Монголд жилд дунджаар 60 гаруй кино нээлтээ хийж, тэдгээрээс 30 гаруй нь кино театраар үзэгчдэд хүрдэг гэсэн тооцоолол бий. Аймшгийн, адал явдалт, инээдмийн, романтик, триллер гээд бүхий л төрлийн кинонууд нээлтээ хийсээр байна. Тэгвэл кино театруудаар нээлтээ хийхдээ хамгийн их тасалбар борлуулж, үзэгчдийг байлдан дагуулсан ямар кинонууд байдаг бол? Энэ жилийнх ч биш, өнгөрсөн жилийнх ч биш, бүх цаг үеийн кинонуудыг нэгтгээд харвал нэлээд хэдэн кино танд бодогдох байх.
“Кино Сан”-гийн хамт олон кино театруудын менежментийн холбооны датаг ашиглан доорх жагсаалтыг гаргажээ. Ингээд бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй Монгол кинонуудыг танилцуулж байна.
10. СҮЙТ БҮСГҮЙ
Нийт үзэлтийн тоо: 166,336
Нээлтээ хийсэн огноо: 2023 он
Найруулагч: С.Батмөнх, Б.Энхжаргал
Жүжигчид: Г.Ундармаа, П.Эрдэнэзаан, А.Туяа, О.Дөлгөөн, Б.Батмаа
“Сүйт Бүсгүй” нь Single Ladies франчайзын 5 дахь кино бөгөөд шинэ төсөл ахалж буй удирдах түвшний 50 настай нэгэн бүсгүй байгууллагынхаа захиралтай үерхсэнээр ажил мэргэжлийн болоод хувийн амьдралдаа олон шинэ асуудалтай тулгарч буй талаар өгүүлэх романтик инээдмийн кино юм. Ганц бие эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон Ариунсанаагийн амьдралд цоо шинэ эргэлт болно. Олон жил бие даан амьдарсан хүчирхэг эмэгтэй хамтын амьдрал бүтээж хаягтай болж чадах болов уу.
9. НОЁН ЭМЭГТЭЙ
Нийт үзэлтийн тоо: 200,418
Нээлтээ хийсэн огноо: 2022 он
Найруулагч: У.Уранчимэг
Жүжигчид: У.Уранчимэг, О.Дөлгөөн, Ш.Доржсүрэн, Ж.Амарзаяа, Ж.Оюундарь, Б.Баярмаа, Т.Дашсурмаа, О.Самданпүрэв, Б.Сэтгэлтүвшин
“Ноён Эмэгтэй” нь 1990-ээд оны эмэгтэйчүүдийн нэгэн хорих ангид хүч нөлөөний төлөөх тэмцэл, урвалт нөхөрлөл, өшөө авалт, өршөөл уучлалаар баялаг өдөр хоногуудыг өнгөрөөж буй эмэгтэй ялтнуудын талаар эмгэнэлт драм кино юм. “Шоронтой” болон “атамантай” киног манай уран бүтээлчид олон хийсэн боловч “Ноён Эмэгтэй” нь дүрүүддээ гурвалжин дөрвөлжин холбоо хамаарал, өрсөлдөөн тэмцлийг бүтээхээр зорьсон нь онцлог болжээ.
8. SINGLE LADIES 4: ЭХЛЭЛ БА ТӨГСГӨЛ
Нийт үзэлтийн тоо: 202,793
Нээлтээ хийсэн огноо: 2020 он
Найруулагч: Л.Бат-Амгалан
Жүжигчид: Г.Ундармаа, А.Туяа, П.Эрдэнэзаан, С.Хүслэн, М.Наранбаатар, Э.Зүнжээ, Б.Ариунхишиг
Гурван бүсгүйн амьдралыг өгүүлэх романтик инээдмийн “Single Ladies” цуврал нь 2010-аад оны Монгол киноны хамгийн “сэтгэлд өег” франчайзын нэг гэдэгтэй олон үзэгч санал нийлэх болов уу.
