Попкорны нууц түүх


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Кино театрт үзэхийг хүссэн киногоо том дэлгэцээр үзэнгээ попкорн идэх шиг сайхан зүйл хаана байх вэ? Попкорны тэр л зөөлөн үнэр бүх жаргалтай дурсамжийг сэдрээдэг шүү дээ. Тэгвэл та уг амттаныг хэдэн мянган жилийн түүхтэй гэдгийг мэдэх үү?

Попкорн хаана үүссэн бэ?

Хүн төрөлхтөн анх эрдэнэ шишийг 10,000 жилийн өмнө Мексикт теосинте гэх орчин үеийн эрдэнэ шиш гаргаж авдаг ургамлын нэгэн төрөл ургамлаас тариалдаг байжээ. Мөн шишийг попкорн болгож хувиргах санаа ч үүнээс тийм ч холгүй гарсан байна. Перугаас олдсон эрдэнэ шишийн чулуужиж үлдсэн түрүүний гол нь попкорныг одоогоос 7,000 жилийн өмнө буюу МЭӨ 4700-аад он хавьцаа хийж эхэлсэн болохыг харуулдаг.

Ерөнхийдөө бүх төрлийн эрдэнэ шишийг халаавал хагарч задардаг. Гэхдээ бидний кино үзэхдээ иддэг эсвэл дэлгүүрээс худалдан авдаг попкорныг илүү хөөлгөх зорилгоор доторх цардуулын хэмжээг нь ихэсгэж, тусгайлан гаргаж авсан сортоор хийдэг байна. Үүнээс хамгийн түгээмэл хэрэглэгддэг сорт нь Zea mays everta юм. Сонирхуулахад дэлхийн попкорны дийлэнх хувийг АНУ-ын Corn Belt хэмээх газарт тариалдаг ажээ.

Эрдэнэ шиш хэрхэн попкорн болдог вэ?

Эрдэнэ шишийн үр гаднаа хатуу хальстай, дотроо тос, ус болон цардуулаас бүрддэг. Үрийг халах үед доторх бүтэц нь зөөлөрч, цэлцгэнүүр шиг болох бөгөөд энэ үед ус нь ууршиж хөөж эхэлнэ. Тэгээд эцэст нь хатуу хальс нь даралтыг тэсвэрлэхээ байж гэнэт задрахад, доторх эд нь хөөсөрч гадагшаа шидэгдэн маш хурдан хатуурдаг байна. Поп гээд л.

Хөөсөн том, зөөлөн попкорн хийхийн тулд яг тохирсон хэмд, тодорхой хугацаанд халаах нь туйлын чухал. Хэрэв хэтэрхий удаан бас бага хэмд халаавал доторх нь уур нь алгуурхан алдагдахаас биш үр хэзээ ч хагарахгүй. Харин хэт хурдан бөгөөд өндөр хэмд халаавал доторх бүтэц нь бүрэн зөөлөрч амжаагүй байхад хагарах тул попкорн хатуу, зажлууртай болчихдог.

Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр попкорн хийх хамгийн тохиромжтой температур нь цельсийн 180 градус бөгөөд энэ хэм нь үрийг бяцхан цагаан үүл шиг хөвсгөр, амттай болгоход яг таардаг байна.

Орчин үе дэх попкорны хэрэглээ

Попкорн нь 19-р зууны эхэн үед АНУ-д “сувд” хэмээн зарагдаж эхэлснээрээ олны анхаарлыг татаж чадсан. Харин 1848 онд Американизмын толь бичигт анх удаа попкорн хэмээн нэрлэгджээ.

Гэхдээ амттаны жинхэнэ амжилтыг Чарлес Кретор гэх эртэй холбож үзэх хэрэгтэй. Охайо мужийн чихэр үйлдвэрлэгч байсан тэрээр өөрийн зохион бүтээсэн самар хуурагч уурын машиныг попкорн хийхэд зориулан өөрчилж, 1893 онд патентыг нь авчээ. Сүүлд нь Кретор энэхүү төхөөрөмжөө морин тэргэндээ байршуулан явж попкорноо борлуулдаг болсон байна.

Түүний энэхүү хөдөлгөөнт попкорны дэлгүүр асар их амжилтыг олж, удалгүй спортын тэмцээн, театр, кино театр зэрэг хүн олноор цугладаг бүхий л газарт попкорн зарагдах болов. Хүмүүсийн попкорнд дуртай байсны шалтгаан нь амтнаас гадна хийж буй үйл явцыг нь харахад урамтай байсны дээр 1929-1933 он хүртэл үргэлжилсэн эдийн засгийн Их хямралын үед нэг уут нь ердөө 5-10 центийн үнэтэй байсан байна.Ийнхүү попкорн ард түмний дуртай зууш болон хувирчээ.

Бид яагаад кино үзэхдээ попкорн иддэг вэ?

Кино театрууд анх үүсгэн байгуулагдаж байхад театрын эздэд попкорныг өөрсдийн байгууламж руугаа ойртуулах ч хүсэл байгаагүй. Учир нь тэд киног зөвхөн дээд зиндааныханд зориулсан чамирхал гэж сурталчилдаг байлаа. Тухайн үеийн кино театрууд маш тансаг, чамин хийцтэй, гоёмсог хивстэй байсан тул элдэв үнэртэй попкорн унагааж, гишгэж бохирдуулахаас сэргийлдэг байв. Түүнчлэн анхны кинонуудад дуу байдаггүй байсан тул дэлгэц дээр гарч буй бичвэрүүдийг унших шаардлагатай байсан нь зөвхөн боловсролтой хүмүүст л зориулсан мэт байжээ.

Гэхдээ 1920-иод онд кинонууд дуутай гарч эхэлсэн нь бүх зүйл өөрчлөгдөх шалтгаан болов. Гэв гэнэт л хүмүүс кино үзэхийн тулд унших шаардлагагүй болж хэн ч кино театр ороод кино үзэх боломжтой болсон юм. Яг л попкорнтой адил кино ч мөн хүн бүрийн амралт, чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлдэг хямд зугаа болж хувирсан байдаг. Тэгээд? Тэгээд яасан гэж үү? Тэгээд тэд кино үзэнгээ дуртай амттанаа идэхийг хүссэн.

Эхэндээ кино театрын эзэд гадаа нь байрлах попкорны худалдаачдыг тоодоггүй байв. Дараа нь өөрсдийнх нь эзэмшлийн газарт попкорн зарах эрхийн лицензтэй худалдаачдыг л попкорн заруулдаг болов. Эцэст нь тэд өөрсдөө театртаа попкорн зарахаар шийдсэн байна.

Эх сурвалж: BBC

 

#сонирхолтой