“Попкорн тархи” гэж юу вэ? Таны анхаарал амархан сарнидаг уу?


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Орчин үед хүмүүс цахим орчноос болоод нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, амархан сатаарах нь элбэг болсон. Хийж буй ажлаа орхиод утасны мэдэгдэл, шинэ мэйл харах бүрд анхаарал шууд сарнидаг уу?

Сэтгэцийн эрүүл мэндийн салбарт энэхүү анхаарал тогтохгүй байх төлөвийг “Popcorn Brain” буюу Попкорн тархи гэж нэрлэж байна. Энэ нэр томьёог анх Вашингтоны их сургуулийн компьютер судлаач Дэвид М. Леви гаргаж ирсэн. Тэрээр үүнийг цахим орчинд олон үйлдэл зэрэг хийхэд хэт автсанаас болж, амьдралын тайван хэмнэл сонирхолгүй санагдах үзэгдэл гэж тодорхойлжээ. Энэ нь зөвхөн өсвөр насныхан гэлтгүй ухаалаг утас хэрэглэдэг хүн бүрд илэрч байна.

Хэрэв та өөрийгөө ийм төлөвтэй байгаа эсэхийг мэдэхийг хүсвэл утсаа өөр өрөөнд үлдээгээд үзээрэй. Утсаа авах гэсэн хүсэл танд хэр олон удаа төрж байгаагаар нь анхаарал хамаарлаа мэдэж болно.

Энэхүү цахим хамаарлын талаар мэдэх ёстой 5 гол баримтыг хүргэж байна.

1. Энэ бол сэтгэцийн өвчин биш

Попкорн тархи нь Америкийн Сэтгэл Судлалын Ассоциациас албан ёсоор хүлээн зөвшөөрсөн онош эсвэл сэтгэцийн эмгэг биш юм. Энэ нь ердөө л нэг бодлоос нөгөө бодол руу үсчиж, бодит амьдрал дээр анхаарлаа төвлөрүүлж сууж чадахгүй байгаа тархины төлөв байдал юм.

2. Сошиал медиагийн алгоритм анхаарлыг татдаг

Хүний тархи төрөлхийн бусдаас урамшуулал, эерэг хандлага авахыг хүсдэг. Сошиал медиагийн лайк, сэтгэгдлүүд энэ хэрэгцээг нь өдөөж өгдөг байна. Цахим платформууд алгоритм ашиглан таны сонирхолд нийцсэн, хүчтэй сэтгэл хөдлөл үүсгэх контентыг үзүүлдэг. Үүнийг шалгах бүрд тархинд аз жаргалын даавар болох допамин ялгардаг тул хүмүүс утаснаасаа салж чаддаггүй.

3. Олон ажлыг зэрэг хийх нь тархийг туйлдуулдаг

Нэг ажил хийнгээ хажуугаар нь утсаа оролдох нь олон ажлыг зэрэг хийх (multitasking) хэлбэр юм. Судалгаагаар хүний тархи олон ажлыг зэрэг чанартай хийхдээ муу болохыг тогтоожээ. Анхаарлаа нэгээс нөгөө рүү ойр ойрхон шилжүүлэх тусам тархи амархан ядарч, анхаарал төвлөрүүлэх чадвар улам буурдаг. Анхаарал сарних тусам дараагийн сарнилт улам амархан болдог байна.

4. Технологийн хязгаарлалт ашиглах

Утасныхаа тохиргоог ашиглан ирэх мэдэгдлүүдийг шүүж сурах хэрэгтэй. Ажилтай үедээ эсвэл унтахын өмнө "Төвлөрөх горим" (Focus mode) болон "Бүү саад бол" (Do not disturb) тохиргоог асааж хэвшээрэй. Мөн аппликейшнүүдэд өдөрт ашиглах цагийн хязгаарлалт тогтоож өгвөл сошиал медиад хэт их цаг үрэхээс сэргийлнэ.

5. Төвлөрөх аргуудыг турших

Технологийн хэрэглээгээ хянахын тулд утсаа хажуунаасаа холдуулах, өөр өрөөнд тавих зэрэг алхмуудыг хийгээрэй. Мөн цагийн менежментийн Помодоро (Pomodoro) аргыг ашиглаж болно. Энэ нь 25 минут ямар ч сатаарах зүйлгүйгээр бүтээмжтэй ажиллаад, 5 минут амрах тактик юм. Дөрвөн удаа ийм давтамжтай ажилласны дараа 15-30 минутын урт хугацааны амралт авч тархиа амраах хэрэгтэй.

Энэхүү мэдээллийг дуустал нь анхаарлаа хандуулан уншиж чадсан бол танд баяр хүргэе. Анхаарлаа төвлөрүүлж сурах нь дадал хэвшлээс шууд хамаардаг тул дээрх аргуудыг өдөр тутамдаа хэрэгжүүлээд үзээрэй.

#Попкорн тархи #анхаарал төвлөрүүлэх