Киноны үйл явдалд карьер нь амжилттай яваа ганц бие Ари бүсгүй ажлын шугамаар Иран улсын нэгэн хот руу явж буй тухай өгүүлнэ. Тэрээр санамсаргүй явж байгаад эртний үеийн мэт харагдах бөгж худалдан авснаар үл мэдэгдэх далдын хүчээр 13-р зуунд очно. Гэтэл Ари бөгжөө алдсанаар маш олон адал явдалтай учирна.
7. ЗҮРХНИЙ ХИЛЭН
Нийт үзэлтийн тоо: 209,793
Нээлтээ хийсэн огноо: 2017 он
Найруулагч: Б.Тамир
Жүжигчид: Ц.Ганзориг, Н.Сувд, Ж.Оюундарь, Г.Золбоот, М.Баярбат, Э.Алдар, Б.Батсайхан, Б.Ганчулуун, Э.Одбаяр, Ж.Алтаншагай, Б.Барслхагва
Эрболд алба гувчуураа нэхсэн манжийн худалдаачинтай сөргөлдөн Батгүн шоронд хоригдсон бөгөөд хэсэг нөхөдтэй хамт урд нь хэзээ ч хүн оргож зугтааж байгаагүй Батгүнээс зугтаж үйл явдал эхэлнэ. Монгол ноёдын амласан эрх чөлөөний бичгийг авахын тулд эрчүүд хамаг хүчээ дайчлах бөгөөд тэднийг барихын тулд Чин улсаас шинээр ирсэн амбан сайд Фун Жоу тэднийг барихын тулд хамаг аргаа хэрэглэнэ. Эрх чөлөө эх орон эр бие Монгол хүний арга ухаан Монгол ахуй зүрх сэтгэл нь юунд оршдог талаар өгүүлнэ.
6. СОЛИОТ ЭХ
Нийт үзэлтийн тоо: 211,185
Нээлтээ хийсэн огноо: 2017 он
Найруулагч: И.Одончимэг
Жүжигчид: И.Одончимэг, Д.Цэрэндарьзав, Т.Бархүү, Г.Дөлгөөн-Эрдэнэ, Г.Тэнүүн-Эрдэнэ
Хятадын зохиолч Wang Heng Ji-ийн өгүүллэгээс сэдэвлэн бүтээв. 1900-аад оны эхэн үеийн Монголчуудын аж амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг Монгол ухаан зэргийг үзүүлэхийг зорьсон. Мөн хүний мөс чанар, баян хоосны ялгаа, амьдралын үнэ цэнэ, хамгийн чухал нь үхтэл үрийнхээ төлөө зүтгэдэг эх хүний дайчин бөгөөд уян зөөлөн чанар, нинжин сэтгэлийн тухай өгүүлнэ.
5. МОНГОЛ
Нийт үзэлтийн тоо: 217,892
Нээлтээ хийсэн огноо: 2023 он
Найруулагч: Б.Амарсайхан
Жүжигчид: Б.Амарсайхан, Т.Солонго-Уянга, Ч.Найдандорж, З.Жарантив, Л.Энхбаяр, Э.Батнямбуу, Б.Наранбаатар
Харц эр Монгол, угсаа залгамжилсан ноёны охин Сэрчмаад хайр сэтгэлтэй болсноор үйл явдал эхэлнэ. Монгол, Сэрчмаатайгаа ямар ч үнээр хамаагүй хамт байхыг хүсэвч хувь заяа зөвхөн түүний гарт биш байв. Монголчуудын Манжид дагаар орсон он цаг шувтрах үест амьдарч буй Монгол, Сэрчмаа нарын адал явдал тэднийг хайр сэтгэл, шударга ёс, нөхөрлөл, шинэ цагийн төлөөх амь өрссөн тэмцэл рүү хөтлөх тавилантай байсныг хэн нь ч төсөөлөөгүй байлаа.
