Женнигийн шинэ “FALLEN ANGEL” дуу сонсогчдыг хоёр талд хувааж байна


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨНӨӨДӨР

BLACKPINK-ийн Jennie наймдугаар сарын 28-нд шинэ “FALLEN ANGEL” дижитал EP-гээ албан ёсоор гаргаж, нэртэй нь ижил дууныхаа official video-г танилцуулсан нь цахим орчинд дахин нэгэн том хэлэлцүүлэг үүсгээд байна.

Jennie-ийн өөрийн ODD ATELIER болон Columbia Records-оор дамжуулан гаргасан уг EP нь “FALLEN ANGEL”, “HEAVEN”, “Less than a Lover” гэсэн гурван дуутай. Jennie-ийн агентлагийн мэдээлснээр энэхүү бүтээл нь уран бүтээлчийнх нь “маш хувийн орон зай” болон “жинхэнэ өөрийгөө илэрхийлэх” хүсэл дээр тулгуурласан бөгөөд түүнийг шүтэн бишрэгчдэд зориулсан “бэлэг” хэмээн тодорхойлжээ.

Гэхдээ шинэ дуу гарахаас нь өмнө ч EP тодорхой хэмжээний шүүмжлэл дагуулсан байна. Учир нь Jennie наймдугаар сарын 21-нд гэнэт шинэ EP-гээ зарлахдаа дижитал хувилбар нь ердөө гурван дуутай болохыг мэдэгдсэн. Фэнүүдийн зарим нь түүний фестивалиудаар өмнө нь дуулж байсан шинэ дуунуудаа стриминг платформ дээр хүлээж байсан тул “яагаад тэдгээр дуунууд багтаагүй вэ?” хэмээн менежментийн шийдвэрийг шүүмжилжээ.

Харин сонирхолтой нь энэ түүх үүгээр дууссангүй.

“FALLEN ANGEL” дуу болон official video гарсны дараа хүмүүсийн байр суурь бүр ч тодорхой хоёр талд хуваагдав.

Нэг талд нь Jennie-ийн шинэ, зөөлөн өнгө аясыг онцолж, BLACKPINK-ийн эрч хүчтэй хөгжмөөс ялгаатайгаар соло уран бүтээлчийн хувьд өөр нэг талыг харуулж чадлаа гэж магтсан хүмүүс байв. Сошиалд нэгэн хэрэглэгч Jennie-г “муу хөгжим хийхээс харшилтай юм шиг” хэмээн магтсан бол өөр нэгэн хэрэглэгч түүнийг “үргэлж сайн дуу гаргадаг” шилдэг эмэгтэй соло уран бүтээлчдийн нэг хэмээн бичжээ.

Харин нөгөө талд нь дууг хангалттай шинэлэг биш, уйтгартай хэмээн шүүмжилсэн хүмүүс байлаа. Зарим хэрэглэгч “онцгой, цоо шинэ зүйл алга”, бүр “0/10, маш уйтгартай” гэх зэргээр хатуу үнэлгээ өгсөн байна. Мөн зарим нь Jennie-ийн бүтээл бусад уран бүтээлчдээс хэт их санаа авсан мэт харагдаж байна гэж шүүмжилжээ.

Гэхдээ мэргэжлийн хөгжмийн шүүмжүүдийн өнгө аяс илүү эерэг байна. Daily Bruin EP-г Jennie өөрийн хөгжмийн ертөнцийг үргэлжлүүлэн бүтээж чадсаны илрэл хэмээн дүгнэж, “FALLEN ANGEL” болон “Less than a Lover” дуунууд нь дууны үг, хөгжмийн хослолоор сонсогчидод тодорхой орон зай, уур амьсгал бий болгож чадсан гэж үнэлжээ. Харин “HEAVEN”-ийн үг, бүтцийн хувьд илүү сул тал байгааг онцолсон байна.

Мөн өөр нэг хөгжмийн шүүмжид “FALLEN ANGEL”-ийг EP-ийн хамгийн сонирхолтой хэсэг хэмээн үнэлж, дуу нь эхлэлээсээ эцэс хүртэл хэд хэдэн өөр хөгжмийн чиглэл рүү шилждэг бөгөөд Jennie-ийн өмнөх соло бүтээлүүдээс өөр өнгө аястай гэж онцолжээ. Тус шүүмж “FALLEN ANGEL”-д 5/5 үнэлгээ өгсөн байна.

Дууны official video ч мөн адил анхаарлын төвд оржээ. Jennie видеондоо үлгэрийн мэт боловч харанхуй, сюрреалист дүрслэлүүдийг ашиглаж, ганцаардал, өөрийгөө хайх, эрх чөлөөг эрэлхийлэх сэдвийг харуулсан байна. Нуурын усанд живэх мэт дүрслэл, хунгууд, гал, өргөст бүрхүүл зэрэг бэлгэдэл бүхий хэсгүүд нь фэнүүдийн дунд янз бүрийн тайлбар төрүүлжээ.

Ийнхүү “FALLEN ANGEL” нь зүгээр нэг шинэ дуунаас илүүтэйгээр Jennie-ийн соло карьерын дараагийн чиглэлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн бүтээл болж байна. Ялангуяа дижитал EP-д гурван дуу багтсан ч физик хувилбарт “sweettooth”, “lockitdown”, “Face” гэсэн нэмэлт гурван дуу орж, нийт зургаан дуутай болох нь фэнүүдийн анхаарлыг татсан хэвээр байна. Физик хувилбарын гурван дуу нь одоогоор дижитал хувилбарт байхгүй бөгөөд 10 дугаар сарын сүүлээр гарахаар төлөвлөгджээ.

Тиймээс Jennie-ийн шинэ бүтээлийн талаарх хамгийн сонирхолтой зүйл нь “сайн уу, муу юу?” гэхээсээ илүү тэр өмнөх “Ruby” цомгийнхоо дараа өөрийн уран бүтээлийн өнгө аясыг дахин тодотгож буй явдал байж болохоор байна. Харин “FALLEN ANGEL” энэ шинэ чиглэлийнх нь эцсийн дүр зураг уу, эсвэл дараагийн томоохон цомгийн өмнөх завсрын бүтээл үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

#FALLEN ANGEL #Jennie