Ким Сү Хён нэг жилийн дараа шүтэн бишрэгчид болон мөрдөн шалгах байгууллагуудад талархал илэрхийллээ


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Ким Сү Хён өөрийг нь тойрсон олон маргаан, буруутгалын талаар мэдэгдэл хийсэн хэвлэлийн бага хурлаас хойш нэг жилийн дараа мөрдөн шалгах байгууллагууд болон өөрийг нь дэмжсэн фенүүддээ талархал илэрхийлсэн албан ёсны мэдэгдэл гаргажээ.

Өнөөдөр түүний агентлаг Gold Medalist уг маргаантай холбоотой янз бүрийн буруутгал, нотлох баримт гэх материалууд болон олон тооны хуулийн гомдол, нэхэмжлэлийн талаар мэдэгдэл гаргасан байна.

Агентлагийн мэдээлснээр олон нийтэд дэлгэгдсэн, талийгаач Ким Сэ Ронтой холбоотой гэж үзэгдэж байсан KakaoTalk мессежүүд нь үнэн хэрэгтээ Ким Сү Хёнтой ямар ч холбоогүй гуравдагч этгээдийн яриаг өөрчилж, засварласан материал болох нь тогтоогджээ. Мөн жүжигчин бүсгүйнх гэж танилцуулсан дуу хоолойн бичлэгүүд нь хиймэл оюун ухаан (AI) ашиглан зохиомлоор бүтээсэн хуурамч материал байсан гэж агентлаг мэдэгдсэн байна.

Мөн шүүх холбогдох этгээдүүдэд баривчлах захирамж гаргасан гэж агентлаг мэдэгдэв. Үүнд:

  • Худал мэдээлэл тарааж гүтгэсэн хэрэг,
  • Мөрдөн мөшгөхтэй холбоотой гэмт хэрэг,
  • Хууль бусаар бичлэг хийсэн материалыг тараасан хэрэг,
  • Албадлага, дарамт,
  • Сүрдүүлэг, заналхийлэл зэрэг зөрчлүүд багтаж байгаа аж.

Нэг жилийн өмнө хэвлэлийн бага хурлын үеэр Ким Сү Хён:

“Хүмүүсээс надад итгээрэй гэж би хүсэхгүй. Би өөрөө үнэнийг баталж харуулна” гэж хэлж байжээ.

Агенлаг “Хууль ёсны ажиллагаа болон нарийн мөрдөн шалгалтын үр дүнд үнэн бодит байдал эцэстээ тогтоогдлоо. Бодитой нотлох баримтад үндэслэн үнэнийг илрүүлсэн мөрдөн шалгах байгууллагуудад бид чин сэтгэлээсээ талархаж байна. Мөн Ким Сү Хёнд итгэж, түүнийг хүлээсэн бүх хүмүүст бид гүн талархал илэрхийлж байна.” гэжээ.

Өмнө нь Ким Сү Хён талийгаач Ким Сэ Ронтой түүнийг насанд хүрээгүй байх үед нь үерхэж байсан гэх хардлагад холбогдон маргааны төвд орж байсан юм. Тэрээр өнгөрсөн хугацаанд тэд үерхэж байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч харилцаа нь Ким Сэ Роныг насанд хүрээгүй байхад эхэлсэн гэх мэдэгдлийг эрс няцаасаар ирсэн билээ.

#Ким Сү Хён