Түүнд талтай гэдгээ хэрхэн илэрхийлэх вэ?


Б.Дариа | YOLO.MN
2022-02-22

Чамд таалагддаг хэн нэгэн охин, хөвгүүн байдаг л биз дээ? Тэр хүндээ таалагддаг эсэхээ хэлж чадахгүй, төдийлөн сайхан харилцаатай болж чадаагүй л байна уу? Тэгвэл доорх хэдэн алхмуудыг хэрэгжүүлээд үзээрэй. Өөрийг нь сонирхож байна гэдгийг гарцаагүй мэдэх болно. 

1.Сандрахгүй бай

Магадгүй таалагддаг хүн чинь хажууд ирээд зогсох төдийд л сандарч чичрээд, “цахилгаан цахиад” байдаг уу? Тийм үед өөрийн мэдэлгүй хийхийг хүсээгүй зүйлээ хийчихсэн, хэлэхийг хүсээгүй зүйлээ хэлчихсэн байдаг шүү дээ. Дараа нь “Яах гэж тэгвээ” гэж толгойгоо гашилгах шаардлага гарна. Гэхдээ ийм үед өөрийгөө аль болох түүний хажууд тайван аз жаргалтай болж байгаа гэдгээ мэдэгдэхүйц гүнзгий амьсгаа авч, сайхан харилцаа үүсгэхэд бэлдэж болох юм.

2.Түрүүлж алхам хий

Сандралаа давчихлаа, бэлтгэл ажил дууссан одоо чиний цаг. Түрүүлж ямар нэг алхам хий. Мэдээж одоохондоо тэр хүн чамд талтай эсэхийг чи мэдэхгүй учраас түрүүлээд мэндлэ. “Өнөөдөр яасан дулаахан байна аа” гээд ойр зуурын энгийн яриа эхлүүлж ч болно. Тэр ярианаасаа ургуулаад ямар улиралд дуртайг нь асуу. Түүний талаар мэдэхийг хүсэж байгаагаа илэрхийлснээр талтай гэдгээ ойлгуулах хамгийн сайн арга болох юм.

3.Ажигла

Ямар ч хүн өөрийнх нь тухай жижигхэн зүйлсийг ч санаж байх үед надад анхаарал хандуулсан байна гэдгийг өлхөн олж мэднэ. Сэтгэгдэл үлдээх том боломж шүү. Хамгийн жижиг зуршил, сонсдог дууг нь орхигдуулалгүй мэдэж, болохгүй бол тэмдэглэж авч ч болно. Хэлж байгаа үг үйлдлийг нь сайтар ажиглаж ярилцаж байхдаа тэдгээрийнх нь талаар дурдвал түүнд сайхан мэдрэмж төрүүлэх болно. Эсвэл өөрийнхөө facebook, instagram дээр постлож, story хэсэгт хийж болно. Ингэснээр түүний дуртай зүйлсээр дамжуулан чи надад таалагддаг шүү гэдгээ илэрхийлж буй хэрэг юм.

4.Харцаа битгий буруул

Нүд худал хэлдэггүй гэдэг. Хоёр гурван үг солихдоо ч нүдрүү нь эгцлэж хараарай. Ингэхдээ чамаас өөр харц гарна гэдгийг мэдэж байна. Харц бол хайрын чухал хэл юм шүү. Хэрвээ харц тулгарах хэцүү санагдаад байвал сурах хүртлээ духных нь голруу хараарай.Түүнийг л хардаг харцаараа хайраа илэрхийлж, илүү дотно мэдрэмж төрүүлэхийг хичээгээрэй.

5.Ойрхон бай

Хамт олноороо байхдаа ч түүнд ойрхон суухыг хичээ. Болж өгвөл хажууд нь суу. Чамайг яагаад хажууд нь суусныг гайхаж сонирхохгүй гэж үү? Бас чи түүнд ойрхон байвал гарнаас чинь атгамаар санагдах ч юм билүү?

6.Бусдаас онцгой байлга

Үргэлж бусад хүмүүстэй харьцдаг шигээ  харилцаа үүсгээд байвал чамайг талтай гэдгийг чинь хэзээ ч олж мэдэхгүй. Чи надад бусдаас онцгой шүү гэдгийг мэдрүүлэхийн тулд илүү их анхаарал хандуулж, мэдрэмжтэй байхыг хичээгээрэй.

Эдгээр жижиг алхамуудыг хийснээр crush чинь чамайг анзаарч эхэлнэ. Гол нь чамайг ч бас сонирхдог эсэхийг олж мэдэх нь чухал шүү. Хэрэв сонирхохгүй байгаагаа илэрхийлвэл эртхэн сэтгэлээ татаж авч,  өнчин хайрын түүхтэй үлдэхгүй байж чадна шүү дээ. Харин чамайг  ч бас сонирхож байгаагаа илэрхийлвэл сайхан хайрын түүх эхэлнэ гэдэгт итгэж байна. 

 

#Мэдэхэд илүүдэхгүй #Хавар ирлээ