Азийн улс орнууд цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ?


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Монголчууд бидний сэтгэл догдлон хүлээдэг тэр л халуун дулаан уур амьсгал бүрдсэн баяр бол бидний өвөг дээдсээс уламжлагдан ирсэн цагаан сарын баяр билээ. Цагаан сараар бид тэр бүр уулзаж чаддаггүй хамаатан садан, найз нөхөдтэйгөө уулзах боломжтой болдгоос гадна өвгөд хөгшдийнхөө мэндийг мэдэж, зулайгаа үнэрлүүлдэг шүү дээ.

Гэхдээ цагаан сарыг зөвхөн монголчууд л тэмдэглэдэггүй ба азийн ихэнх орнууд мөн европын зарим орнууд ч өргөнөөр эсвэл хөнгөхөн тэмдэглээд өнгөрдөг байна. Хэдий тийм ч эдгээр бүх цагаан сарыг тэмдэглэгч улсууд нь уг баярыг бүгд өөр өөрсдийн онцлог соёлтой хослуулан хийдэг байна.

Тиймээс тун удахгүй болох гэж буй цагаан сарын баяртай холбогдуулан дэлхийн бусад улсуудад цагаан сарыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг тухай сонирхолтой мэдээллийг хүргэе. Эдгээрээс аль улсын уламжлал манай монголтой илүү төстэй байна вэ?

ХЯТАД

Хятадад цагаан сарыг өөрөөр “Гуо Ниан” хэмээн нэрлэдэг ба уг баярыг улс даяар бүх иргэд нь өргөн хүрээтэйгээр тэмдэглэдэг. Хамгийн гол нь цагаан сар нь Хятадуудын хувьд гэр бүлээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг баяр тул 15 гаруй хоног үргэлжилнэ.

Энэхүү 15 хоногийн хугацаанд гудамж, талбайнууд жинхэнэ амь ордог ба хаа сайгүй улаан болон алтан шаргал өнгийн гэрэл чимэглэлүүд олны нүдийг баясгаж, хүүхэд багачуудыг зугаацуулдаг байна.

Бараг л гэр бүлийн баяр гэж хэлж болохоор цагаан сарын баярын үеэр айл өрхүүд гэр орноо цэвэрлэж, улаан өнгийн чимэглэл өлгөдөг ба мөн бидний хамгийн сайн мэдэхээр хүүхэд, залуустай улаан өнгийн дугтуйнд мөнгө хийж өгдөг. Мөн мэдээж аав, ээж, эмээ, өвөө, ах дүүс нарындаа зочлох ба өөд болсон гэр бүлийн гишүүдийнхээ булшин дээр ч очдог.

Гэр бүлийн бүхий л гишүүд цугларан томоохон зоог барих ба зоогийн үеэр тэд банш, загас, будааны бялуу зэргээр ширээгээ засдаг нь тогтсон уламжлал болсон. Зарим тохиолдолд бүгд биш ч олон хүмүүс орой болтол унталгүй байж байгаад салют буудуулан муу чөтгөрийн сүнснүүдийг зайлуулдаг байна.

Наадмын туршид арслангийн бүжиг, дэнлүүний үзүүлбэр, тааварт тоглоом гэх мэт олон төрлийн үзвэр үйлчилгээ зохион байгуулагдах ба энэ үеэр маш олон бизнесүүд энгийн өдөрт олдог орлогоо хэд дахин нугалж олдог гэнэ.

ӨМНӨД СОЛОНГОС

Өмнөд Солонгост цагаан сарын баярыг “Seollal” гэж нэрлэх бөгөөд гурван өдөр үргэлжлэх энэхүү баяраар гэр бүлүүд цугларан хүмүүс өөрсдийн төрсөн газар нутаг руугаа буцдаг.

Seollal-ийн үеэр Солонгосчууд яг л Хятадууд шиг гэр бүлээрээ ширээ тойрон суугаад амтлаг хоолнуудыг идэх ба нас барагсдадаа хүндэтгэл үзүүлдэг байна.

Хоол гэснээс Seollal нь элбэг дэлбэг байдал, эв нэгдлийн бэлгэдэл болсон баяр юм. Баярын гол зоог нь нимгэн хэрчсэн цагаан будааны бялуу, мах, далайн байцаа зэргийн орцтой шөл болох ттокгук билээ. Мөн ногоон сонгино, өндөг, гурилаар хийсэн жон хэмээх бин (шарвин) ч бас зоогийн ширээнд тавигддаг.

Эдгээр энгийн ч гүн утга учиртай хоолнууд нь эв нэгдэл, аз жаргал болон инээд хөөрийн бэлгэдэл болдог байна.

Баярын уур амьсгалыг илүү өнгөлөг болгодог зүйл нь мэдээж солонгосын үндэсний хувцас болох ханбук бөгөөд иргэд өөрсдийн хүссэн өнгөөр ханбукийг сонгон өмсөж баяраа тэмдэглэдэг нь солонгосын соёлын бас нэгэн үзэсгэлэнтэй хэсэг билээ.

ТАЙВАН

16 өдрийн турш үргэлжлэх цагаан сар нь Тайваны хамгийн чухал баяр ёслол юм. Тайванд яг хэзээ, ямар нөхцөл дор баярыг тэмдэглэж ирсэн нь тодорхойгүй байдаг ч 17-р зууны үед Хятад шилжин суугчдын нөлөөгөөр тэмдэглэх болсон ч гэж үзэх нь бий.

