Mission 1.5: Дэлхийгээ сэрүүцүүлэхэд таны оролцоо


YOLO.mn | YOLO.MN
2022-12-26

Үлгэр домог, утга зохиол, кино урлагт гардаг мангасаас эхлээд, хөнөөлт тахал, аюул сүйрлээс эх дэлхийгээ аварч, хүн төрөлхтөнд амар тайван байдал, хөгжил цэцэглэлтийг авчирдаг баатрын дүр хүн бүхний зүрх сэтгэлд бий. Тэр л баатруудын адил эх дэлхийгээ аврах, сайн сайхан өөрчлөлт, өөрийн гэсэн онцгой хувь нэмрийг оршин буй гарагтаа авчрах нууцхан мөрөөдөл хүн бүхэнд байдаг нь лавтай. 

Тэгвэл 21-р зуунд хүн төрөлхтний өмнө тулгарч буй аюул бол өөр гараг, хаа нэгтэйгээс ирсэн хийсвэр юм биш бидний өөрсдийн зохисгүй үйл ажиллагааны үр дүнд бий болсон уур амьсгалын өөрчлөлт, түүний учруулж буй сөрөг үр дагаварууд юм. Өөрөөр хэлбэл бид орших, эс оршихын сонголт хийх салаа замын уулзвар дээр ирээд байна. Уур амьсгалын өөрчлөлтийг зогсооход та хувь нэмэр оруулж, хүсэж буй өөрчлөлтийнхөө төлөө дуу хоолойгоо шийпдвэр гаргагчидад хүргэх, тэднээс хариуцлага нэхэх үүрэг хүн бүрийн өмнө иржээ. Энэ үйл хэрэгт онлайн тоглоомоор дамжуулан хувь нэмрээ оруулах боломжтойг та сонссон уу?

Mission 1.5 тоглоомоор дамжуулан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулах боломжтой

Дэлхийн хэмжээнд видео тоглоомын зах зээл нь хөгжим болон кино урлагийг нэгтгэснээс хамаагүй том зах зээлд тооцогддог. Өдгөө дэлхий дахинд 2.7 тэрбум хүн онлайн тоглоом тоглодог. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, түүний сөрөг нөлөөллийг бууруулахад дэлхий нийт, тэр дундаа залуу үеийг уриалахаар Mission 1.5 тоглоомыг хөгжүүлжээ. Mission 1.5 тоглоомын зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийн тухай олон нийт, залуусын дуу хоолой, саналыг улс орнуудын засгийн газар, шийдвэр гаргагчдад хүргэх зорилготой. Нэг талд олон нийт, залуус улс орныхоо засгийн газрыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд бодитой алхам хийхийг шаардан, дуу хоолойгоо нэгтгэн тэмцэж байгаа бол нөгөө талд бодлого боловсруулагчид дэлхийн дундаж агаарын хэмийг 1.5°C-д хязгаарлахад иргэд хэр мэдээлэлтэй, ямар байр суурьтай байгааг мэдэж ойлгох нь чухал байна. Тэгвэл Mission 1.5 тоглоом нь иргэд болон засгийн газрыг холбох гүүр болж, уур амьсгалын өөрчлөлтийг иргэдийн оролцоотойгоор шийдэх нөхцөлийг бүрдүүлж буй хэрэг юм. 

Тодруулбал, та Mission 1.5 тоглоомд бодлого тодорхойлогчийн байр сууринаас эрчим хүч, ногоон эдийн засаг, зам тээвэр, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл гэх мэт нийгэм, эдийн засгийн  салбаруудад хэрэгжүүлбэл зохих арга хэмжээ, шийдлүүдийг сонгох замаар дэлхийн дундаж агаарын хэмийг 1.5°C-д барих зөв алхмуудыг хийнэ. Ингэж хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг үйл ажиллагаанууд, тэдгээрийг бууруулах шийдлүүдийн талаар мэдлэгтэй болсноор та дэлхийн дулаарлыг зогсоохын тулд засгийн газрууд ямар шийдэл, арга замыг хэрэгжүүлээсэй гэж хүсэж буйгаа тоглоомын төгсгөлд гарах санал асуулгаар бөглөх юм.

Mission 1.5 тоглоомыг Монгол улсад “Дэлхийгээ сэрүүцүүлье” арга хэмжээгээр дамжуулан 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр нээлээ.  

Нээлтийн арга хэмжээнд уур амьсгалын өөрчлөлийг зогсоох, дэлхийгээ аврах гэсэн нэг зорилгын дор нэгдсэн 130 гаруй манлайлагч хүүхэд, залуусын төлөөлөл оролцож, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлын талаар мэдлэгээ солилцож, дор бүрнээ Mission 1.5 тоглоомыг тоглож дэлхийн дулаарлын эсрэг хувь нэмрээ орууллаа. 

Тус арга хэмжээнд залуусын сонсох дуртай хамтлаг болох Gangbay хамтлаг хүрэлцэн ирж  хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалсан “ЦЭЦЭГ” нэртэй шинэхэн дуугаа толилууллаа. Тэд энэхүү уран бүтээлээ тун удахгүй олон нийтэд танилцуулах аж. 

Түүнчлэн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдод НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Илейн Конкиевич болон БХБЯамны бодлого төлөвлөлтийн газрын дарга, Эн Ди Си төслийн газрын захирал Б.Гүнболд нар мэндчилгээ дэвшүүлсэн юм. Харин Эн Ди Си төслийн үндэсний зохицуулагч Д.Саруул хүүхэд, залуустаа дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг яагаад 1.5 хэмд хязгаарлах ёстойг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж өглөө. 

Та уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэгээ тэлж, өөрийн дуу хоолой, саналаа илэрхийлэхийг хүсвэл Mission 1.5 тоглоомыг хамт олон, хүүхдүүд, найз нартайгаа хамт тоглож дэлхийн дулаарлыг 1.5 хэм барихад хувь нэмрээ оруулаарай.
Mission 1.5 тоглоом уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээний талаар таны мэдлэгийг нэмэгдүүлээд зогсохгүй, амьдралынхаа хэв маяг, зан үйлээ өөрчлөхөд тань тусална. 

Mission 1.5 тоглоомыг тоглохыг хүсвэл дараах QR код эсвэл ЭНЭ-д дарж нэвтрээрэй. 

#Mission1point5б

#Мэдээ