Тост Тосон Бумбын Нуруунд археологийн 2000 гаруй олдворыг бүртгэжээ


О.Батхишиг | YOLO.MN
ӨЧИГДӨР

Өмнөговь аймгийн Гурвантэс сум бол Монгол орны хамгийн уудам газар нутагтай сум юм. Тус сумын нийт нутаг дэвсгэрийн 32 хувийг Тост Тосон Бумбын нурууны улсын тусгай хамгаалалттай газар эзэлдэг.

Зэрлэг амьтдын өлгий, цоохор ирвэсийн дэлхий дэх хамгийн өндөр нягтаршилтай эл нутгийг унаган төрхөөр нь хадгалан хойч үедээ өвлүүлэхийн тулд 2016 онд Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан юм. Энэхүү шийдвэр нь 2008 оноос эхэлсэн нутгийн иргэдийн санаачилга, уйгагүй тэмцлийн үр дүн байжээ.

Хамгаалалтын захиргаа анх 2020 онд найман ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 17 орон тоотойгоор судалгаа шинжилгээ, эргүүл хяналтын үр дүнд дахин давташгүй байгаль, нутаг усаа хамгаалан ажиллаж байгаа аж.

Тус газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Сэржмядаг, "Тост Тосон Бумбын нурууны 896 мянга гаруй га газар нутгийг есөн байгаль хамгаалагч бүсчлэн хариуцаж, нэг байгаль хамгаалагч 83-87 мянган га талбайг хамгаалдаг. Бид сар бүр эргүүл хяналтаар явж, амьтдын судалгаа хийж үүнд үндэслэн хамгааллын арга хэмжээ авдаг. 

 

Ирвэс хамгаалах сангийн  2008 оноос хийсэн судалгаагаар Тостын нурууг дэлхийн цоохор ирвэсийн хамгийн өндөр нягтаршилтай цэг болохыг тогтоосон. 

Бид ирвэсийн гол идэш тэжээл болох аргаль, янгирын тоо толгойг бүртгэж,  ирвэс хамгаалах сантай хамтран жил бүр цоохор ирвэсийн судалгаа хийдэг. Зэрлэг амьтдын амьдрах таатай орчныг бүрдүүлэх, унаган ургамлуудыг нөхөн сэргээх, дайжсан амьтдыг сэргээн нутагшуулж, тоо толгойг нь өсгөх нь  манай хамгаалалтын захиргааны менежмент юм. 

Тост Тосон Бумбын нурууны байгалийн нөөц газрын сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн И.Отгонбаатар судалгааны үр дүнгээс хуваалцав.

МУИС болон Улаанбаатар их сургуулийн 2021 оны хамтарсан судалгаагаар Тост Тосон Бумбын Нуруунд 2000 гаруй археологийн олдворыг бүртгэсэн. Үүнээс онцолбол Чулуун зэвсгийн үеийн хоёр том суурин, Хүннүгийн үе болон 13-р зууны үеийн булшнууд бүртгэгдсэн. 

Мөн  тусгай хамгаалалттай газарт 750 гаруй янгир, 200 гаруй аргаль, 2000 орчим (шууд ажиглалтаар) хар сүүлт зээрийг тоолсон.

 

 

#мэдээ