Баярыг тэмдэглэх байдлаараа Тайван нь Хятадтай нэлээд төстэй тэмдэглэдэг. Жишээ нь, хаа сайгүй улаан дэнлүү өлгөдөг, өвөг дээдэстэй хүндлэл үзүүлдэг, улаан дугтуйтай мөнгө хүүхэд залуустаа өгдөг, салют буудуулдаг зэрэг.

Гэсэн ч нэгэнт л өөр өөр газарт болж буй баяр тул тодорхой хэмжээгээр зөрөх зүйл ч байна. Энэ нь гэр бүлүүд баярын өдрүүдээр шашны сүмд очин мөргөл үйлдэж залбирдаг гэдгээс тодхон харагдана.

Баяраар зооглодог хоолны хувьд хан боргоцойны бялуу болон цагаан лууван оруулсан төрөл бүрийн хоолыг түлхүү хийдэг ба энэ нь эдгээр хүнснүүд аз авчирдаг гэх итгэлээс үүдэлтэй.

МАЛАЙЗ

Малайзад олон үндэстнүүд амьдардаг тул иргэд нь төрөл бүрийн баярыг тэмдэглэн бусад улсын соёлтой танилцан өөрийн соёлыг таниулсаар ирсэн. Тухайн улсад байх Малайз, Хятад, Энэтхэг иргэд цагаан сарыг өвөг дээдсээсээ уламжлагдаж ирсэн заншлаар тэмдэглэдэг. Харин эдгээр нэг баярыг олон янзаар тэмдэглэдэг байдал нь ёстой л баярыг илүү сонирхолтой, халуун дулаан болгож өгөх нь ойлгомжтой.

Энэхүү цагаан сарыг өөрөөр тэмдэглэж буй үзэгдлийг нэгтгэн Kongsi Raya эсвэл Gongxi Raya гэж нэрлэнэ.

Баярын үеэр Малайзын Хятадууд гэр бүл, найз нөхдөөрөө цугларан улаан дугтуй эсвэл бэлэг солилцох бөгөөд шинэ жилийн үдэш томоохон баярын зоогийг барьдаг. Зоогийн ширээний хамгийн гол амттануудаар төрөл бүрийн шинэ жилийн бялуу, хайрын захиатай печень, газрын самартай жигнэмгүүд, хан боргоцойтой тарт гэх мэтийг онцлууштай.

Мөн энэ үеэр хүмүүс аль болох муу муухай бүхнээс хол байхыг хүсдэг буюу өр тавьсан бол түүнийгээ барагдуулах, хараалын үг хэлэхгүй байх зэргийг гүйцэлдүүлж улаан хувцсаар гоёдог аж.

Наадам 15 хоног үргэлжлэх бөгөөд наадмын орой гудамж, талбай өнгө өнгийн гэрлээр гялалзаж баярын уур амьсгалыг бүрдүүлдэг нь хэн хүний амыг ангайлгамаар…

СИНГАПУР

Сингапурын иргэдийн дөрөвний нэг нь Хятадууд байдаг тул уг улсад цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Гэсэн ч тэдгээр Хятад хүмүүс бүгд нэг угсаатан биш тул цагаан сарыг мөн л өөр янзаар тэмдэглэдэг байна. Үүн дээр нэмээд Сингапурын цагаан сарын уламжлал дээр хөрш улс болох Малайзын соёл ч мөн бага зэрэг тусгагдсан байдгийг хэлэх нь зүйтэй.

Наадам 15 хоног үргэлжлэх бөгөөд энэ үеэр Chingey хэмээх жагсаалт арга хэмжээ болно. Уг жагсаалаар тухайн угсаатнуудын уламжлалт урлаг, дуу хөгжим, бүжиг зэргүүд тоглогддог.

ВЬЕТНАМ

Вьетнам улсын хувьд цагаан сар болох “Tet Nguyen Dan” хамгийн чухал баяр хэмээн тооцогддог. Энэхүү баяр нь шинэ жилийн өмнөх өдөр, шинэ жилийн өдөр, шинэ жилийн анхны өдөр хэмээн гурван өдөр үргэлжилнэ.

Tet Nguyen Dan нь бүр эрт дээр үеэс улбаатай бөгөөд гол зорилго нь байгалийн жам ёс болон улсаа хамгаалахын төлөө амь биеэ зориулсан өвөг дээдсээ хүндэтгэх байсаар иржээ.

Tet-д бэлдэхийн тулд Вьетнамчууд хэдэн долоо хоногийн турш гэртээ гүн цэвэрлэгээ хийн, эргэн тойрноо тохижуулж дэлгүүр хэсэн өнгөрүүлдэг. Тэд шинэ хувцас худалдаж аван үсээ засуулах ба яг л бусад улс орнууд шиг баярт зориулсан уламжлалт хоолоо хийнэ.

Баярын хамгийн түгээмэл бэлгэдлүүдийн нэг нь гэрт эсвэл олон нийтийн газарт ил харагдахуйц байрлуулдаг кумкват жимсний мод болон тоорын цэцэг юм. Эдгээр ургамал нь элбэг дэлбэг байдал, эрүүл мэнд, аз жаргалыг бэлгэддэг бөгөөд хэмжээ нь том байх тусмаа сайн гэж үздэг.

Эх сурвалж: blacklane

#цагаан сар