

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын Дарга Ши Жиньпин нар Бээжин хотноо энэ долоо хоногт болох хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтаа эхлүүлээд байна. “Америк нэгдүгээрт” гэсэн бодлогыг баримталдаг Бүгд найрамдах намын Ерөнхийлөгч өөрийг нь дагалдах бизнесийн акулуудын багийг авчирсан нь угтах ёслолын арга хэмжээний үеэр гэрэл зурагчдын дуранд өртжээ.
Ингээд АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хэн хэн багтсан, мөн тэд ямар зорилгоор Номхон далайг гатлан энэхүү айлчлалд оролцож байгаа талаарх гол мэдээллийг хүргэе.
Трамп яагаад Хятадад байгаа вэ?

Дээд хэмжээний уулзалтын гол зорилго нь худалдаа байх юм. Өнгөрсөн жилийн Трампийн хэрэгжүүлсэн импортын барааны татварын бодлого нь АНУ, БНХАУ хоёрын хооронд худалдааны дайн эхлүүлэх шалтгаан болсон.
АНУ-ын зүгээс дэвшилтэд технологийн компьютерын чипүүдийг Хятад руу нийлүүлэхийг хориглосон бол Бээжингийн талаас үүнд нь хариу болгож батарей, эмнэлгийн хэрэгсэл болон зэвсэг үйлдвэрлэлд нэн чухал шаардлагатай ховор элементийн экспортыг үе үе таслан зогсоосон байдаг.
Мөн Хятад АНУ-аас шар буурцаг худалдан авахаа зогсоосон нь Трампийг дэмждэг Америкийн хөдөө тосгоны фермерүүдэд хүнд цохилт болж очсон. Хэдийгээр арван сард хоёр тал ярилцсаны дараа худалдан авалт хэвийн үргэлжилсэн ч 2025 оны байдлаар АНУ-ын Хятадаас импортолсон нийт шар буурцгийн дүн 75%-иар буурсан статистик гарчээ.
Одоо хоёр удирдагчид худалдааны дайнаас үүдэлтэй үүссэн ан цавыг нөхөж, харилцаагаа эргэн сэргээхээр уулзаж байгаа юм. Трампийн хэлснээр тэр Ши Жиньпинтэй юу юунаас илүүтэйгээр худалдааны талаар онцолж ярилцана гэсэн ч өөр бусад асуудлууд худалдааны асуудлыг түрэн орж ирэх магадлалтай.
Хэн хэн Трампийг Хятадад дагаж ирсэн бэ?
Ерөнхийлөгчийн хувийн онгоц мягмар гарагт Мэрилэнд муж дахь Эндрюсийн нэгдсэн баазаас хөөрөхөд Трамп ганцаараа байгаагүй. Түүнтэй хамт Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Пит Хегсет, Худалдааны төлөөлөгч Жэймисон Грир нар болон бизнесийн салбарын цөөн хэдэн удирдах албан тушаалтнууд хамт байжээ.
Эрик Трамп

Дональд Трампийн хоёр дахь хүү, “Trump Organization” компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Эрик Трампаас жагсаалтаа эхлүүлсэн нь зүй ёсны хэрэг билээ. Тэрээр өөрийн ах Дональд Трамп Жр-той хамтдаа тус компанийн дэлхий даяарх үл хөдлөх хөрөнгүүд, гольфийн талбай болон тансаг зэрэглэлийн зочид буудлуудын үйл ажиллагааг удирддаг.
New York Times-ийн мэдээлснээр Эрик Трампийн Хятадад ирсэн нь ямар нэг бизнесийн хэлэлцээ хийх биш зүгээр л өөрийн аавыг дэмжих зорилготойгоор уг төлөөллийн багт байгаа гэж бичжээ.
Эриктэй хамт өмнө нь Бүгд найрамдах намын Үндэсний хорооны хамтран даргалагчаар ажиллаж байсан түүний эхнэр Лара Трамп ч уг нислэгээр хамт ирсэн байна.
Женсен Хуан

