Утсаа тавиад, өөрийгөө сонсох нь: Ганцаараа байх нь яагаад заримдаа хамгийн зөв сонголт болдог вэ?


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Олон хүн ганцаараа байхыг ганцаардал эсвэл уйтгартай гэж үзэх нь түгээмэл. Гэвч үнэндээ зарим үед ганцаараа байх нь өөрийгөө илүү сайн ойлгож, сэтгэлээ амраах болоод дараагийн хийх зүйлсээ илүү цэгцтэйгээр төлөвлөхөд туслах үнэ цэнтэй цаг болдог.

Та хамгийн сүүлд хэзээ үнэхээр ганцаараа цагийг өнгөрөөсөн бэ? Гар утсаа оролдолгүй, хэнтэй ч чатлахгүй, зүгээр л өөртэйгөө байсан тэр мөчөө санаж байна уу? Бидний өдөр тутмын амьдралд харилцах хүмүүс, сошиал медиа, тасралтгүй ирэх мэдэгдлүүдээр хүрээлэгдсэн үед өөртөө зориулсан цаг гаргах нь урьд өмнөхөөсөө нандин цаг болсон бололтой.

Ганцаараа байх нь хүмүүсээс өөрийгөө тусгаарлах гэсэн үг биш. Харин өөрийгөө сонсож, бодлоо цэгцэлж, эрч хүчээ нөхөх боломж юм. Энэхүү нийтлэлээр ганцаараа цагийг хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх, мөн энэ зуршил таны сэтгэлзүй болон өдөр тутмын амьдралд ямар эерэг нөлөө үзүүлж болох талаар бэлтгэлээ.

Яагаад? Гэх асуултыг олон давтамжтай өөрөөсөө асуух

Ганцаараа байна гэдэг нь өөрийнхөө дотоод ертөнц рүү өнгийх хамгийн том боломж юм. Амьдралыг дөнгөж танин мэдэж буй жаахан хүүхэд эцэг эхээсээ бүхий л зүйлсийг лавлаж, сониучирхан асуудаг шиг та ч гэсэн өөрийнхөө бодол, мэдрэмж, үйлдлүүдийг анзаараад өөрөөсөө "Яагаад?" гэж асуугаад үзээрэй.

Бидний амьдарч байгаа нийгэм, гэр бүлийн хүмүүжил, соёл болон хүрээлэн буй орчин өсөж торнихоос эхлээд stereotype буюу хэвшмэл ойлголтуудыг суулгачихсан байдаг. Хүмүүсийн олноороо дагадаг тренд, хувцаслалт, цаашлаад амьдралын хэв маяг яг таны хүсэл мөн үү? Та "Би яг яагаад энэ мэргэжилд дуртай юм бол?", "Яагаад заавал бусадтай адилхан трендийг дагах ёстой гэж?", эсвэл "Яагаад би өнөөдөр ийм мэдрэмж авсан бэ?" гэх мэтээр бүхий л зүйлийг нарийвчлан шинжлээрэй. Энэхүү асуултын хариултыг хайх явцад та нийгмийн хайрцагнаас гарч, өөрийнхөө жинхэнэ үзэл бодол, үнэт зүйлийг олж авна гэдэгт итгэлтэй байна.

Ном унших

Ганцаараа байх хугацааг хамгийн сонирхолтой, үр дүнтэй өнгөрүүлэх шалгарсан арга бол яах аргагүй ном унших юм. Гар утас, сошиал медиагийн богино хэмжээний бичлэгүүд бидний анхаарал төвлөрлийг сарниулж байдаг бол ном унших нь тархийг гүн төвлөрөхөд

сургадаг. Та өөрийн сонирхдог уран зохиол, хувь хүний хөгжил, эсвэл шинжлэх ухааны бүтээлүүдээс сонгон уншаарай. Энэ нь зөвхөн мэдлэг нэмээд зогсохгүй, өөр хүний нүдээр ертөнцийг харан өөр цаг хугацаа, орон зайгаар аялах боломж юм.

Өөртэйгөө болзоонд явах

Ганцаараа кофе шопд суух, дуртай ресторанд орох эсвэл кино үзэхээс олон хүн эмээх хандлагатай байдаг. Гэвч өөрийнхөө дуртай газраар хааяа ганцаараа аялах нь өөрийгөө хайрлах, өөртөө итгэх итгэлийг маш ихээр нэмэгдүүлдэг. Бусдаас хамааралгүйгээр ганцаараа ч гэсэн цагийг сайхан өнгөрүүлж чаддаг гэдгээ мэдрэх нь маш том эрх чөлөө юм.

Профессор Ребека Ратнерын хийсэн 2015 оны судалгаагаар хүмүүс ганцаараа сонирхолтой зүйл хийхээс татгалздаг гол шалтгаан нь "Бусад хүмүүс намайг юу гэж бодох бол?" гэсэн айдас байдаг. Гэвч бодит байдал дээр ганцаараа кино үзэх, кофе шопд суух нь бусадтай цуг байхаас дутахгүй өндөр сэтгэл ханамжийг өгдөг бөгөөд хүмүүс биднийг бодсон шиг маань тэгж их анзаарч, шүүмжилдэггүй байна.

Ирээдүйгээ шинэчлэн төлөвлөх

Өдөр тутмын завгүй хэмнэл дунд бид яг хаашаа явж байгаагаа бодох завгүй гүйлддэг. Нам гүм орчинд ганцаараа суухдаа амьдралынхаа ойрын болон алсын зорилгуудыг эргэн харж, төлөвлөгөө гаргаарай. Сардаа эсвэл долоо хоногтоо ганцхан удаа ийнхүү цаг гаргаж хэвшвэл цаашдаа бусдын нөлөөнд амархан авталгүйгээр өөрийнхөөрөө явж чадна. Ирээдүйд яг юу хиймээр байгаагаа төлөвлөөд одооноос эхлэн ямар үйлдлүүдийг өөртөө хэвшүүлж хийж эхлэх хэрэгтэй гэх мэтчилэн хийх зүйлсээ нарийн төлөвлөөрэй.

Шинэ зуршил, бүтээлч чадварт өөрийгөө сорих

Хэн нэгнийг хүлээж цаг алдалгүй, эртнээс сурахыг хүсэж байсан зүйлээ зоригтойгоор эхлүүлэх хамгийн тохиромжтой үе бол ганцаараа байх хугацаа юм. Өдрийн ердөө нэгхэн цаг гэдэг бага хугацаа шиг санагдаж болох ч бүтээмжтай өнгөрүүлж болох үнэ цэнтэй цаг. Гэвч тэрхүү үнэтэй цагаа утсаа оролдож, сошиал медиа ухаж өнгөрүүлнэ гэдэг харамсалтай биш үү?

Энэ цагийг ашиглан код бичиж сурах, дизайны шинэ программууд дээр ажиллаж үзэх, шинэ гадаад хэл сурах эсвэл өөртөө амттай хоол хийж сурах зэргээр залхууралгүйгээр шинэ зүйлийг туршаад үзээрэй. Хажууд тань таныг шүүмжлэх, шаардах хэн ч байхгүй учраас алдахаас огтхон ч айх хэрэггүй. Өөрийнхөө хурдаар, өөрийнхөө сонирхлыг даган суралцах нь танд урьд өмнө нь мэдэрч байгаагүй бүтээмж, өөртөө итгэх итгэлийг бэлэглэх биз ээ.

#healthy