Монголын Эзэнт гүрний түүхийг өгүүлэх “Jaadugar: A Witch in Mongolia” анимэ 7-р сард нээлтээ хийнэ


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨЧИГДӨР

Монголын Эзэнт гүрний үеийн түүхэн орчныг өгүүлэх шинэ анимэ “Jaadugar: A Witch in Mongolia” нь 2026 оны хамгийн их хүлээлттэй бүтээлүүдийн нэгээр нэрлэгдэж байна. Уг анимэ нь Японы манга “A Witch’s Life in Mongol” (японоор Tenmaku no Jādūgaru)-оос сэдэвлэн бүтээгдэж байгаа бөгөөд уг бүтээл нь Япон улсад ирэх сарын 4-нд цацагдах бол, долоодугаар сарын 3-нд “Anime Expo 2026”-д АНУ дахь нээлтээ хийхээр болжээ.

Онцлох мэдээлэл

Бүтээлийн хамгийн анхаарал татсан хэсэг нь Монголын түүхийг өгүүлэхээс гадна, Японы мэргэжлийн сумогийн Монгол хоёр алдарт бөх дуу оруулагчдын бүрэлдэхүүнд багтсан явдал юм. Цувралын эхний анги нь нэг цагийн тусгай нээлт байх бөгөөд эхний хоёр ангийг дараалан хүргэхээр төлөвлөжээ.

Анимэг бүтээгч “CyberAgent” “Катаонами” дэвжээний Тамаваши Б.Мөнх-Оргил болон Тамашохо Э.Энхманлай нарыг цувралд дуу оруулахаар болсныг албан ёсоор танилцуулсан. Энэ нь хоёр бөхийн хувьд анимэд дуу оруулж буй анхны тохиолдол юм.

  • Тамаваши Б.Мөнх-Оргил - Монголын Эзэнт гүрнийг үндэслэгч Чингис хааны дүр
  • Тамашохо Э.Энхманлай - хүчирхэг монгол цэргийн дүр

Тэд мөн цувралын бусад хэсэгт хэд хэдэн нэмэлт дүрд дуу оруулахаар болжээ.

Өгүүлэмжийн товч

13-р зууны эхэн үед Персийн Тус хотод амьдардаг Ситара хэмээх охин боол болж, эрдэмтдийн гэр бүлд очсоноор түүний амьдрал өөрчлөгдөнө. Эхэндээ зугтахыг оролдсон ч тэрээр мэдлэгийн үнэ цэнийг ойлгож, сурч боловсрох замыг сонгодог.

Харин Монголын эзэнт гүрний довтолгооны үеэр Ситара олзлогдож, хожим нь Монголд авчирснаар “Фатима” хэмээх шинэ нэртэй болж, түүний хувь тавилан өшөө авалт, улс төрийн сүлжээтэй холбогдож эхэлдэг.

#anime