

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн Департментаас тун удахгүй тус улс ерөнхийлөгч Трампын зурагтай паспортыг иргэдэд олгож эхэлнэ гэж мэдэгдсэн. Шинэ паспортын дизайн бэлэн болсон даруй Вашингтоны паспортын агент тухайн байгууллагын оффист биечилж очсон хүмүүст шинэ загварын паспортыг олгож эхлэх юм байна.
Гэхдээ үүнийг бүх иргэдэд хүчээр өгч байна гэж ойлгож болохгүй. Шинэ загвар биш харин хуучин загварын паспортыг илүүд үзэгсэд Вашингтоны паспортын агент руу биеэр очилгүй цахимаар захиалах эсвэл өөр хотын паспортын агент руу очиход л болно.
Мөн паспортоос гадна өөр олон төрлийн зүйлст Трампын зураг хэвлэгдэх сурагтай. Эдгээрээс хамгийн ач холбогдолтой нь паспортын дизайн байгаа юм. Учир нь зоос, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үнэмлэхээс ялгаатай нь АНУ-ын паспорт нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны бичиг баримт бөгөөд ихэвчлэн 10 жил хүчинтэй байдаг.

Паспортын шинэ дизайны хар зургийг харвал паспортод Трампын зураг болон түүний гарын үсэг алтан хэвээр бичигдэн паспортын дотор байрлах юм байна.
Энэ талаар Төрийн Департментийн хэвлэлийн төлөөлөгч Томми Пигот хэлэхдээ “АНУ энэ долоодугаар сард Америкийн тусгаар тогтнолын 250 жилийн ойг тэмдэглэж буйг тохиолдуулан түүхэн мөчийг тэмдэглэхээр Төрийн Департментаас шинэ паспортын загварыг цөөн тоогоор гаргах гэж байгаа”
“АНУ-ын паспорт дэлхийн хамгийн өндөр хамгаалалттай бичиг баримт байдаг. Шинээр гарах гэж буй паспорт нь энэхүү чухал шинж чанарыг бүгдийг нь агуулах ба дотор нь буй зураг нь сайжруулсан дүрслэлтэй байх болно” хэмээн үргэлжлүүлсэн байна.

Трампын зурагтай паспортын тухай мэдээллийг анх The Bulwark-аас зарласан бол Fox News паспортын хар зургийг нийтэд танилцуулжээ. Төрийн Департмент шинэ паспортыг энэ зунаас эхлэн олгож эхлэх төлөвлөгөөтэй байгаа ч яг хэдэн ширхгийг хэвлэх тухай мэдээлэл одоохондоо алга байна.
Олонд ил болсон хар зургийн дагуу паспорт дээр хэвлэгдэх ганц зураг нь Трампын царай биш болох нь тодорхой болсон. Паспортын арын нүүрэнд Жон Трамбуллын “Тусгаар тогтнолын тунхаг” хэмээх зураг ч бас байрлах гэнэ.
Одоогийн АНУ-ын паспортын дотор урд нүүрэн дээр нь Перси Моранын зурсан Франсис Скотт Кийгийн дүрслэл байдаг. Энэ нь Форт МакХенри бөмбөгдөлтөд өртсөний дараах өглөөний дүр зураг юм. Тус тулалдаан нь Кий-г АНУ-ын төрийн дууллыг бичих сэдлийг өгчээ. Мөн төрийн дууллын мөртүүд паспортын урд нүүрэн хэсэгт хэвлэгдсэн байдаг ажээ.

Бусад эд зүйлс дээрх Трампын зургийн тухайд өнгөрсөн жил АНУ-ын Дотоод хэргийн яам үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэвтрэх үнэмлэхүүдэд зориулсан “ойн баярын шинэ үнэмлэхийн загварууд”-ыг танилцуулсан ба тэдгээрийн нэг дээр Жорж Вашингтоны болон Дональд Трампын царай хамт дүрслэгдсэн загвар байсан байна.

Тус яамны нарийн бичгийн дарга Даг Бёргам хэлэхдээ, АНУ-ын 250 жилийн ойг болон эх орноо хамгаалсан үе үеийн хүмүүсийг хүндэтгэн шинэ загварын нэвтрэх үнэмлэхийг танилцуулах нь яамны хувьд нэр төрийн хэрэг боллоо гэжээ.
Харин өнгөрсөн сард Дүрслэх урлагийн комисс ойн баяртай холбоотой Трампын дүр төрхийг сийлсэн дурсгалын зоосыг баталсан. Мөн 2025 онд Трампын нэрийг Кеннедигийн төв болон АНУ-ын Энх тайвны хүрээлэнд тус тус нэмж бичсэн байдаг.

Эх сурвалж: CNN Politics
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!