Тив алгасан цуурайтах бяцхан авьяастан


Сондор | YOLO.MN
2017-06-02

“Би чинь хоёр эгчийнхээ багш нь шүү дээ. Интернэтээс хараад, буруу тоглоод байхаар нь хааяа заагаад өгчихдөг юм” гэж ирээд инээмсэглэсэн мойл хар нүдтэй, авьяаслаг хүүг Баярпүрэвийн Идэрмөнх гэдэг. Тэрбээр Хан-Уул дүүргийн Хосе-Мартийн нэрэмжит гүнзгийрүүлсэн сургалттай 52 дугаар сургуулийн гуравдугаар ангид сурдаг. Дөнгөж наймхан настай хэрнээ дэлхийн тавцанд Монголынхоо нэрийг гаргасан, мэргэжлийн төгөлдөр хуурч болох хэтийн зорилготой авьяаслаг хүүтэй ярилцсанаа хүргэе.

-Миний дүү төгөлдөр хуураар хэдэн жил хичээллэж байгаа вэ?
-Би одоо найман настай. Төгөлдөр хуураар хичээллээд бараг хоёр жил болж байна. Анх өөр багш дээр хичээллэдэг байсан. Гэхдээ нэг их удаагүй ээ. Харин одоо Монголын хүүхдийн ордны Д.Одончимэг багшийн шавь болсон. Манай гэрийнхэн дунд хөгжим тоглодог өөр хүн байхгүй.

-Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-29-нд Испани улсад зохион байгуулагдсан Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон гэж сонссон?
-Тийм ээ. Би Монголоос их хол байдаг Испани улсын Уэско хотод болсон Олон улсын төгөлдөр хуурчдын XII их наадамд оролцсон. Тэмцээнд С.Гончигсумлаагийн “Морьтон”, В.Гиллок “Фламенко”, С.Майкопарын “Колыбельная” зэрэг бүтээлийг тоглож, хоёрдугаар байранд орж, мөнгөн медаль хүртсэн.

-Бусад орны хүүхдүүдийн хөгжим тоглох чадвар ямар санагдсан бэ?
-Ерөнхийдөө маш сайн бэлтгэгдсэн байсан. Гэхдээ Испани, Америк, Солонгос зэрэг олон орны оролцогчдоос манай монгол хүүхдүүд илүү авьяастай юм билээ.

-Үүнээс гадна улсын чанартай хэчнээн тэмцээн уралдаанд оролцож байсан бэ?
-Одоо л тэмцээнд оролцож эхэлж байна. Энэ удаагийнх миний оролцсон хамгийн том тэмцээн. Харин өнгөрсөн жил Монголын Хүүхдийн ордноос зохион байгуулсан “Forte and piano” улсын аварга шалгаруулах V уралдаанд И.С.Бахын “Полонез” болон С.Гончигсумлаагийн “Морьтон” бүтээлээр оролцож, мөнгөн медаль авсан. Цаашид олон тэмцээнд оролцох байх аа. (инээв)

-Төгөлдөр хуур тоглохыг ээж, аав, эгч нар нь дэмждэг үү?
-Манай ээж, аав хоёр угаасаа л их дэмждэг. Тиймээс төгөлдөр хуурын дугуйланд явуулж эхэлсэн. Эгч нар уг нь надтай хамт дугуйланд явах гэсэн боловч хөгширчихсөн болохоор авахгүй гэсэн.(инээв) Тэгээд л би ганцаараа явсан.

-Даралтат хөгжим тоглохын хэцүү болон хамгийн сайхан зүйл нь юу вэ?
-Нот сурах хамгийн хэцүү байсан. Гэхдээ ээж, аавдаа хөгжим тоглож өгөөд, гарч байгаа аялгууг нь сонсох хамгийн сайхан байдаг.

-Хэчнээн бүтээл тоглож урын сангаа баяжуулаад байна?
-Зөндөө их байгаа. С.Гончигсумлаагийн “Морьтон”, Мая Коппарын “”Бүүвэйн дуу”, Бахын “Меневет” зэрэг бүтээлийг сайн тоглодог.

-Ихэр эгчтэй гэж сонссон. Миний дүү ч гэсэн ихэр юм биш биз?
-Би ээж, аав, 15 настай ихэр эгчийнхээ хамт амьдардаг. Манай аав МУИС-ийн Математикийн багш, ээж нэг компанид ажилладаг. Би ихэр биш ээ. Сүүлийн үед дүүтэй болъё гэж бодоод байгаа. Үүнийг ээж, аав хоёр л шийдэх юм шиг байна лээ.

-Гадаадад тэмцээнд оролцож, гэр бүлээсээ хол байхад ямар байсан бэ?
-Үгүй ээ. Тэнд ёстой гоё байсан. Эндээс зузаан куртиктэй явсан болохоор аймар халууцсан. Испани хүмүүс их хөгжилтэй санагдсан. Их эвсэлтэй, наргианч зантай юм байна лээ. Тэнд очоод нэг Испани найзтай болсон. Уг нь надтай их л юм яриад байсан. Би юм яримаар байсан ч даанч хэлийг нь ойлгохгүй болохоор яаж ч чадаагүй. Тэгээд л далайн хоол идэж, дэлгүүр хэссээр байгаад ирсэн. Далайн хоолны хавч нь ёстой сонин, идэхэд хэцүү юм билээ.

-Хичээлдээ явж, хөгжмөө тоглоод их завгүй байдаг юм байна. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Тоглох цаг гарна аа. Гэрийнхэнтэйгээ л өнгөрүүлэх дуртай. Хааяа гадаа найзуудтайгаа усан буугаар тоглодог. Гэхдээ ээжтэйгээ байх их хөгжилтэй байдаг болохоор гэртээ л байх гоё.

-Хүүхдийн баярын өдрийг яаж өнгөрүүлдэг вэ?
-Хүүхдийн баяраар би ээж, аав, эгч нартайгаа тэмдэглэж өнгөрүүлдэг. Олон бэлэгтэй болж, ээж гоё хоол хийж өгөөд, ёстой гоё тэмдэглэдэг. Гадуур хүн ихтэй байдаг болохоор нэг их явдаггүй. Заримдаа салхинд гардаг. Энэ жил Хүүхдийн ордныхоо баярын арга хэмжээнд оролцох учраас баярлаж амжихгүй юм шиг байна. Гэхдээ бэлэг аваад болчих байх өө.

-Баярын өдрөөр хийхийг хүсэж байгаа, эсвэл авахыг хүссэн байгаа бэлэг байна уу?
-Би гэр бүлийнхэнтэйгээ л байхыг хүсэж байна. Гэхдээ бас хүүхдийн парк орвол гоё л байх. Их л том юм хүсэж байна даа. (инээв) зөвхөн ээж, аавдаа л хэлэхгүй бол уурлах байх аа.

#little #prodigy