

BTS хамтлаг Мексикт BTS WORLD TOUR ‘ARIRANG’ аялан тоглолтоо 05-р сарын 07, 09, болон 10-ны өдрүүдэд хийхээр төлөвлөөд буй. Тоглолтын тасалбар аль хэдийн бүгд зарагдаж дууссан бөгөөд BTS нь товлосон өдрүүдээс өмнө тус улсын ерөнхийлөгч Клаудиа Шейнбаумтай албан ёсны уулзалт хийсэн байна.
Дэлхийн супер одод болох RM, Jin, SUGA, j-hope, Jimin, V, Jungkook нартай хийсэн уулзалт Мексикийн үндэсний ордонд болж өнгөрчээ.

Хамтлагийн гишүүд ерөнхийлөгчтэй 40 гаруй минут ярилцсаны дараа ордны тагтан дээр гарч ирэн олон нийттэй мэндчилсэн байна. Constitution Plaza дахь Zocalo талбайд BTS-ийг харахаар ойролцоогоор 50,000 шүтэн бишрэгчид цугласан байсан ба тухайн үед авсан зураг, бичлэгүүдээс үзвэл талбай бүхэлдээ дүүрч чөлөөтэй алхах ч зай байхгүй байгааг харж болно.

BTS тэднийг дэмждэг, харахаар ирсэн ARMY нартаа хандаж Испани болон Англи хэлээр талархлаа илэрхийлэн халуун, дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн байна. Үүний хариуд зөвхөн хамтлагийн гишүүдийг харахаар ирэн ордны гадна хэдэн цаг хүлээсэн фенүүд BTS-ийн шинэхэн цомог болох ARIRANG-аас Body to Body гэх мэт хэд хэдэн дуунуудыг дуулжээ.
Хамтлагийн ахлагч RM цугларсан хүмүүст талархсанаа илэрхийлэн “Бид маргааш болох тоглолтыг тэсэн ядан хүлээж байна. Хамтдаа хөгжилдөцгөөе. Та бүгдэд маш их хайртай шүү. Баярлалаа” хэмээн хэлсэн байна.

Түүний дараа V цугларсан олонд зориулан Испаниар “Би Испани хэлээр сайн ярьдаггүй ч хичээх болно оо” гээд үргэлжлүүлэн “Та бүгдийг санасан байна. Бид Мексикийг маш их санасан. Эндхийн эрч хүч үнэхээр гайхалтай мэдрэгдэж байна. Биднийг дэмжиж, хайрлаж буйд чинь маш их баярлалаа. Дараа уулзталаа түр баяртай” гэжээ.

Үүний хариуд ерөнхийлөгч Шейнбаум иргэддээ хандан “Би BTS-ээс дараа жил дахиж ирэхийг аль хэдийн гуйчихсан” хэмээсэн байна.
Явахынхаа өмнө Тэхён фенүүд рүүгээ “Mucho picante!” хэмээн хашхирсан бөгөөд махчлан орчуулбал “Үнэхээр халуухан” гэж орчуулагдах ч энэ үгийг тэрээр El Paso дахь ARIRANG тоглолтынхоо үеэр талархсан сэтгэлээ илэрхийлэхдээ ашиглаж байсан юм.
Уулзалтын дараа RM, SUGA болон Jimin нар өөрсдийнхөө инстаграм хаягаар нийт ирсэн асар их фенүүдийнхээ зураг, бичлэгийг нийтэлсэн бол ерөнхийлөгч Шейнбаум өөрийн гарын үсэгтэй пянз барин хамтлагийн гишүүдтэй авхуулсан зургаа оруулжээ. Тэрээр зургийн тайлбар дээрээ “Мексикийн залуусын хамгийн их хайрлаж, хүндэтгэдэг хамтлагийн нэг болох BTS-ийг халуун дотноор хүлээн авч байна. Дуу хөгжим болон үнэт зүйлс нь Мексик, Өмнөд Солонгос хоёрыг нэгтгэдэг билээ” гэсэн байна.

Spotify дээр 14 сая гаруй к-поп сонсогчтой Мексик нь уг хөгжмийн урсгалын дэлхийн тав дахь томоохон зэх зээл бөгөөд Global Top 10 жагсаалтад багтсан цорын ганц испани хэлт улс юм. BTS болон хамтлагийн гишүүн Jimin нь Мексик ард түмний хамгийн их сонсдог уран бүтээлчид ажээ.

BTS хамгийн сүүлд 2017 онд KCON Mexico арга хэмжээний үеэр Mexico City Arena-д тоглолтоо хийж байсан билээ. Үүнээс есөн жилийн дараа буюу энэ сард тус хамтлаг нь Estadio GNP Seguros цэнгэлдэхэд гурван үдэш дараалан тоглох бөгөөд уг тоглолтуудын 150,000-аас дээш тасалбар ердөө л 37 минутын дотор зарагдаж дууссан байна.
Mexico City Chamber of Commerce-ийн тооцоолсноор BTS ARIRANG тоглолтууд тус хотын эдийн засагт ойролцоогоор 115.3 сая ам.долларын хувь нэмэр оруулах төлөвтэй байгаа гэнэ.
Эх сурвалж: Forbes
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!