

Испанид 16-аас доош насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглоно.
Хуулийн төслийг тус улсын парламент ирэх долоо хоногт хэлэлцэнэ. Испанийн Ерөнхий сайд Пэдро Санчэз Дубайд болж буй, дэлхийн Засгийн газруудын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Энэ үеэр тэрээр "Бид хүүхдүүдээ дижитал, зэрлэг баруунаас хамгаална. Тэднийг цахим орчинд өөрсдөө замаа ол гээд орхиж болохгүй. Нийгмийн сүлжээ тэднийг хараат болгох эрсдэлтэй.
Мөн энэ сүлжээг буруугаар ашиглан, насанд хүрэгчдийн контент түгээх, хүчирхийллийг харуулах, хүүхдүүдийг буруу залах аюултай тул цаашид зөвшөөрөхгүй" гэжээ.
Хуулийн төсөлд нийгмийн сүлжээг эзэмшигч компаниудад хууль бус, хор уршигтай контентуудын хариуцлагыг хүлээлгэхээр, хэрэглэгчийн насыг заавал баталгаажуулах үүргийг тусгасан байна.
Австралид үүнтэй ижил хууль баталж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш мөрдөж байна. БНТУ, Франц, Дани, Австри, Их Британи нийгмийн сүлжээ хэрэглэгчдэд насны хязгаарлалт тавихаар зэхэж байгаа юм. Франц ирэх хичээлийн жилээс энэ хязгаарыг хүчин төгөлдөр мөрдөх нь зөв гэж Ерөнхийлөгч Эммануэл Макрон мэдэгдэж байв.
Харин нийгмийн сүлжээг хөгжүүлсэн компаниуд "Хориглоод үр дүнгүй. Тэднийг хянах хэцүү. Хүүхэд залуусыг харин ч бусдаас тусгаарлах эрсдэлтэй" гэж үздэг. Иймд Redditе компани Австралийн Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн, Дээд шүүхэд ханджээ.
Хэдийгээр тус улсад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хуулиар хориглосон ч зарим хүүхэд насанд хүрэгчдийн зураг ашигласан байна.
Испанийн хуульд "Нийгмийн сүлжээг хөгжүүлэгч компани хууль бус агуулгыг илүү олон хүнд хүргэх алгоритм ашигласан бол хариуцлага үүрнэ" гэжээ. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд "Кодны ард нуугдан, технологи аль нэг талыг баримталдаггүй" гэж болохгүй. Энэ байдал цаашид үргэлжлэхгүй. Дижитал талбарууд нийгмийг хуваан, үзэн ядсан үг хэллэгийг түгээдгийг зогсооно гэжээ.
Гэвч түүний тэргүүлдэг нам Испанийн парламентад олонх биш тул хуулийн төслийг хууль тогтоогчид дэмжих, эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа X-ийн эзэн Элон Маск "Испанийн ард түмнээс урвасан дарлагч" хэмээн бичжээ. TikTok, Snapchat, YouTube, Reddite, Discord болон Meta ямар нэг тайлбар илэрхийлээгүй байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!