detector Test” буюу үнэн худлыг тодорхойлогч машинд холбогдон асуултад хариулдаг цувралд оролцож, фенүүдийнхээ өмнө урьд өмнө ярьж байгаагүй олон зүйлээ дэлгэлээ. Түүний хөгжилтэй, чин сэтгэлийн хариултууд цахим орчинд хэдийнээ шуугиан тарьж эхлээд байна.

Тэр амьдралаа үзмэрчид даатгадаг уу?

Лиса анх "Пранприя" нэртэй байсан бөгөөд үзмэрчийн зөвлөснөөр нэрээ сольж байсан түүхтэй. Одоо ч тэрээр үзмэрч дээр очих дуртай бөгөөд хамгийн сүүлд л гэхэд ердөө сарын өмнө очиж, өөрийнх нь 2026 оны амьдрал хэрхэн өрнөх талаар асуужээ. Харин хамтлагийнхаа бусад гишүүдийг ийм зүйлд итгэдэггүй байх хэмээн тодотгосон юм.

Түүнээс хөтлөгч "BLACKPINK хамтлаг амжилтаа үзмэрчийн ач тус гэж боддог уу?" хэмээн асуухад Лиса маш итгэлтэйгээр "Үгүй ээ, энэ бол үзмэрчийнх биш, бид дөрвийн хичээл зүтгэл" гэж хариулсан бөгөөд төхөөрөмж үүнийг "ҮНЭН" хэмээн баталжээ.

Ганцхан хэлээр ярьдаг хүмүүс "залхуу" юу?

Солонгос, англи, тай хэлээр чөлөөтэй ярьдаг Лисаг хөтлөгч бага зэрэг барьц алдуулах асуултаар шалгав. "Чи зөвхөн нэг хэлээр ярьдаг хүмүүсийг залхуу гэж боддог уу?" гэхэд Лиса шууд л "Үгүй" гэж хариулсан ч үнэн худлыг тогтоогч машин түүнийг "ХУДАЛ хэллээ" хэмээн зааж, Лисаг сандаргаж орхив. Тэрээр дуу алдан, "Үгүй ээ, тэд үнэхээр залхуу биш" хэмээн өөрийгөө өмгөөлсөн юм. Дашрамд дурдахад, тэрээр цаашид хятад хэл сурах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Домогт чёлкны нууц ба Labubu-гийн "галзуурал"

Лисагийн тайзан дээр яаж ч бүжиглэсэн үл хөдлөх урд үсийг шүтэн бишрэгчид нь "Лисагийн чёлк миний амьдралаас илүү тогтвортой байна" хэмээн хошигнодог. Урд үсэн дороо ямар нэг зүйл нуугаагүй, төрөлхийн төгс хэмээн даруухнаар хариулсан түүний чёлкийг амьдралынх нь хамгийн тогтвортой зүйл мөн эсэхийг полиграф машин тодорхойлж чадаагүй нь хөгжилтэй байлаа.

Мөн дэлхий дахиныг байлдан дагуулж буй "Labubu" хүүхэлдэйн трендийг Лиса өөрөө эхлүүлсэн гэж хэлэхээс татгалзсан ч улаан фен нь гэдгээ баталсан юм. Нууц хувилбарыг нь авахын тулд PopMart-аас гуйж, бэлгэнд авч байснаа ч нуулгүй хүлээн зөвшөөрөв. Харин хайр дурлалын тал дээр тэрээр маш тодорхой хариулт өгсөн юм.

Хэрэв үерхэж буй залуу чинь чиний Labubu-г хөөрхөн гэж бодохгүй байвал энэ "Red Flag" (харилцаагаа зогсоох дохио) мөн үү? Лиса: Гарцаагүй мөн. Шууд Red flag! (Төхөөрөмж: Үнэн)

Робот шиг бүжиглэдэг Лиса ба түүний шархалсан зүрх

BLACKPINK-ийн бүжиг дэглээч Шон Бэнкхэд нэгэнтээ Лисаг "хөдөлгөөнийг маш хурдан сурдаг, яг л робот шиг" гэж үнэлж байжээ. Үүнийг лавлахад Лиса тоглоом болгон "Тийм ээ, би робот" гэж хэлсэн ч машин түүнийг худал хэлснийг шууд илрүүлж, тэрээр өөрийгөө маш муу худалч гэдгээ хүлээн зөвшөөрөн инээлджээ.

Түүнчлэн, тэрээр "The White Lotus" цувралын 3-р улиралд тоглож, жүжигчний гараагаа амжилттай эхлүүлсэн билээ. Цувралд хамтран тоглосон жүжигчинтэйгээ бодит амьдрал дээр ч шилдэг найзууд болсон гэнэ. Ярилцлагын үеэр Лисагаас “Өмнө нь хүмүүсийн зүрхийг шархлуулж байсан уу?” хэмээн асуухад тэрээр хэсэг бодолхийлсний эцэст, өөрөө бусдын сэтгэлийг шархлуулахын оронд олон удаа сэтгэл нь шархалж байсан гэдгээ илэн далангүй хүлээн зөвшөөрөв. Тэрбээр бага зэрэг инээмсэглэн, гунигтай өнгөөр “Би ихэнхдээ зүрх нь шархалсан талд нь байсан” хэмээн хариулсан бөгөөд худал илрүүлэгчийн шинжээч түүний хариултыг үнэн болохыг баталжээ.

Ярилцлагын төгсгөлд хөтлөгч Жэймс Бондын киноны дараагийн дүрийн сонголтын талаар асууж, Каллум Төрнер, Жэйкоб Элорди хоёрын хэнийг нь илүүд үзэхийг шалгаахад Лиса хэцүү сонголтын ард гарч, өмнөх орой нь киног нь үзсэн болохоор Жэйкоб Каллум Төрнерийг (Callum Turner) сонгосон юм.

Нэвтрүүлгийн турш Лиса маш нээлттэй, өхөөрдөм байж чадсан бөгөөд хамгийн сүүлчийн асуулт болох "Энэ шалгалтын явцад бидэнд баригдалгүй худал хэлсэн тохиолдол байгаа юу?" гэхэд "Үгүй" гэж хариулснаар шалгалтыг амжилттай дуусгалаа.

https://youtu.be/PLzJsIAR8Ns?si=KXALv12FtDT-vxuy

#Kpop