"БИ ҮГҮЙ" үзэсгэлэн тун удахгүй...


YOLO.mn | YOLO.MN
ӨНӨӨДӨР

МУЭ-ийн шагналт зураач, Унгар улсын Дүрслэх урлагийн их сургуулийн уран бүтээлийн доктор /DLA/, СУИС-ийн Дүрслэх Урлагийн Академийн захирлын үүргийг орлон гүйцэтгэгч зураач Очирбатын Энхтайваны "БИ ҮГҮЙ" үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна.

Монголын орчин үеийн дүрслэх урлагийн салбарт философи, ухамсрын гүн гүнзгий эрэл, байгаль ба оршихуйн тухай эргэцүүллийг хослуулан илэрхийлэгч, уран бүтээлч, судлаач билээ. Тэрээр Унгар улсын Дүрслэх Урлагийн Их Сургуульд “ Visualization of Emptiness, Nonself” сэдвээр DLA/ Doctor of Liberial Arts/ докторын зэрэг хамгаалсан байна.

СУИС-ийн Дүрслэх Урлагийн Академид 20 дахь жилдээ Уран зургийн багшаар багшилж, олон залуу уран бүтээлчдийг урлагийн их замд хөтөлсөн юм. Одоо Дүрслэх Урлагийн Академийн захирлын албанд томилогдон ажиллаж байна.

Түүний бүтээлүүд нь хувь тавилангийн дүрслэл, буддын гүн ухаан, карма, гэгээрэл, там, диваажин, хоосон чанар зэрэг сэдвийг шинжлэх ухаан, сэтгэл судлал, далд ухамсар, харь гариг, ертөнцийн гурав, ардын зүйр үгс, бөөгийн зан үйл ба өдөөн хатгасан хүчтэй төсөөлөл зэрэгтэй уялдуулан гүн утга агуулгатайгаар илэрхийлэгддэг.

Тэрээр хоосон чанар ба бодит оршихуйн зааг, тэдгээрийг визуал түвшин дэх орон зай, мөн чанарын илэрхийллийг гүнзгий судлан, уран зураг, өрөг урлаг, видео арт, баримал, холимог техник ба үйлдлийн урлагаар уран бүтээлээ хийж байна.

О.Энхтайван зураач бие даасан 9, хамтран оролцсон 60 орчим үзэсгэлэн ба олон улсын нэр хүндтэй төсөл, биенналь, үзэсгэлэн, Art fair Art Basel, арт фестивалиуд, арт симпозиумуудад тогтмол оролцож ирсэн.

Тэрээр 2017 онд 57 дахь удаагийн Венецийн биеннальд Монгол улсаа төлөөлөн "Карма" нэртэй видео инстоляцаар оролцсон ба түүний уран бүтээлүүд Сөүл хотын Метрополитан музей, Lotte арт галерей, Сингапурын Дүрслэх Урлагийн музей, АНУ болон Европын урлагийн байгууллагуудын сан хөмрөгт хадгалагдаж байна.

Энхтайван зураач бол Монгол уран сэтгэлгээг дэлхийн уран сайхны хэлээр хөрвүүлж, оршихуйн мөн чанарыг гүн гүнзгий, олон талт хандлагаар эрж хайж буй содон, онцгой уран бүтээлч юм.

#үзэсгэлэн #БИ ҮГҮЙ