Тахиа анхдагч уу өндөг анхдагч уу?


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Тахиа анхдагч уу эсвэл өндөг анхдагч уу гэсэн асуултын хариулт олон жилийн турш таах боломжгүй оньсого мэт байсаар ирсэн. Уг асуултын хариуг олох үнэхээр хэцүү. Учир нь өндгийг тахиа гаргадаг ч тахиа өндөгнөөс төрдөг. Азаар энэ тал дээр бид дахин маргалдаж, толгойгоо гашилгах шаардлагагүй болжээ. Асуултын хариулт нь шинжлэх ухаанд, бүр нарийвчилбал байгалийн хуульд нуугдан буй.

Эхлээд өндөг

Амьтны ертөнцөд маш олон амьтад өндөг гаргадаг. Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл өндөг гэдэг нь ердөө л үр хөврөл бие даан амьдрах чадвартай болох хүртлээ дотор нь өсөж торних үүрэгтэй, гадуураа хальсаар бүрхэгдсэн байгалийн нэгэн төрлийн сав юм.

Гэхдээ өнөөдөр бид бүхий л амьтдын өндөг биш шувууны өндөгт гол анхаарлаа хандуулах болно. Шувууны өндөг нь олон сая жилийн өмнө анхны хөврөлийн бүрхүүлтэй амьтдын хувьсгалын үр дүнд үүссэн түүхтэй. Тэднээс өмнө ихэнх амьтад өндгөө усархаг газар үлдээдэг байсан бөгөөд өндгөө хатаж хуурайшихаас хамгаалж, цөөрөм болон бусад чийглэг газарт шахдаг байжээ.

Өндөг хувьсан өөрчлөгдөх явцад нийт корион, аллантоис, амнион гэсэн гурван нэмэлт бүрхүүл бүхий огт өөр төрлийн өндөг үүссэн байдаг. Эдгээр бүрхүүлүүд нь тус бүртээ өөрсдийн гэсэн үүрэгтэй ба ийнхүү нэмэлт давхаргууд бий болсноор үр хөврөл гадаад усан орчноос хамааралгүйгээр дотроо тэжээлээ авч, хаягдлаа хуримтлуулан, амьсгалах боломжтой, иж бүрэн амьдралыг тэтгэх системийг бүрдүүлсэн байна. Мөн амнион хальсан доторх шингэн болон гаднах хатуу хальс нь үр хөврөлийг гадны нөлөөнөөс давхар хамгаалдаг аж.

Усан бүрхүүлт өндөг үүссэн нь амьд байгалийн хувьд маш том дэвшил байв. Энэ нь амьтдад уснаас хол, хуурай газарт өндөглөх асар том боломжийг нээж өгснөөс гадна нэмэлт бүрхүүлүүд бий болсноор илүү том, илүү боловсронгуй өндөг үүсэх замыг тавьжээ.

Өндөгний зөөлөн хальс, бүрхүүл чулуужиж хадгалагдахдаа тийм ч сайн биш тул эрдэмтдэд өндөгний усан бүрхүүл яг хэзээ, хаана, яаж яваад хувьсалд орсон тухай тодорхой мэдээллийг өгч чаддаггүй. Үүнээс болоод усан бүрхүүлтэй өндөг хэрхэн үүссэн тухай тодорхой баримт хомс үлджээ.

Хамгийн боломжит таамгаар дөрвөн мөчит амьтад болон өндөглөдөг дөрвөн мөчит амьтдын хамгийн эртний өвөг нь 340-370 сая жилийн өмнө амьдарч байсан гэж үздэг. Гэхдээ зарим эх сурвалжууд анхны өндөглөгч дөрвөн мөчит амьтдыг 312 сая жилийн өмнө үүссэн гэх нь ч бий. Өнөөгийн хөхтөн амьтад, мөлхөгчид болон шувууд нь бүгд эдгээр анхны хөврөлийн бүрхүүлтэй амьтдын үр сад юм.

Эхлээд тахиа

Хамгийн анхны тахиа нь тахианы өвөг гэж нэрлэж болох хоёр өөр төрлийн амьтан дундаас үүссэн өндгөн эсэд генетикийн мутаци явагдсаны үр дүнд бий болсон. Өөрөөр хэлбэл, тахианы өвөг болох хоёр амьтан эвцэлдэж, ДНХ-ээ нэгтгэснээр хамгийн анхны тахианы анхны эсийг бүрдүүлсэн гэсэн үг. Ингэх явцад анхны эсэд мутаци үүсэж, улмаар тахианы эс өсөж торних тусам уг мутаци нь биеийн бусад эсүүдэд хувилагдан шилжжээ.

