"AFS Global STEM Educators" тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа

"AFS Global STEM Educators" нь дэлхийн өнцөг булан бүрийн дунд болон ахлах ангийн түвшинд (13–18 насны сурагчидтай) ажиллаж буй STEM хичээл заадаг, 18-аас дээш насны багш, сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан 100 хувийн тэтгэлэгтэй олон улсын солилцооны цахим хөтөлбөр юм. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийг "bp" олон улсын эрчим хүчний компани дэмжин олгож байна. (STEM: Шинжлэх ухаан, технологи, инженер, математик)
Энэхүү интерактив цахим сургалт нь STEM чиглэлийн багш нар дэлхийн түвшний чадвартай манлайлагч болж төлөвших, сургууль, орон нутагтаа дэлхийн иргэншлийн чадварыг төлөвшүүлэхэд шаардлагатай ур чадвараа хөгжүүлэхэд чиглэнэ.
"Global STEM Educators" хөтөлбөрийн оролцогчид:
- Соёл хоорондын боловсролын асуудлууд болон дэлхийн түвшний чадвартай багшийн үндсэн ойлголтуудыг судална.
- STEM боловсролыг орон нутгийн болон дэлхийн түвшинд харьцуулан ойлгож, үзэл хандлагыг уялдуулна.
- Тогтвортой хөгжил, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд (SDGs), дэлхийн иргэншлийн боловсролын сургалтын материал, нөөцүүдтэй танилцана.
- Өөрийн сургалтын орчныг эргэцүүлэн дүгнэж, олон соёлт анги танхимд харилцан ойлголцлыг бэхжүүлэх шинэ санаа, аргачлал боловсруулна.
- Соёлын ялгаатай гарал, үзэл бодол, зан үйлд хандах хандлага, өөрийгөө танин мэдэх чадвараа хөгжүүлнэ.
- Шинээр эзэмшсэн ур чадвараа баталгаажуулсан "AFS Global Competence Certificate" болон "digital badge" авна.
Тавигдах шаардлага:
- Дунд болон ахлах ангийн түвшинд ажиллаж буй STEM (Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик) чиглэлийн багш байх;
- 18 ба түүнээс дээш насны байх (төрсөн огноо 2008 оны 3 дугаар сарын 31-нээс өмнө);
- Англи хэлээр явагдах цахим хөтөлбөрт бүрэн оролцох чадвартай байх;
- Дэлхийн иргэншлийн боловсрол, тогтвортой хөгжлийн боловсрол, туршлага дээр суурилсан сургалтын арга зүйд сонирхолтой байх;
- STEM, тогтвортой хөгжил, дэлхийн чадвар (Global competence)-т сонирхолтой байх;
- Олон улсын, олон соёлт оролцогчидтой харилцах, өөр өөр соёл, заах арга барилыг судлах сонирхол, нээлттэй хандлагатай байх;
- "Global STEM Educator" цахим сургалтыг бүрэн дүүргэх боломжтой байх (6 долоо хоногийн турш долоо хоногт ойролцоогоор 2–3 цаг);
- "Educator Toolkit"-ээс дор хаяж нэг үйл ажиллагааг сурагчидтайгаа хэрэгжүүлэх боломжтой байх (15–45 минутын хичээлийн төлөвлөгөө);
- Цахим сургалтад нэвтрэх компьютер, ухаалаг утас эсвэл бусад дижитал төхөөрөмжтэй байх
- Цахим хэлэлцүүлэгт оролцох камер болон микрофонтой байх;
- Тогтвортой интернет эсвэл Wi-Fi холболттой байх.
Өргөдөл илгээх эцсийн хугацаа: 2026 оны 3 дугаар сарын 8
Хэрэгжих хугацаа: 2026 оны 4 дүгээр сарын 18-наас 5 дугаар сарын 30