

Марафоны улирал эхэлсэнтэй холбоотойгоор залуус гүйлтийн бэлтгэл болон амжилтаа Strava аппликэйшн ашиглан сошиал сувгуудаар идэвхтэй хуваалцаж байна. Хүмүүсийн стори болон пост дээрх тэрхүү статистик мэдээллүүд нь тухайн хүний бие бялдрын ачаалал болон гүйлтийн чанарыг илтгэдэг. Тэгвэл эдгээр үзүүлэлтүүд яг юуг өгүүлдэг болохыг дэлгэрэнгүй танилцуулъя.
STRAVA АППЛИКЭЙШНИЙ ТУХАЙ
Strava аппликэйшн нь гүйлт, дугуй, усанд сэлэлт зэрэг 30 гаруй төрлийн хөдөлгөөнийг бүртгэх зориулалттай бөгөөд спортоор хичээллэгсдийн өөрийн амжилтаа тэмдэглэх, бусадтай хуваалцах үндсэн талбар юм. Хэрэглэгчид үүнийг спортын ертөнцийн сошиал сүлжээ гэж тодорхойлдог. Strava нь дасгал хөдөлгөөний үйл явцыг GPS ашиглан хянаж туулсан зай, хугацаа ба хурд, өндрийн өөрчлөлт, маршрут зэрэг үзүүлэлтийг харуулдаг.
ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ?
Хэрэглэгч аппликэйшнийг ухаалаг утсандаа татаж суулгасны дараа бүртгэл үүсгэнэ. Дасгал эхлэхийн өмнө бичлэг хийх товчийг дарснаар апп таны хөдөлгөөнийг бүртгэж эхэлнэ. Мөн Garmin, Apple, Samsung зэрэг брэндийн ухаалаг цагнуудтай шууд холбогдож, цагнаас мэдээллээ хуулж авдаг давуу талтай.
Strava нь бусад хэрэглэгчдийг дагах, тэдний хийсэн дасгалд урамшуулал өгөх болон сэтгэгдэл үлдээх боломжийг олгодог. Мөн тодорхой нэг замаар гүйсэн бүх хүмүүсийн хурдыг харьцуулсан чансааны хүснэгтийг гаргадаг нь хүмүүс өөрийн амжилтаа ахиулахад нөлөөлдөг байна.

STRAVA АППЛИКЭЙШНИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
1. Distance буюу Туулсан зай
Энэ нь тухайн гүйлтийн явцад нийт хэдэн километр замыг туулсныг харуулна. Гүйлтийн спортод энэ нь хамгийн суурь үзүүлэлт юм. Жишээ нь, марафонд бэлдэж буй хүн долоо хоногийн нийт зайгаа ахиулах замаар тэсвэр хатуужлаа нэмэгдүүлдэг.
2. Pace буюу Хурдны хэмжүүр
Гүйлтийн спортод хурдыг км/цаг-аар бус, харин Pace буюу нэг километр замыг туулахад зарцуулсан хугацаагаар хэмждэг.
Жишээ нь: Хэрэв хүний стори дээр "5:30 min/km" гэж байвал тухайн хүн 1 км-ийг 5 минут 30 секундэд туулсан гэсэн үг.
Энэ тоо бага байх тусам тухайн хүн хурдан гүйж байна гэж ойлгоно. Мэргэжлийн тамирчид болон сонирхогчид энэ үзүүлэлтээр гүйлтийнхээ эрчмийг хянадаг.
3. Moving Time буюу Хөдөлгөөнт хугацаа
Strava нь нийт зарцуулсан хугацаа болон зөвхөн хөдөлгөөнтэй байсан хугацааг ялгаж харуулдаг. Та гүйж байхдаа амсхийх эсвэл гэрлэн дохион дээр зогсох үед апп автоматаар хугацааг зогсоодог. Сторин дээр харагддаг хугацаа нь ихэвчлэн цэвэр гүйсэн хугацааг илэрхийлдэг.
4. Elevation Gain буюу Өндрийн өсөлт
Улаанбаатар хотын хувьд хүмүүс ихэвчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн эсвэл хотын төвөөр гүйдэг бол зарим нь Богд уул руу гүйдэг. Elevation Gain нь тухайн хүн гүйх явцдаа нийт хэдэн метрийн өгсүүр замыг туулсныг харуулна. Өндөр авах тусам зүрх судасны ачаалал нэмэгддэг тул энэ нь бэлтгэлийн хүндрэлийн түвшинг илтгэнэ.
5. Relative Effort буюу Харьцангуй хүчин чармайлт
Хэрэв хэрэглэгч зүрхний цохилт хэмжигчтэй (ухаалаг цаг гэх мэт) холбогдсон бол Strava тухайн гүйлт бие махбодод хэр их ачаалал өгснийг тооцоолдог. Энэ нь тухайн хүний ердийн бэлтгэлийн түвшнээс давсан эсэхийг оноогоор илэрхийлдэг үзүүлэлт юм.
6. Cadence буюу Алхалтын давтамж
Энэ нь нэг минутад хэдэн алхам хийж байгааг харуулдаг тоо юм. Гүйлтийн техникийн хувьд нэг минутад 170-180 алхам хийх нь хамгийн үр дүнтэй бөгөөд бэртэл авах эрсдэлийг бууруулдаг гэж үздэг. Мэргэжлийн түвшний сонирхогчид энэ үзүүлэлтийг маш их анхаардаг.
ЯАГААД ХҮМҮҮС ЭДГЭЭР ҮЗҮҮЛЭЛТЭЭ ХУВААЛЦДАГ ВЭ?

Strava апп нь хэрэглэгчийн амжилтыг өмнөх гүйлтүүдтэй нь харьцуулж, "Хамгийн хурдан 5 км" эсвэл "Хамгийн урт зай" гэх мэт медалиудыг өгдөг. Эдгээр тоон үзүүлэлтүүд нь гүйгчдэд өөрийн ахиц дэвшлээ бодитоор харах боломжийг олгохоос гадна сошиал орчинд бие биедээ урам өгөх, эрүүл амьдралын хэв маягийг уриалах нэг төрлийн соёл болон төлөвшиж байна.
Улаанбаатар марафоны өмнө та ч бас өөрийнхөө боломжийг эдгээр үзүүлэлтээр хэмжиж үзээрэй. Танд амжилт хүсье!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!