Хөмсөг зангидахыг хуулиараа хориглосон хот


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Хувцасны дэлгүүрүүдээрээ хамгийн алдартай хотуудын нэг, загварын төв цэг болох Италийн Милан хот нь аливаа зүйлсийг дээд зэргийн байлгахыг эрмэлздэг. Зөвхөн Миланд ч биш ер нь л Итали улс тэр чигтээ энгийн байдлаас ангид байдаг гэхэд буруудахгүй. Тиймээс ч Италийн эрх баригчид ойлгоход төвөгтэй, санаанд оромгүй ил, далд дүрэм журмыг нэвтрүүлсэн байдаг. Дүрмүүдийг мэдэлгүй зөрчсөн жуулчид их хэмжээний мөнгөн торгуульд дарагддаг байна.

Тухайн дүрмүүд нь энгийн нэг замын хөдөлгөөн эсвэл олон улсад нийтлэг байдаг хийж болохгүй хууль бус үйлдлүүд биш гэдгийг анхаараарай. Би хүний толгойд хэзээ ч буумгүй тийм хачирхалтай журмуудыг ярьж байна. Жишээ нь, Cinque Terre орчимд углааштай явган аялал хийсэн тохиолдолд 2,500 ам.доллар хүртэлх их хэмжээний мөнгөн торгуулийг төлөх ёстой болдог тийм “галзуу” гэж хэлж болох дүрмүүдийг ярьж байгаа юм шүү.

Зангидсан хөмсгөө тэгшилнэ үү

Италийн загварын хотод гадна төрх бол бүх зүйл байдаг. Энэ нь зөвхөн хувцаслалтад ч биш нүүрний хувиралд ч хамаарах юм. Миланы эртнээс мөрдөж ирсэн дүрэмд тус хотод оршуулгын ёслолд оролцох болон эмнэлэгт байхаас бусад үед гунигтай царайлахыг хориглодог аж.

Энэхүү дүрэм нь Австри-Унгрийн эзэнт гүрний үеэс эхлэн тогтсон гэж үздэг ба хэцүү цаг үеүдэд аз жаргал, баяр баяслыг түгээх зорилготойгоор бий болж байжээ. Хэдийгээр уг дүрмийг зөрчлөө гээд мөнгөн шийтгэлд унах үгүй нь тодорхойгүй ч юмыг яаж мэдэх бил ээ? Инээмсэглээд алхахад буруудах зүйлгүй.

Сүүлийн жилүүдэд Европ руу аялах болсон хүмүүсийн тоо маш их болсны улмаас зарим улс орнуудын даац хэтрэх хэмжээнд тулсан. Грек улс гэхэд л хамгийн оргил үедээ 17 сая гаруй жуулчныг хүлээж авсан байдаг. Үүссэн нөхцөл байдлыг шийдэхийн тулд тус улс Акрополис гэх мэт хамгийн их жуулчлагчдын очдог газрыг үзэхийг хүсэгсдээс татвар хурааж эхлээд байгаа юм байна. Грекийн жишгийг Итали ч бас хэрэгжүүлж байгаа буюу Венец хотыг үзэхээр ирсэн хүмүүс өдөрт 5 долларын татвар төлөх ёстой болжээ.

Пицца, зайрмаг? ҮГҮЙ!

Милан хотын эрх баригчид ч мөн хотынхоо өнгө төрхийг хадгалах, аялал жуулчлалаас үүдэлтэй хэт бөөгнөрөл болон зохисгүй зан авирыг хязгаарлах стратегиудыг боловсруулсан. Эдгээр дүрэм нь Миланы соёлыг хадгалж, хотын иргэдэд тайван амьдрах орон зай үүсгэх зорилготой юм.

Шөнө оройгоор өлсдөг эсвэл зайрмаг л идэхгүй бол унтаж чаддаггүй Милан явахаар төлөвлөж буй уншигчдадаа дуулгах муу мэдээ байна. Миланд ажлын өдрүүдэд шөнийн 00:30-аас хойш пицца болон зайрмаг зарахыг хориглох талаар хэлэлцэж байгаа гэнэ. Жуулчдын тоог багасгахын тулд энэ мэт олон тааламжгүй дүрэм журмууд батлагдах хандлагатай байгаа бөгөөд ирээдүйд үүнээс ч “аймар” дүрмийг танилцуулбал гайхах зүйлгүй.

Латте л биш шүү

Энэ хотын сонирхол татсан соёл, дүрэм журмууд дуусахгүй бололтой. Учир нь тус хотын иргэд кофе хэрхэн уух тал дээр маш нухацтай ханддаг. Тэд ихэвчлэн 11 цагаас өмнө л кофендоо сүү найруулж уудаг бөгөөд гадаадынхны дуртай латтег төдийлөн таашаадаггүй. Тиймээс хүмүүсийн анхаарлыг татахгүйн тулд капучино, кафе маккьято эсвэл эспрессо захиалах нь илүү тохиромжтой.

Эх сурвалж: EXPLORE

#culture