Жүжигчин Tom Holland дүүгээ нохойноос хамгаалсан хүүгийн МӨРӨӨДЛИЙГ биелүүлжээ


Миау | YOLO.MN
2021-12-23

Бид өмнө жил дүүгээ нохойд хазуулахаас хамгаалан урдуур нь орж өөрөө гэмтсэн зургаан настай хүүгийн түүхийг хүргэж байсан билээ. Тухайн үед олон нийт болоод урлаг, соёлын алдартнууд түүний энэ баатарлаг үйлдлийг сайшаан магтаж байсан бол жүжигчин Tom Holland тэдэн дундаас хүүд хамгийн том бэлгийг барьсан гэж хэлж болох юм.

Тухайлбал, Spider-Man-ий дүрийг бүтээсэн залуу жүжигчин Tom Holland хүүг “Spider-Man: No Way Home” (2021) киноны зураг авалтын талбайд авчрах амлалтдаа хүрсэн байна. Хүүгийн аав өөрийн сошиал хуудаснаа кино зураг авалтын талбайд гэр бүлийнхээ хамтаар зочилсон зургаа дараах тайлбарын хамтаар нийтэлжээ. Тэрээр:

- “Хүүгийн маань энэхүү мөрөөдлийг биелүүлэхэд туслалцаа үзүүлсэн Tom, Harry Holland, Zendaya болон “Marvel”, “Sony” кино компанийн бүхий л ажилчдад гүн талархал илэрхийлье.

Зураг авалтын талбайд Tom-той уулзах гээд ирэхэд хүүгийн минь гаргасан царайны хувирал юугаар ч үнэлшгүй үнэ цэнтэй байлаа. Тэд нөхөрсөг баатрын дүр эсгэж буй хүмүүс биш юм. Тэд бол бодит амьдрал дээрх маш нөхөрсөг баатрууд юм” хэмээн бичжээ. 

Өнгөрсөн жил бяцхан хүү дөрвөн настай дүүгээ нохойноос аварсныхаа дараа “Хэн нэгэн үхэх ёстой бол тэр нь би байх ёстой” гэж бодсон тухайгаа хуваалцсан юм. Тэрээр нохойд хазуулсны улмаас 90 гаруй оёдол тавиулсан билээ.

Эх сурвалж: CNN

#Оддын тухай #Сонин хачин