“БИД ГАДААДАД СУРАЛЦАЖ ЧАДНА” арга хэмжээ ток шоу хэлбэрээр явагдана


Б.Намуун | YOLO.MN
2018-08-15

Хилийн чандад суралцаж, галуу шувууны мах идэн, эх орондоо эргэн ирж хөдөлмөрлөх  нь өнөөгийн залуучууд бүрийн зорилго болсон гэхэд дэгсдүүлсэн болохгүй биз. Яг хаанаас эхэлж, яахаа мэдэхгүй, хэрхэн сэтгэлзүйгээ бэлдэх, хэрхэн шалгалтандаа бэлдэх гээд олон олон цуваа асуултын тэмдгэн дунд төөрсөөр энд тэндэхийн арга хэмжээг хэссээр олон хүмүүсийн үгийг сонсож толгойгоо эргүүлсээр явж байсан минь саяхан билээ. Жилийн өмнө “We Can Do” сайн дурын байгууллагаас зохион байгуулсан хамгийн анхны “Бид гадаадад суралцаж чадна” арга хэмжээнээс суралжлага бэлдэж байсныг эрхэм уншигчид маань санаж байгаа биз ээ.

 Үүнээс хойш “We Can Do” сайн дурын байгууллагын дараа дараагийн арга хэмжээг хүлээсэн хүмүүс өдөр өдрөөр ихэссээр, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй өсвөр насны хүүхдүүдийн нэгдэн нийлж байгуулсан уг байгууллагын хамт олон арга хэмжээгээ амжилттай зохион байгуулсаар 10 гаруй үйл ажиллагаа, арга хэмжээний ард гарч, 3000 орчим хүүхэд залуучуудад хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд нь тусалжээ.

Бусдад гадаадад суралцах талаар мэдээ мэдээлэл өгч туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ уг байгууллагын гишүүд өөрсдөө тасралтгүй хөдөлмөрлөж мөрөөдөлдөө хүрч чадсан нь нэн олзуурхууштай. Байгууллагын гишүүн. З.Чингис-Од нь босго өндөртэй гэгддэг АНУ-н 10 гаруй их сургуульд тэнцэж, Японы засгийн газрын “МОМБҮШО” тэтгэлэгийн эзэн болсон бол гишүүн Б.Нурсауле нь Олон улсын математикийн олимпиадад эх орноо төлөөлөн оролцож гутгаар байрын эзэн болж амжилтын буухиаг ахиулсаар байна.

ЭНЭ УДАА ЯМАР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАХ ЮМ БОЛ?

Тэдний зорилго бол монгол хүүхэд залуучуудыг гадаадад боловсрол эзэмшүүлэхэд нь туслах. Иймээс тэд нэг жилийн ойгоо тохиолдуулан “БИД ГАДААДАД СУРАЛЦАЖ ЧАДНА” арга хэмжээг энэ сарын 18-ны өдөр буюу бямба гарагт 300 хүний суудалтайгаар зохион байгуулахад бэлэн болоод байна. Уг арга хэмжээ нь хэн нэгэн илтгэгч индэр дээр гараад ярих бус нээлттэй ярилцлага хэлбэрээр “TALK SHOW” хэмээх нэрийн дор зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой.

Энэ удаа тэд дунджаар 40-100 сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний тэтгэлэгүүдийг дэлхийд тэргүүлэгч их дээд сургуулиудаас хэрхэн авч суралцах талаар та бүхэндээ туршлагатай, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн хамт олны зөвлөгөөг хүргэхээр болжээ.

Та уг арга хэмжээнд хүрэлцэн ирснээр:

1. БИД ЯАГААД ГАДААД ХЭЛ СУРАХ ЁСТОЙ ВЭ?

2. ХЭРХЭН ТЭТГЭЛЭГ АВАХ ВЭ?

3. БИДНИЙГ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ?

4. GAP YEAR, TOEFL, SAT, IELTS, Application process

5. КАРЬЕР ТӨЛӨВЛӨЛТ зэрэг олон чухал, сонирхолтой зөвлөгөө, хэлэлцүүлгүүдийг сонсож илтгэгч нартай чөлөөтэй ярилцан зөвлөгөө авах бүрэн боломжтой болох юм.

ИЛТГЭГЧИД:

Билгүүний   АНУ-ҮЖИН

Испани улсад Барселоны Урлагийн Их Сургуульд  жүжигчний мэргэжлээр сурдаг тэрбээр “БИД ГАДААДАД СУРАЛЦАЖ ЧАДНА” үйл ажиллагаанд Испани болон Европын орнуудад суралцах талаар зөвлөгөө өгч ярилцах болно.

Болдбатын БАТЖИН

Б.Батжин нь АНУ-ын “Williams” коллежийн төгсөгч бөгөөд АНУ-ын шилдэг их сургуулиудад тэтгэлэгтэй суралцахад хөтөч болдог “TOMUJIN Academy”-ийн үүсгэн байгуулагч юм. Тэрбээр 200 гаруй сурагчдад АНУ-руу өргөдөл гаргах заавар зөвлөгөөг өгч байсан бөгөөд зөвхөн өнгөрсөн жилд гэхэд АНУ-ын Их Сургуулиудаас 20 орчим залуусыг 100 хувийн тэтгэлэг хүртэхэд тус дэм болж, зүг чигийг нь зааж, “GAP YEAR”-ийн давуу талуудыг маш олон залуучуудад ойлгуулсан. Та бүхэнд хэрхэн АНУ-д тэтгэлэгтэйгээр суралцаж болох талаар, мөн хэрхэн англи хэлийг зөв суралцахад зөвлөн, каррер төлөвлөлтийн талаар ярилцах болно.

