“Hotel Del Luna” цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2020-08-12

Бид өмнөх дугаарт “Миний хөрш Тоторо” киноны талаарх сонирхолтой баримтуудыг хүргэсэн билээ. Харин энэ удаад үхэгсдийн зочид буудлын тухай өгүүлэх “Hotel Del Luna” цувралыг онцолж байна. Инээдэм, хайр дурлал болон бага зэргийн аймшиг хосолсон энэхүү цуврал таныг огтхон ч уйдаахгүй гэж амлая.

Киноны үнэлгээ /IMDb/: 8.3/10
Киноны үнэлгээ /MyDramaList/: 8.7/10
Эхний анги цацагдсан огноо: 2019 оны долдугаар сарын 13
Нийт ангийн тоо: 16
Үйл явдал: Hotel Del Luna бол Өмнөд Солонгос улсын нийслэл Сөүл хотод байрлах эртний нэгэн барилга. Гэвч үүнийг зөвхөн нас барсан хүмүүс л харж чаддаг аж. Jang Man Wol бол энэхүү зочид буудлын эзэн бөгөөд үзэсгэлэнтэй хэдий ч шуналтай бүсгүй. Нэгэн өдөр Goo Chan Sung хэмээх залуухан, чадварлаг залуу менежер уг зочид буудалд ажиллах болсноор киноны үйл явдал өрнөнө. 

ДҮРҮҮД ХООРОНДОО ТОХИРООГҮЙ ЮУ?

Дуучин IU болон залуу жүжигчин Yeo Jin Goo нар энэхүү цувралд дурлалт хосын дүрийг бүтээдэг билээ. Гэвч үзэгчдийн хувьд киноны гол дүрүүд хоорондоо нэг л тохирч өгөхгүй байгаа юм шиг санагдсан гэнэ. 

Жүжигчин Yeo Jin Goo дуучин IU-гаас 4 насаар дүү. Кино урлагт ердөө наймхан настайдаа хөл тавьсан тэрээр ихэнх үзэгчдийн сэтгэлд өхөөрдөм бяцхан хүүгийн дүрээр хоногшсон болоод ч тэр үү, нас бие гүйцсэн залуугийн дүр түүнд нэг л "тохирохгүй" байсан аж. Жүжигчид маань ч мөн нэг нэгнээ анх удаа хараад маш ихээр ичсэн ч зураг авалт эхэлсний дараа хурдан дотноссон гэдэг. 

JANG MAN WOL-ИЙН ИНСТАГРАМ

Кинонд буудлын эзэн Jang Man Wol идсэн хоол, зүүсэн гоёл чимэглэлийнхээ зургийг Инстаграм хуудсандаа нийтлэх дуртай тухай гардаг шүү дээ. Тэгвэл уг дүрд тоглосон дуучин IU киноны үзэгчдэд кориулан Jang Man Wol-ийн Инстаграм хуудсыг хөтөлж эхэлсэн билээ. Уг хаягт зөвхөн "Hotel Del Luna" цувралыг үеэр авахуулсан зургуудыг оруулдаг бөгөөд нийтэд ил болсон даруйдаа 30 мянга гаруй дагагчтай болсон байна. 

Киноны жүжигчдийн хөгжилтэй, дурсамжтай зургуудыг харахыг хүсвэл @fullmoon.long хаягийг дагаарай. 

АЛДАРТАЙ ЗОХИОЛЧИД

БНСУ-ын хамгийн алдартай кино зохиолчдын нэг болох “Hong” эгч дүүс/ Hong Jung-eun, Hong Mi Ran/ нар энэхүү цувралын зохиолыг бичсэн.  Тэд “My Girl” (2005), “You’re Beautiful” (2009), “My Girlfriend is A Gumiho” (2010), “The Master’s Sun” (2013) зэрэг бүтээлүүдээрээ улсдаа ихээхэн алдартай билээ. 

САРНЫ ХОСУУД

Дуучин IU болон жүжигчин Lee Joongi нар "Moonlovers: Scarlet Heart Ryeo" киноны дүрээрээ үзэгчдийн хайр хүндэтгэлийн олж авсан. Цуврал цаашид үргэлжлэхгүй нь нэгэнт тодорхой болсон ч бид тэднийг "Hotel Del Luna" цувралаас дахин нэг удаа хамтад нь харах боломжтой болсон юм. 

Жүжигчид бодит амьдрал дээр маш сайн найзууд. Сонирхолтой нь жүжигчин Lee Joongi энэхүү цувралд санваартны дүрээр туслах дүр бүтээсэн бөгөөд уг ангийн үзүүлэлт маш өндөр байсан байна. 

IU-Д ЗОРИУЛСАН ЗОХИОЛ

Hong эгч дүүс Jang Man Wol-ийн дүрийг дуучин IU-д л зориулан бичсэн гэдэг. Хэрвээ IU уг дүрд тоглохыг зөвшөөрөөгүй бол зохиол цуврал болон хийгдэхгүй байсан аж. 

Аз болж дуучин бүсгүй маань дүрийн саналыг хүлээн авч, дүрээ чадварлагаар бүтээсэн билээ. 

JANG MAN WOL VS IU

IU өөрийн ярилцлагын булангийн онцгой зочноор Jang Man Wol-ийг урьсан. Тэрээр үзэгчдээс Jang Man Wol-ийн тухай мэдэхийг хүсдэг зүйлсийг цуглуулж, ярилцлагадаа урьж, өөрийн биеэр асуултуудаа асуусан нь нэвтрүүлгийн хувьд их сонирхолтой шийдэл болсон билээ. Та IU яаж өөртэйгөө ярих юм бэ гэж гайхаж магадгүй. Тэгвэл дараах нэвтрүүлгийг үзээрэй. 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Цувралын нэгдүгээр бүлэг зочид буудал шинэ эзэнтэй болж буйгаар төгсдөгийг үзэгчид маань санаж байгаа байх. Шинэ эзний дүрд жүжигчин Kim Soo Hyun тоглосон бөгөөд энэ нь түүний цэргээс халагдсанаас хойшхи анхны дүр байсан билээ. Тиймдээ ч үзэгчид цувралын хоёрдугаар бүлгийг "Hotel Blue Moon" нэртэйгээр гарна хэмээн таамаглаад байсан ч "TVn" сувгийн зүгээс цувралын үйл явдал үргэлжлэхгүй талаар албан ёсны мэдэгдэл хийсэн. 

Гэсэн ч жүжигчин Kim Soo Hyun “It’s Okay Not To Be Okay” (2020) цувралаар эргэн ирж шүтэн бишрэгчдэдээ бэлэг барьсан билээ.

Эх сурвалж: Naver, Nate, Soompi

#Бидний мэдэхгүй баримтууд #Hotel Del Luna