

Хүн бүр амьдралдаа эцэг эхтэйгээ үзэл бодол зөрөх үеийг туулдаг. Ялангуяа өсвөр нас болон залуу үед бие даах хүсэл нэмэгдэж, санал нийлэхгүй байх нөхцөл олон тохиолддог. Гэвч маргаан үүссэн үед сэтгэл хөдлөлөө зөв удирдахгүй бол харилцаанд үл ойлголцол, гомдол бий болж, бие биенээ шархлуулах эрсдэлтэй.
1. Дуугаа хэт өндөрсгөж хашхирах
Уурласан үедээ чанга дуугаар хашхирах нь асуудлыг шийдэхгүй, харин ч маргааныг улам хурцатгадаг. Тайван өнгөөр ярилцах нь харилцан ойлголцох хамгийн зөв арга юм.

2. Хүндэтгэлгүй үг хэлэх
“Та юу ч ойлгодоггүй”, “Би таныг үзэн яддаг” гэх мэт үгс тухайн мөчид уур гаргаж байгаа мэт санагдавч хожим гүн шарх үлдээдэг. Үг бол эргүүлж болдоггүй зүйл гэдгийг үргэлж санах хэрэгтэй.
3. Хаалга савж гарах
Маргалдааны үеэр хаалга хүчтэй савж гарах нь уураа илэрхийлж буй мэт боловч нөгөө хүнийг үл хүндэтгэсэн үйлдэл болдог. Түр тайвшрах хэрэгтэй бол эелдгээр хэлээд холдох нь зөв.

4. Сонсохоос татгалзах
Зөвхөн өөрийнхөө зөв гэж бодох нь маргааныг шийдвэрлэхэд саад болдог. Эцэг эхийнхээ санаа бодлыг дуустал нь сонсож сурах нь харилцаанд маш чухал.
5. Өмнөх алдааг нь сөхөх
Өнгөрсөн асуудлыг дахин дахин сөхөх нь маргааныг улам хүндрүүлдэг. Тухайн асуудалдаа төвлөрч ярилцах хэрэгтэй.
6. Бусадтай харьцуулах
“Найзын маань ээж аав илүү ойлгодог”, “Бусдын хүүхдүүдийг хар даа” гэх мэт харьцуулалт нь хэн хэндээ таагүй мэдрэмж төрүүлдэг. Хүн бүрийн гэр бүл өөр байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

7. Утсаа оролдох эсвэл үл тоомсорлох
Ярилцаж байхдаа утсаа ширтэх, чимээгүй үл тоомсорлох нь үл хүндэтгэсэн үйлдэлд тооцогддог. Маргаан байсан ч харилцаандаа анхаарал хандуулах нь чухал.
8. Худал хэлэх
Өөрийгөө хамгаалахын тулд худал хэлэх нь түр зуур асуудлаас мултарсан мэт санагдавч итгэлийг алдагдуулдаг. Итгэл эвдэрвэл сэргээхэд маш хэцүү байдаг.
9. Гэрээсээ зугтах эсвэл холбоо таслах
Уурласандаа гэрээсээ гараад холбоо барихгүй байх нь эцэг эхийг маш их санаа зовоодог. Түр холдох шаардлагатай бол хаашаа явж байгаагаа хэлэх хэрэгтэй.
10. “Та намайг ойлгохгүй” гэж шууд дүгнэх
Заримдаа үеийн ялгаа ойлголцолд нөлөөлдөг ч эцэг эх үр хүүхдээ хамгаалах, сайн сайхныг нь хүсдэг гэдгийг ойлгох нь чухал. Харилцан ярилцаж байж ойлголцол бий болдог
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!