Төгсбаяр ТЭМҮҮЛЭН

Т.Тэмүүлэн нь Япон улсын “Амамонкай” болон “Ёомиүри коллеж”-үүдийг хувийн зардлаар төгссөн бөгөөд “Temintokyo” нэрээр влог хийдэг. Тэрбээр та бүхэнтэй Японд суралцах давуу талууд болон, хувийн зардлаар сурахад гардаг хүндрэлтэй асуудлуудын тухай илэн далангүй ярилцах болно.

Хасгэрэлийн ЦЭРЭНЧИМЭГ

Х.Цэрэнчимэг нь 2018 оны байдлаар Дэлхийн ТОП Их Сургуулиудын жагсаалтыг тэргүүлж буй Массачусеттсийн Технологийн Институтэд /MIT/-д суралцдаг. Тэрбээр MIT-д орохыг 10-р ангиасаа мөрөөдөж эхэлсэн бөгөөд 2015 оны 12 сард элсэх хүсэлтээ өгч тэнцсэн. MIT-н 1 жилийн сургалтын төлбөр нь ойролцоогоор 120 сая төгрөг байдаг ба тэрбээр 100%-ийн FULL тэтгэлгээр суралцдаг ажээ. Түүний ямар зөвлөгөө өгөхийг хамтдаа хүлээцгээе.

Энхсайханы ГИЙГҮҮЛЭН

Э.Гийгүүлэн нь Японы Тохокү (Tohoku) их сургуульд Химийн чиглэлээр суралцдаг. Тэрбээр “Монбушо” буюу Японы засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн боловч “Монбушо” тэтгэлгээр биш G30 хөтөлбөрөөр 100 хувийн тэтгэлэгтэй суралцаж байна. Японд хэрхэн суралцах талаар өргөн хүрээний мэдлэгийг та бүхэнд хүргэж хамтдаа ярилцах болно.

Ганболдын БИЛГҮҮН

Г. Билгүүн нь Герман улсын Берлин хотод дунд сургуулиа төгсөж, диплом хамгаалсан ба Орос, Герман, Англи хэлтэй. Одоо “Монсертф” компанийн ерөнхий захирлын албан тушаалыг эрхэлдэг. Медиа Менежментийн чиглэлээр бакалаврын зэрэг, Нийтийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Та бүхэнд өөрийн суралцаж байсан Европын сургуулиудын талаар, мөн карьер төлөвлөлтийн талаар санал бодлоо илэрхийлж, ярилцах болно.

Алтангэрэлийн АРИУНТУЯА

А. Ариунтуяа нь “BRIGHTON” англи хэлний сургалтын төвийн захирал, “DRINK Beer House” рестораны үүсгэн байгуулагч бөгөөд БНХАУ-н “Dalian University”-д Бизнесийн удирдлагаар бакалаврын зэрэг хамгаалсан, Солонгос улсын “Handong” Их Сургуультай хамтарсан санхүүгийн хөтөлбөрийн магистрын зэрэг хамгаалсан. Та бүхэнтэй хамт Хятад, Солонгос оронд суралцах ялгаа, давуу тал, бэрхшээлтэй байдлын талаар, мөн карьер төлөвлөлтийн тухай ярилцах болно.

Зоригоогийн АРИУНТЭНГЭР

З.Ариунтэнгэр Хятадын Төв Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг “Бизнесийн удирдлага”-аар 2013 онд , Хятадын Ардын Их Сургуулийг “Төрийн Удардлага”-аар 2017 онд төгссөн. Тэрбээр “БНХАУ-д Төгсөгчдийн Нэгдсэн Холбоо”-ны үүсгэн байгуулагч, ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд өдгөө “Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл”-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг мөн гүйцэтгэж байна. Та бүхэнд хэрхэн БНХАУ-д суралцах талаар арвин их туршлагаасаа хүргэж, нээлттэйгээр ярилцах болно.

Луубаатарын ОЮУНТӨГС

Л.Оюунтөгс нь АНУ-ын Массачусетсийн Технологийн Инстититут /MIT/-д суралцдаг. Тэрбээр Швейцарийн Цюрихд болсон “Олон Улсын Физикийн олимпиад”-аас хүрэл медаль хүртсэн төдийгүй Монголдоо олон олимпиадад амжилттай оролцож байсан туршлагатай. Дэлхийн Хамгийн Шилдэг Их Сургуульд суралцдаг учир та бүхэнд хэрхэн MIT-д тэнцсэн тухай, мөн Дэлхийн Шилдэг Их Сургуульд хэрхэн суралцаж болох талаарх мэдлэгийг хүргэж ярилцах болно.

Батбүрэнгийн ЭНХ-АМГАЛАН

Б.Энх-Амгалан нь энэ сард АНУ-ын “Fairfield University”-д Эдийн Засаг, Статистик Математик гэсэн давхар мэргэжлээр суралцахаар болсон билээ. 10-р ангидаа БНХАУ-д 100 хувийн тэтгэлэгтэй суралцаж Монголд ирсэнийхээ дараа АНУ-д сурахаар бэлдэж эхэлжээ. 2017 оны “Монбушо”-гийн тэтгэлэгт хөтөлбөрийн бичгийн шалгалтанд тэнцсэн ч Gap Year авч АНУ руу өргөдөл гарган, АНУ-ын нэр хүндтэй долоон Их сургуулид 90-100 хувийн тэтгэлэг авсан байна. Та бүхэнтэй хамт Gap Year-ын ач холбогдол, хэрхэн энэ бүх тэтгэлгүүдэд тэнцсэн талаараа чөлөөтэй ярилцаж, туршлагаасаа хуваалцах болно.

Та бүхэн энэхүү арга хэмжээнд оролцохыг хүсвэл ҮЙЛ ЯВДЛЫН ХОЛБООСООР нь зочлон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

#Scholarship