Хайр дурлалын бурхан Cupid


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Купид, Эрос хэмээх нэрээр танигдсан дурлалын бурхан маань эрт үед ч орчин үед ч хайрыг илэрхийлэх хамгийн алдартай бэлгэдэл хэвээр. Түүний домог хэдэн мянган жилийн турш ам дамжин яригдан ирсэн нь Эросыг хайр дурлал, хүсэл тачаал болон романсын гол төв болгоход нөлөөлсөн. Энэхүү нийтлэл нь Эросын түүх, үүсэл гарал гэх мэт сонирхолтой баримтуудыг танд хүргэх болно.

1. Купидийн гарал үүсэл

Купид нь Ромын домог зүйн салшгүй нэг хэсэг бөгөөд хайр дурлал болон зүрх сэтгэлийн бурхан хэмээн гардаг. Түүний түүх Грек, Ромын уламжлалаас үндэстэй тул Грек болон Ромын соёлыг ихээхэн агуулсан онцлогтой.

Грекийн түүх: Ромд түүнийг Купид хэмээх бол Грект Эрос гэж дуудна. Эрос нь хайрын бурхан Афродит болон дайны бурхан Арес нарын хүү юм. Тэрбээр ихэнхдээ тун сахилгагүй, үргэлж нум сум барьж явдгаар дүрслэгддэг ба бурхад болон хүн төрөлхтнийг сумныхаа нэг л зоолтоор хэн нэгэнд дурлуулах чадвартай.

Грекийн түүхэнд Эрос залуу хүнийг дүрээр дүрслэгддэг бол Ромын домогт бондгор хацартай, сахилгагүй хүүхэд мэтээр гардаг.

Грек домогт түүний эцэг эхийг хайр болон дайны бурхад байдаг шиг Ромын домогт ч түүний эцэг нь дайны бурхан болох Марс, эх нь хайрын бурхан болох Венус гэж үздэг байна.

2. Cupid-ийн гадна төрх

Ерөнхийдөө бид Купидийг жижигхэн далавчтай, нум сумнаасаа салдаггүй, эгдүүтэй бяцхан хүүхдийн дүрээр нь сайн мэдэх билээ. Хэдийгээр түүний гадна төрх цаг хугацааны туршид өөрчлөгдсөөр ирсэн ч гол шинжүүдээ хэзээ ч алдаагүй.

Хайрын сум: Купидийн хамгийн алдартай бэлэг тэмдэг бол нум болон сум нь. Түүнд хоёр төрлийн сум байдаг. Нэг нь оносон болгоноо хайр дурлалд умбуулдаг алтан үзүүрт сум бол нөгөө нь үзэн ядалтыг төрүүлдэг хар тугалган үзүүрт сум.

Залуулаг төрх: Купид нь ихэнхдээ тун үзэсгэлэнтэй балчир хөвгүүн эсвэл өсвөр насны хүүгийн дүрээр гардаг. Эросын тэрхүү залуулаг төрх нь өөрт нь агуулагдах асар их хүч чадалтай тэрсэлддэг ба үүгээр хайр гэх зүйлийн ойлгомжгүй байдлыг илэрхийлдэг байна.

Далавч: Хайр дурлал нь маш таамаглашгүй, гэнэт л тохиолдчихдог шинжтэй учраас үүний бэлгэдэл болгож Купидийг далавчтайгаар дүрсэлдэг.

3. Купидийг өгүүлсэн хамгийн сонирхолтой домгууд

Купидийн адал явдал, бурхад болон хүмүүст нөлөөлөх нөлөө мөн өөрийнх нь хайр дурлалыг харуулсан олон домог байдгаас хамгийн алдартай домгуудыг нь дурдъя.

А. Купид ба Психэ

Купидтай холбоотой хамгийн алдартай бөгөөд өнө эртнээс яригдаж ирсэн түүхүүдийн нэг бол яах арга үгүй Купид болон Психэ хоёрын түүх. Энэхүү үлгэр нь Ромын зохиолч Апулейгийн бүтээлийн нэг хэсэг ба өнөөг хүртэл сонгодог домог зүйн судалгаанд төв байр суурийг эзэлсээр буй.

Домог: Маш үзэсгэлэнтэй эгэл гүнж Психэ Венусын атаархлын бай болжээ. Тиймээс Венус Купидыг Психэ руу явуулан дэлхий дээрх хамгийн царай муутай зүйлд дурлуулах үүргийг өгсөн байна. Харин үүргээ гүйцэтгэх гэж явсан Купид үзэсгэлэнт Психэд дурлаж орхидог.