Тэгвэл анхны тахианы эцэг эх ямар амьтад байсан болж таарав?

Энэтхэг, Хятадын өмнөд хэсэг, Индонези, Малайз, Сингапур зэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудаас гаралтай зэрлэг улаан тахиа тэдний өвөг байх магадлалтай. Азиуд зэрлэг улаан тахиаг гаршуулж тэжээж эхэлсэн бөгөөд улмаар тэд хувьсан өөрчлөгдөж, өнөөдөр бидний сайн мэдэх, илүү номхон зантай, өндөр ашиг шимтэй гэршүүлсэн тахиа дэлхий даяар тархсан байна.

Археологийн олдворуудаас үзвэл зэрлэг улаан тахиаг 10,000 гаруй жилийн өмнө гэршүүлж эхэлсэн гэдэг ч ДНХ-ийн шинжилгээ болон математик загварчлалууд гэрийн тахиаг бүр 58,000 жилийн өмнөөс гаршуулж эхэлсэн гэж харуулдаг.

Мөн тэжээвэр тахианы үүсэл гарлыг арай илүү ээдрээтэй байж болохыг илтгэх баримтууд бий. Тухайлбал, ихэнх тахианы хөлийн шар өнгийг тодорхойлогч ген нь зэрлэг улаан

тахианаас биш харин зэрлэг саарал тахианаас гаралтай байж болох ба энэ нь хувьслын явцад тэдгээр хоёр зүйлийн амьтад хоорондоо эрлийзэжсэнийг гэрчилж байгаа юм.

Тэгэхээр анхны асуулт руугаа буцвал: Хөврөлийн бүрхүүлтэй өндөг ойролцоогоор 340 орчим сая жилийн өмнө бий болсон бол хамгийн анхны тахиа эртдээ л 58,000 жилийн өмнө хувьссан. Ингэж бодвол өндөг анхдагч болж байна.

Анхны тахианы өндөг

Байз! Гэхдээ зарим эрдэмтэд тахиаг анхдагч гээд байсан биз дээ?

Энэхүү таамгийг тахианы өндөгний хальс хэрхэн бүрэлддэгийг судалсан хэсэг эрдэмтэд дэвшүүлсэн байдаг. Өндөгний хальс нь үндсэндээ кальцийн карбонатаас бүрддэг. Тахиа өндөгний хальс үүсгэхэд шаардлагатай кальциа тэжээлээсээ авдаг бөгөөд тийм ч учраас тахиа тэжээж, үржүүлэгчид амьтдаа кальциар баялаг хясаа, сам хорхойн хальс зэрэг тэжээлээр хооллодог.

Өндөгний хальс бүрэлдэхийн тулд кальци нь кальцийн карбонатын талст хэлбэрээр хуримтлагдах шаардлагатай. Энэ үйл явцад тахианы бие дэх тусгай уургууд гол үүргийг гүйцэтгэдэг байна. Үүний нэг жишээ болох овокрейдин-17 хэмээх уураг зөвхөн тахианы өндгөвчид байдаг. Үүнээс улбаалан тахиа нь өндөгнөөсөө өмнө үүссэн байх ёстой гэсэн таамаглал гарч ирсэн юм. Учир нь энэ уураггүйгээр тахианы өндөг бүрэлдэх боломжгүй аж.

Тэгэхээр тахиа эхэлж бий болсон байна уу эсвэл өндөг эхэлж бий болсон байна уу? Эцсийн дүндээ энэхүү асуулт нь өөрөө зохиомол, логикийн хувьд туйлширсан шинжтэй юм. Ерөнхий

утгаараа өндөг нь тахианаас өмнө үүссэн нь гарцаагүй боловч, тахианы өндөг гэдэг утгаар бол тахиа түрүүлж үүссэн. Гэсэн хэдий ч хэрэв бид заавал нэг талыг нь сонгох хэрэгтэй болбол хувьслын үе шатны баримтууд дээр тулгуурлан өндөг анхдагч гэсэн хувилбарыг сонгох нь зөв.

Эх сурвалж: Australian Academy of Science

#танинмэдэхүй