Итали улс Тирамису бялууны дэлхийн аваргыг шүүх 100 шүүгчдийг хайж байна


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Жил бүрийн 10 дугаар сард тирамису бялуу үүссэн Италийн хойд хэсэг болох Тревисо хотын төв талбайд дэлхий дээрх хамгийн амттай тэмцээн зохион байгуулагддаг. Тус дэлхийн аваргад нийтдээ 240 оролцогчид бие биетэйгээ өрсөлдөх бөгөөд энгийн тирамисугийн орцоор хийсэн болон бүтээлчээр сэтгэж орцыг өөрчилж хийсэн гэх хоёр төрөлд оролцдог.

Мөн жил бүр тэд 100 сайн дурын шүүгчдийг сонгож ялагчийг тодруулдаг байна. Энэ жилийн шүүгч магадгүй үүнийг уншиж буй та ч байх боломжтой. Хэдийгээр танд цалин өгөхгүй, нислэгийн зардлыг та өөрөөсөө гаргах ч дэлхий даяар байх олон улс үндэстэй хүмүүсийн хийсэн онцгой, төрөл бүрийн тирамису бялууг үнэгүй иднэ гээд бод доо? Надад бол гайхалтай л сонсогдож байна.

Хэрхэн шүүгч болох хүсэлтээ илгээх вэ?

2026 оны шүүгчдийн өргөдөл яг ямар байх ёстой талаар бүрэн мэдээлэл одоохондоо тавигдаагүй байгаа ч өнгөрсөн жилүүдийн мэдээллээс бид ядаж л юуг бэлдэх ёстой гэдгээ мэдэж болно. Өмнөх жилүүдэд Дэлхийн тирамисугийн дэлхийн аваргын шүүгч болохын тулд тэмцээний дүрэм, тирамису бялууны түүх, мөн албан ёсны үнэлгээний шалгуурын талаар 15 асуулттай шалгалтыг өгч байж шүүгч болж байсан.

Түүхэндээ уг шалгалтыг 09-р сарын дундуур нэг л удаа зөвхөн tiramisuworldcup.com гэсэн албан ёсны хаягаар нь авдаг аж. Шалгалтад тэнцэхийн тулд мэдлэг чухал ч хамгийн түрүүнд зөв хариулсан оролцогч хамгийн их оноог авдаг байна. Туршлагаас харахад эхний нэг цагийн дотор 100 шүүгчид аль хэдийнээ тодорсон байдаг нь хүмүүс энэ тэмцээнийг хэрхэн нухацтай авч үздэг нь харагдаж байгаа юм.

Шүүгч болохоор горилогсдын хувьд одоогоор хийх ёстой хамгийн чухал зүйл бол tiramisuworldcup.com хаягийг дагах. Ингэснээр бүхий л шинэ соргог мэдээллүүдийг та цаг алдалгүй авах боломжтой болох нь ээ.

Шүүгч болно гэдэг нь тийм ч энгийн зүйл биш

Сайн дурын шүүгч гэхээр олон хүмүүст зүгээр л талбай дээр явж очоод хэдэн бялуу халбагадан хамгийн амттай гэсэнд нь өндөр оноог нь өгөх гэсэн бодол орж ирдэг. Гэхдээ үнэндээ тийм биш бөгөөд магадгүй энэ чанар нь л шүүгч байхын онцлогийг гаргаж ирж байгаа юм.

Шүүгчдийн үүрэг бол мэргэжлийн шүүгчдийн хамт оролцогчдын бүтээлийг амталж, тирамису бүрийг бүтэц, үнэр, амт, албан ёсны жортой нийцсэн байдал, орц болон хэрэгслийг зөв ашигласан эсэх, тэмцээний дүрмийг мөрдсөн эсэхт үнэлгээг өгөх шаардлагатай.

Та зүгээр нэг бялуу идэж байгаа биш харин бялуу бүрийг дүрэм журмын дагуу хийгдсэн эсэхийг шалгаж, тогтоосон стандартын дагуу оноо өгч байна гэсэн үг. Мөн сайн дурын шүүгчид тэмцээний эхний хоёр өдөр л байлцдаг. Хагас шигшээ болон финалын шатанд зөвхөн мэргэжлийн шүүгчид ажилладаг тул шалгаруулалтын эхний шат дуусмагц таны албан ёсны үүрэг дуусгавар болно гэдгийг анхаараарай.

Тирамисугийн дэлхийн аварга 2026-ийн талаар асуугддаг асуултуудад хариулах нь

Хэн сайн дурын шүүгч болох боломжтой вэ?

18 болон түүнээс дээш насны хэн ч сайн дурын шүүгч байх боломжтой. Та ямар нэгэн мэргэжлийн тогооч эсвэл хоолны талаар мэргэжлийн сургалтад хамрагдсан байх ямар ч шаардлагагүй. Хамгийн гол нь тэмцээний дүрмийг баримтлах нь чухал.

Би хэзээ шалгалтад бэлдэж эхлэх ёстой вэ?

Яг одоо. Шалгалт нь маш өрсөлдөөнтэй бөгөөд нүд эрэмхийн зур л болоод дуусдаг тул та маш сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Шалгалтад орж ирэх асуултуудын хариуг та бүгдийг нь тус тэмцээний албан ёсны вэбсайтаас авах боломжтой.

Шүүгч болохын тулд төлбөр төлөх шаардлагатай юу?

Үгүй. Бялууг шүүгч нь бүхэлдээ сайн дурын хүслийн асуудал бөгөөд танаас нэг зоос ч шаардахгүй. Гэхдээ тус хотод очих нислэгийн зардал болон бусад буудал гэх мэтийн зардлыг та өөрөөсөө гаргана.

Эх сурвалж: Holiday Pirates

#Тирамису