Купид Психэг өөрийн ордон руу авчран нэгэн амлалт авдаг нь Психэ Купидийн царайг хэзээ ч харж болохгүй байв. Харамсалтай нь сониуч зангаа барьж дийлээгүй гүнж амлалтаа зөрчин Купидын төрхийг харчихдаг. Үүнээсээ болоод тэр маш их саад бэрхшээл, зовлон шаналалтай тулгарах болов ч тэдгээрийг давж гараад Купидтэй буцан нийлж үүрдийн амьдралыг бэлэг болгон авдаг байна.

Б. Купидийн дүрсгүй зан

Купид нь бурхад болон хүн төрөлхтний ертөнцөд хэзээ ч таамаглаагүй хайрын галыг бадамлуулдгаараа алдартай, сахилгагүй бөгөөд шооч нэгэн. Түүний энэхүү занг онцолсон байдаг хэд хэдэн домгууд байдаг.

Венус ба Марс: Домгийн нэгэн хувилбарт Венус болон Марс хоёрын гал хүсэл дүүрэн ч тогтворгүй, зөрчилт хайрын тухай өгүүлдэг. Тэдний харилцаа хайр гэхчийн зоосны хоёр тал мэт аз жаргал, зөрчил тэмцлийг бэлгэддэг ба Венус, Марс хоёрын тэрхүү ээдрээт харилцааны гол хөдөлгөгч хүч нь Купид байх нь олонтоо.

Купид болон Бурхдууд: Купид нь бурхдын дунд нум сумаараа хайр болон үзэн ядалтыг түгээж ихээхэн эмх замбараагүй байдлыг үүсгэдгээрээ алдартай. Түүний энэхүү үйлдэл нь хүн байтугай бурхад ч хайрын эсрэг тэмцэж хүчирдэггүй гэдгээрээ содон.

4. Урлаг болон соёлд дүрслэгдсэн Купид

Түүхийн турш Купид нь уран зохиол, хөшөө баримал, уран зураг бүр орчин үеийн нийгэмд ч дүрслэгдэн тодотгогдсоор иржээ.

А. Сэргэн мандалтын үе

Сэргэн мандалтын үед Купид нь хайр ба гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг болсон. Сандро Боттичелли, Антонио Канова гэх мэт уран бүтээлчид Купидийг гэнэн цайлган байдлаар дүрсэлсэн байдаг.

Тэр үеийн Купид гоо үзэсгэлэн, тэнцвэрт байдлыг авчирдаг ариун хүч мэтээр үзэгддэг байв.

Б. Барокко ба Рококо

Барокко ба Рококогийн үед уран бүтээлчид Купидийг илүү дэггүй, сахилгагүй хүүхдийн дүрээр бүтээх болсон. Тэрбээр ихэнхдээ тийм ч гүн биш, алиа нөхцөл байдлуудад гарч ирэх нь элбэг байжээ.

В. Орчин үе

Орчин үед Купид Валентины баярын гол бэлгэдэл болон хувирсан. Түүний булцгар бие, нум сум, жижигхэн цагаан далавч нь романтик хайрын өгүүлэл болон хувирчээ. Тийм ч учраас Купид тоолж барамгүй олон сурталчилгаа, савлагаа, кино зэрэгт хайр дурлалын бэлгэдэл болон гарсаар байна.

5. Купидийн бэлгэдэл ба нөлөө

Купид нь домог болон соёлд хэд хэдэн гүнзгий агуулгыг илтгэдэг.

Хайрын хүч: Купид хайрын бурхан тул түүний хүч чадал нь хайрын шинж тэмдгийг өөртөө агуулсан байдаг. Түүний хайр болон үзэн ядалтыг өдөөх шидтэй сумнууд хайрыг хэрхэн хэлэлгүйгээр, хэзээ ч төсөөлөөгүй цаг нөхцөлд ирэх боломжтойг харуулдаг билээ.

Хайрын хоёр талт байдал: Купидийн алтан болон хар тугалган үзүүртэй сумнууд хайр гэдэг ид шидийн гайхалтай байж болох ч нөгөө талаар зовлон бэрхшээлийг ч авчирч чаддаг гэдгийг харуулдаг. Энэхүү хослол нь маш олон домогт гардаг байна.

6. Хэзээ ч үл мартагдах Купид

Өнөөдөр Купидийн дүр төрх зар сурталчилгаанд ихээхэн дүрслэгддэг. Баялаг түүх, бэлгэдлийн гүнзгий агуулгатай Купидийн домог дэлхий даяар түгэн тархсаар байна. Аль эртнээс л хайрын бэлгэдэл байсан Купид өнөөгийн 21-р зуунд ч мөн чанараа хадгалан оршсоор.

Эх сурвалж: Bloom and Song

#Хайр дурлалын бурхан