4. БАЙТАГ БОГД
Нийт үзэлтийн тоо: 243,289
Нээлтээ хийсэн огноо: 2018 он
Найруулагч: О.Бат-Өлзий, Б.Тамир
Жүжигчид: Ц.Цэрэнболд, Г.Лхагвацэрэн, Г.Золбоот, Ц.Алдармаа, Ж.Алтаншагай, Б.Барслхагва, Э.Одбаяр, Б.Батсайхан, Э.Алдар
1945- 1949 оны үед БНМАУ-ын баруун хил хязгаарт маш түгшүүртэй байлаа. Байтаг Богдын орчмоор Хятадын Гоминдаан болон Оспаны зэвсэгт бүлэглэлүүд манай хилийг даван нутгийн ард иргэдийг дээрэмдэн алж устган зовоох, мөн байгалийн маш ховор баялаг болох ураны илэрцтэй газар нутгийг эзлэн авах зорилгоор өдөөн хатгасан ажиллагаа ихсэж байв. Гоминдааны цэргийн штабт ажиллаж байгаа Монголын тагнуулчийн өгсөн мэдээгээр Гоминдааны цэргийн их хүч Бага Хавтагийн нуруугаар хил нэвтэрч орж ирэх нь тодорхой болсон энэ үед Байтаг Богд орчмыг хянах үүргийг ахлах дэслэгч Хярваа ахлагчтай 10 хилчин үүрэг авна.
3. ЗУРА II: ЦУРАМ АЖИЛЛАГАА
Нийт үзэлтийн тоо: 282,172
Нээлтээ хийсэн огноо: 2022 он
Найруулагч: Б.Тамир
Жүжигчид: Ж.Алтаншагай, Б.Барслхагва, Б.Ганчулуун, Ш.Доржсүрэн, С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, Э.Одбаяр, Г.Баярхүү, Д.Хосбаяр, Х.Отгонтунгалаг, Ц.Номин
Монголд суурьшиж байгаа Хятадын суурин тагнуулуудыг хөөн гаргах “Цурам-3” ажиллагааг зохион байгуулж байгаагаар кино маань эхэлнэ. 2022 он одоо үе. БНХАУ их хэмжээний мөнгийг Монгол улсад оруулж ирэхээр ажиллана. ТЕГ уг ажиллагааг илрүүлэн яаралтай арга хэмжээ авч Буйр нуурын усан хилээр орж ирж байсан их хэмжээний мөнгийг барьж авах болно.
2. БАЯН БООЛ
Нийт үзэлтийн тоо: 296,915
Нээлтээ хийсэн огноо: 2023 он
Найруулагч: Д.Мөнхбат
Жүжигчид: О.Тэмүүжин, Б.Номин, Г.Нарансолонго, Б.Батмэнд, Ш.Доржсүрэн, Б.Ариунцэцэг, Ө.Мөнх-Эрдэнэ, Г.Эзэнмөнх, Х.Баярмаа, Т.Бадамжав, Д.Түвшинтөр
Маш их эд хөрөнгөтэй айлын ганц хүү хэнд ч захирагдахаа больсон байна. Ганц хүүгээ бүтэхгүй зүйл хийх болгонд Эрхэмээ ямар ч аргаар хамаагүй ул мөрийг нь арилгадаг ч цаашдаа хүүгээ яаж хүмүүжүүлэх арга ухаанаа олохгүй л байв. Эрхэмээд найз хүүхэн нь нэгэн хачирхалтай хүнтэй танилцуулснаар хүүгээ өнгөрсөн үед боол болгон хүмүүжүүлэх арга олсноор үйл явдал үргэлжилнэ.
ЗУРА III: ЦЭВЭРЛЭГЭЭ
Нийт үзэлтийн тоо: 302,616
Нээлтээ хийсэн огноо: 2024 он
Найруулагч: Б.Тамир
Жүжигчид: М.Баярбат, Б.Барслхагва, Н.Ялалт, Б.Тамир, Г.Золбоот, Т.Бархүү, Э.Тодгэрэл, Ц.Номин
Авлига хээл хахуульд идэгдсэн шүүхийн өмнө Прокурор Ганзориг хүчин мөхсөдөж шударга үнэний төлөө хуулиас гадуур тэмцэлдэхээр шийднэ. Харин энэ удаад тэдний шударга үнэний төлөөх тэмцэл нь улам ширүүсэж хөрш орнуудын төрд шургасан этгээдүүдийн шахалтад хавчигдаж бохир тоглоом улам ярвигтай болно.
Эх сурвалж: Кино Сан
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!