Инстаграмын шинэ систем: Амиа хорлох, өөртөө гэмтэл учруулах хайлтыг эцэг эхэд мэдээлнэ


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨЧИГДӨР

Инстаграм платформ өсвөр насны хэрэглэгч амиа хорлох эсвэл өөртөө гэмтэл учруулахтай холбоотой үг хэллэгийг давтан хайвал эцэг эхэд нь анхааруулга илгээдэг шинэ системийг нэвтрүүлэхээр болжээ. Энэхүү мэдэгдэл нь Инстаграмын эцэг эхийн хяналтын тохиргүү буюу parental supervision тохиргоонд бүртгэлтэй хэрэглэгчдийн эцэг эхчүүдэд хүрэх юм.

Мета компаний эзэмшдэг тус сошиал платформ нь одоогоор амиа хорлох болон өөртөө гэмтэл учруулахтай холбоотой контентыг хайхыг хориглодог. Харин шинэ анхааруулгын систем нь өсвөр насны хүүхэд ийм төрлийн мэдээллийг дахин дахин хайж байгаа тохиолдолд эцэг эхэд нь мэдээлж, тэднийг дэмжих боломж олгох зорилготой юм.

ЯМАР ХАЙЛТУУД АНХААРУУЛГА ӨГӨХ ВЭ?

  • Амиа хорлох, өөртөө гэмтэл учруулахыг өдөөн турхирсан хэллэгүүд
  • Хүүхэд өөртөө аюул учруулах эрсдэлтэй байж болзошгүйг илтгэх үгс
  • “Suicide”, “self-harm” зэрэг шууд нэр томьёонууд

Эцэг эхчүүд анхааруулгыг имэйл, мессеж, эсвэл WhatsApp-аар хүлээн авах бөгөөд аппликейшн дотор мөн мэдэгдэл харагдана. Мэдэгдэлд хүүхэдтэйгээ хэрхэн зөв, ойлголцсон байдлаар ярилцах талаар зөвлөмж, эх сурвалжууд багтана.

ШҮҮХИЙН МАРГААНУУДЫН ДУНД ГАРЧ БУЙ ШИЙДВЭР

Сүүлийн үед Meta Platforms болон бусад томоохон технологийн компаниудыг өсвөр насныханд сөрөг нөлөө үзүүлсэн гэх үндэслэлээр хэд хэдэн шүүхийн нэхэмжлэлд татан оролцуулж байгаа юм.

АНУ-ын Калифорни мужийн шүүхэд болж буй хэргийн үеэр Инстаграмын тэргүүн Adam Mosseri прокуроруудын асуултад хариулт өгөхдөө өсвөр насныханд зориулсан аюулгүй байдлын энгийн функцууд буюу  хувийн мессеж дэх нүцгэн зураг илрүүлэх шүүлтүүр нэвтрүүлэх ажил удааширсан талаар шүүмжлэлд өртсөн байна.

Мөн Лос Анжелесийн шүүхэд хэлэлцэгдэж буй өөр нэг хэргээр Meta компанийн дотоод судалгаагаар эцэг эхийн хяналт, тохиргоонууд хүүхдийн сошиал медиад донтох зан үйлд төдийлөн үр дүнтэй нөлөө үзүүлээгүй нь ил болсон байна. Судалгаанд дурдсанаар стресс ихтэй нөхцөл байдалд хүүхдүүд сошиал медиа хэрэглээгээ зохистой хэмжээнд барихад илүү хүндрэлтэй байдаг гэнэ.

Ийм нөхцөл байдал дунд шинэ анхааруулгын системийг нэвтрүүлж буй нь цаг үеийн хувьд гайхмаар зүйл биш гэж ажиглагчид үзэж байна.

ТЭНЦВЭРИЙГ ХАДГАЛАХ НЬ ЧУХАЛ

Instagram компани эдгээр мэдэгдлийг хэт олноор илгээхээс зайлсхийхийг зорьж буйгаа онцолсон. Учир нь хэт олон анхааруулга илгээвэл үр нөлөө нь буурах эрсдэл бий болно.

Компанийн блогт дурдсанаар, тэд Инстаграмын хайлтын зан үйлийг шинжилж, амиа хорлолт ба өөртөө гэмтэл учруулах асуудлаар зөвлөдөг мэргэжилтнүүдийн зөвлөлтэй хамтран босго үзүүлэлтийг тогтоожээ. Энэ нь богино хугацаанд хэд хэдэн удаагийн хайлт хийсэн тохиолдолд анхааруулга илгээх зарчимтай бөгөөд болзошгүй эрсдэлийг урьдчилан анхаарах чиглэлд илүү болгоомжтой хандсан шийдэл гэж тайлбарласан байна.

Зарим тохиолдолд бодит эрсдэлгүй байхад эцэг эхэд мэдэгдэл очиж болзошгүй ч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ийм хандлага нь эхний шатанд зөв алхам хэмээн компанийн зүгээс мэдэгджээ.

ХЭРЭГЖИЛТИЙН ХУГАЦАА

Шинэ анхааруулгууд ирэх долоо хоногоос United States, United Kingdom, Australia, Canada улсуудад нэвтэрч эхлэх бөгөөд энэ жилийн сүүлээр бусад бүс нутагт хэрэгжих юм.

Өсвөр насны хэрэглэгч хиймэл оюун ухаантай чатботтой амиа хорлолт, өөртөө гэмтэл учруулах сэдвээр ярилцах оролдлого хийсэн тохиолдолд ч эцэг эхэд мэдэгдэл илгээхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Techcrunch

#Инстаграм