Жижиг дадал, эерэг үр дүн: Бүтээмжийг нэмэгдүүлэх 5 зөвлөмж


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Заримдаа завгүй, хийх ажил их байгаадаа биш, харин бидний өдөр тутмын дадал хэвшил болсон жижиг буруу зуршлууд хуримтлагдсанаас болж өдөр тутмын өдрийн бүтээмж буурдаг. Бүтээмж гэдэг нь төрөлхийн авьяас биш, ердөө л зуршил юм. Ирээдүйд хүссэн зүйлдээ хүрэхийн тулд өнөөдрөөс эхлээд өөрт хэрэгтэй жижиг дадлуудыг өөрийн болгох нь чухал билээ. Тиймээс таны өдрийн бүтээмжийг тань нэмэгдүүлэхэд туслах таван жижиг дадлыг зөвлөж байна.

Өглөөний эхний 30 минутыг утсаагүй өнгөрөөх

Нүдээ нээмэгц утас шүүрч авах нь тархийг шууд хүлээж авах горимд шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл өдрийн хэмнэлийг та биш бусдын илгээсэн мэдэгдэл, мэдээ, цахим орчны контентууд тодорхойлж эхэлнэ гэсэн үг. Оронд нь эхний 30 минутад ус ууж, сунгалт хийх эсвэл өдрийн төлөвлөгөөгөө харах зэрэг энгийн зүйл хийж хэвшээрэй.

Энэ нь тархийг идэвхтэй горимд оруулж, өдрийн турш эрч хүчтэй байхад тусална. Утсаа сэрээд өөрөөсөө хол тавьж болно шүү дээ. Энэ жижиг алхам утас ухах зуршлыг эвдэх хамгийн үр дүнтэй арга юм.

Цагаа төлөвлөх арга: Хийнэ гэхийн оронд хэзээ гэдгийг тодорхой шийдэх

Хийх зүйлсийн жагсаалт хэзээ ч дуусдаггүйн шалтгаан нь тэдгээр ажилд тодорхой цаг оноогоогүйтэй холбоотой. Цаг хуваарилах гэдэг нь ажлуудаа цагийн хуваарьтаа яг таг зоож өгөхийг хэлнэ. Англи хэлний эсээ бичнэ гэхийн оронд 14:00-15:30 цагийн хооронд эсээ бичнэ гэж тодорхой төлөвлө. Ингэснээр тархи юу хийх вэ гэж эргэлзэхгүй, шууд гүйцэтгэхдээ анхаардаг.

Google Calendar эсвэл тэмдэглэлийн дэвтэр дээрээ маргаашийн хамгийн чухал 3 ажлыг орой нь цагтай нь хамт бичиж хэвшээрэй. Мөн хэтэрхий олон зүйл төлөвлөснөөс илүүтэй хамгийн чухал гэсэн гурван зүйлийг онцлох нь зүйтэй.

Гүн төвлөрөх цаг гаргаж, сатааруулах зүйлсийг хаах

Чихэвчтэй, утас хажууд, сошиал медиагийн мэдэгдэл тасралтгүй ирж буй үед чухал ажилд анхаарал хандуулах боломжгүй. Судалгаагаар ажлын дундуур ганцхан мэдэгдэл харахад л эргээд тухайн ажилдаа бүрэн төвлөрөхөд дунджаар 23 минут зарцуулагддаг байна.

Гүн төвлөрөх цаг гэдэг нь утсаа дуугүй горимд тавьж, 45-90 минутын турш зөвхөн нэг л ажилд бүрэн уусаж ажиллахыг хэлнэ. Хэрэв хөгжим сонсож төвлөрдөг бол нэг хэмнэлтэй дуу эсвэл үггүй ая сонгоорой. Өдөрт ядаж нэг удаа гүн төвлөрөх цаг гаргаж, тэр үедээ утсаа өөр өрөөнд эсвэл далд газар үлдээж байгаарай.

Хоёр минутын дүрэм: Жижиг зүйлийг шууд хийх

Бүтээмж судлаач мэргэжилтэн Дэвид Аллений энэ дүрэм маш энгийн. Хэрэв ямар нэгэн зүйлийг хийхэд 2 хүрэхгүй минут зарцуулагдахаар бол хойшлуулалгүй шууд хийх юм. Мэйлд хариулах, ном буцааж тавих, тэмдэглэл хөтлөх зэргийг дараа гэж үлдээх нь тархинд дуусаагүй ажил хэлбэрээр хуримтлагдаж далд стресс үүсгэдэг.

Ямар нэгэн жижиг ажлыг хойшлуулах гээд байвал өөрөөсөө "Үүнийг 2 минутад хийчихэж чадах уу?" гэж асуугаарай. Хэрэв тийм бол шууд барьж аваад дуусга.

Өдрийн эцэст тархиа амраах дасгал

Өдрийн эцэст ажил эсвэл хичээлээс тархиа бүрэн амрааж сурах хэрэгтэй. Үүнийг хийхгүй бол унтахдаа ч маргаашийн ажлыг бодож, дутуу амарсан мэдрэмжтэй сэрдэг. Өдрийн төгсгөлд ердөө 10 минутыг дараах зүйлд зориулаарай.

Тухайн өдөр амжуулсан зүйлсээ тэмдэглэх, маргааш хийх 3 гол ажлаа бичих, тэгээд дэвтрээ хаах. Энэ үйлдэл нь тархинд "Өнөөдрийн ажил дууссан, одоо амар" гэсэн дохио өгдөг. Ерөнхийдөө өдрийн төгсгөлд өнөөдөртөө ингээд дууслаа гэж өөртөө хэлж байх хэрэгтэй юм. Энэ жижиг бодол нь өдрийг цэгцтэй дуусгахад тусална.

#зөвлөгөө