Трамп Бээжин орох замдаа онгоцонд нь түлш хийхээр Аляскад түр зогсох үеэр “Nvidia” компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуангийг хувийн онгоцондоо урин суулгажээ. Хэдхэн сарын өмнө “Nvidia” компани өөрийн хиймэл оюун ухааны дэвшилтэд чипүүдийн нэг болох “Н200” загварыг Хятадад худалдах нөхцөлт зөвшөөрлийг аваад байсан юм.
Чипийг Хятадад худалдаалах нөхцөлд, АНУ-ын дотоодын чипийн хэрэгцээг бүрэн хангасан байх ёстой болон чипүүдийг Хятад руу гаргахаас өмнө заавал хөндлөнгийн хяналт шалгалтаар оруулсан байх ёстой гэсэн шаардлагууд багтаж байна.
Худалдааны яамны Үйлдвэрлэл, аюулгүй байдлын товчооноос тогтоосон энэхүү дүрэм нь Хятад руу чип экспортлох өмнөх шалгуур, босгыг бууруулж технологийн экспортын хяналтыг хөнгөвчилсөн үйлдэл болсон юм. Мөн Хятадын талаас импортолж авсан Н200 чипүүдийг цэрэг зэвсгийн зориулалттай ашиглах нь хориотой бөгөөд АНУ-д зарагдаж буй чипийн хэмжээний 50%-иас бага хувийг л авах боломжтой.
Н200 нь “Nvidia”-ийн үйлдвэрлэдэг хамгийн дэвшилтэд, хүчин чадал сайтай чип биш. Хамгийн дэвшилтэд чипүүд нь Blackwell болон тун удахгүй хэрэглэгчдийн хүртээл болох Rubin нар юм. Эдгээрийг гадагшаа ямар нэг улс руу экспортлох хориотой байдаг.
Илон Маск

Ерөнхийлөгчийн “Air Force One” онгоцонд Tesla болон SpaceX-ийн гүйцэтгэх захирал Илон Маск суусан талаар Цагаан ордны нэрээ нууцалсан албан тушаалтан AP агентлагт мэдээлжээ. Маск өнгөрсөн 11 сард татан буугдсан Засгийн газрын үр ашгийн яамыг ахалж байсан билээ.
Саяхан тэрээр Трамптай ширүүн маргааныг өрнүүлж, түүнийг бэлгийн хүчирхийлэгч, гаж донтон Жэффри Эпштейнтэй холбоотой байсан мэдээллээ нуун дарагдуулж байна хэмээн нотлох баримтгүйгээр буруутгаж байв. Дараа нь тэрбумтан маань зарим нэг хэлсэн зүйлдээ харамсаж байгаагаа илэрхийлсэн байдаг.
Брэтт Ратнер

АНУ-ын Тэргүүн хатагтай Мелиниа Трампын тухай Амазоны “Меланиа” баримтад киног найруулсан Бретт Ратнер Ерөнхийлөгчийн онгоцонд явж байхыг гярхай сэтгүүлчид олж харжээ. Тэрээр 2017 онд хэд хэдэн эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдсанаасаа хойш Холливудын хар жагсаалтад орж, уран бүтээл хийх эрхгүй болоод байсан юм.
Хятадад хийх хэлэлцээрт оролцохоор ирсэн бизнесийн удирдах албан тушаалтнуудын бүрэлдэхүүнд дараах хүмүүс оролцсоныг Трамп мэдэгдсэн.
Тим Кук – "Apple" компанийн гүйцэтгэх захирал
Ларри Финк – "BlackRock" хөрөнгө оруулалтын компанийн ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал
Стивен Шварцман – "Blackstone" группийн хамтран үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал
Роберт "Келли" Ортберг – "Boeing" компанийн гүйцэтгэх захирал
Брайан Сайкс – Хөдөө аж ахуйн "Cargill" корпорацын ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал
Жейн Фрейзер – Санхүүгийн "Citi" группийн ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал
Х. Лоуренс Калп – "GE Aerospace" (Женерал Электрик Агаарын тээвэр) компанийн ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал
Дэвид Соломон – "Goldman Sachs" банкны ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал
Санжай Мехротра – Хагас дамжуулагчийн "Micron" компанийн ТУЗ-ийн дарга, ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал
Кристиано Амон – Технологийн "Qualcomm" компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал
Бизнесийн акулууд тэнд ямар зорилгоор очсон бэ?

Тэдний хувьд нэн тэргүүнд хөрөнгө оруулалтын нөхцөл тохирч арилжааны томоохон гэрээнүүдийг байгуулахыг зорих нь гарцаагүй. АНУ-ын Ерөнхийлөгч нарын дипломат айлчлалыг бизнесийн салбарт тэргүүлэгчид дагалдан явах нь тийм ч содон зүйл биш бөгөөд АНУ, Хятадын дээд хэмжээний уулзалтуудын үеэр бизнесийн томоохон хэлэлцээр эсвэл худалдан авалтууд албан ёсоор зарлагддаг жишигтэй.
Трамп эхнийхээ бүрэн эрхийн хугацаандаа буюу 2017 онд Бээжинд айлчлахдаа мөн л корпорацуудын томоохон төлөөлөгчдийн багийг авчирсан байдаг. Тухайн үед хоёр улсын компаниуд нийт 250 тэрбум ам.доллар бүхий худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд гарын үсэг зурж байжээ.
Эх сурвалж: ABC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!