
АНУ-ын Хууль зүйн яамнаас Жеффри Эпштэйний хэрэгтэй холбоотой шинэ баримтуудыг олон нийтэд ил болголоо.
Олон мянган хуудас баримтаар технологийн тэрбумтнууд, улс төрийн зүтгэлтнүүд, хааны гэр бүлийн гишүүд, кино урлагийн салбарын нэр хүндтэй эрхмүүд Эпштэйнтэй холбогдсон нь ил болжээ.
Баримтад нэр дурдагдсан хүмүүсийн ихэнх нь насанд хүрээгүй охид, залуу эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэрэгт холбоотой гэх мэдээллийг үгүйсгэж байна.
Их Британийн хааны гэр бүлийн гишүүн, хунтайж асан Эндрю Эпштэйнтэй холбоотой асуудлаар олон жилийн турш шүүмжлэлд өртсөөр ирсэн.
Шинэ баримтуудад түүний нэр хэдэн зуун удаа дурдагдсан бөгөөд Эпштэйнтэй солилцсон мэйлүүд, Букингемийн ордонд зоог барих урилга мөн Эпштэйн түүнийг орос эмэгтэйтэй танилцуулах санал тавьсан гэх мэдээлэл багтсан байна.

Түүнчлэн нэр нь тодорхойгүй эмэгтэйн хажууд сууж буй гэрэл зургууд ч ил болжээ.
Тесла болон X компанийн үүсгэн байгуулагч Илон Маскийн нэр мөн баримтуудад дурдагджээ. Тэрбээр 2012-2013 онд Эпштэйнтэй цахим шуудангаар харилцаж, Карибын тэнгист байрлах түүний хувийн аралд очих талаар ярилцаж байсан гэх мэдээлэл багтсан байна.
Гэхдээ Илон Маск уг аралд очсон эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд тэрбээр өмнө нь Эпштэйн өөрийг нь урьж байсан ч татгалзсан гэж мэдэгдэж байв.
Эпштэйнтэй холбоотой шинэ баримтууд ил болсны дараа Их Британийн Хөдөлмөрийн намын гишүүн, сайд асан Лорд Манделсон намын гишүүнчлэлээсээ татгалзсанаа мэдэгдэв.

Баримтуудад Эпштэйн 2003-2004 онд түүнд гурван удаагийн шилжүүлгээр нийт 75 мянган ам.долларын төлбөр хийсэн байж болзошгүй тухай дурдагджээ.
Лорд Манделсон энэ мөнгийг хүлээн авсан гэх мэдэгдлийг няцаасан бөгөөд уг асуудлыг шалгаж дуусгах хүртэл намдаа хүндрэл учруулахыг хүсэхгүй байгаа тул намаасаа гарч буйгаа мэдэгдсэн аж.
Түүнчлэн АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампын тухай баримтат кино гарсан. Уг киноны найруулагчаар ажилласан Бретт Ратнер Эпштэйнтэй хамт байсан гэрэл зургууд мөн ил болсон байна.

Мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ерөнхийлөгч асан Билл Клинтоны нэр ч баримтуудад дурдагдсан.
Тэгвэл Жеффри Эпштэйн гэж хэн байв?
Тэрээр анх 2005 онд насан хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт оруулж байсан хэргээр баригдсан ч хөнгөн ял авч байв. 2019 онд дахин яллагдахаар болсон бөгөөд шүүх хурлаа хүлээж, шоронд хоригдож байхдаа амиа хорлосон юм.
Эпштэйн ямар нэг их сургууль төгсөөгүй ч математик, физикийн хичээл заадаг байсан бөгөөд 1982 онд өөрийн J.Epstein and Co компанийг үүсгэн байгуулсан. Түүний компани нэг тэрбум ам.доллароос давсан хөрөнгөтэй үйлчлүүлэгчдийн мөнгийг зохицуулж, маш богино хугацаанд том амжилтад хүрсэн гэдэг.

Улмаар Флорида, Нью-Йоркод үнэтэй харш худалдан авч "тансаг" амьдралаар амьдарч эхэлсэн. Энэ үеэс эхлэн алдартай уран бүтээлчид болон улс төрчидтэй ойр дотно харилцаатай болжээ.
Эпштэйн Эва Андерссон Дубин, Роберт Максвеллийн охин Гислэйн Максвелл зэрэг бүсгүйчүүдтэй болзож байсан ч хэзээ ч хурим хийж байгаагүй. Сүүлд Гислэйн Максвеллийг Эпштэйнд насанд хүрээгүй охид зуучилсан хэрэгт буруутгаж, 20 жилийн хорих ял оноосон байдаг.
2015 онд Виржиниа Жюфре хэмээх эмэгтэй Эпштэйн түүнийг 17 насанд нь "массажист" нэрийн дор бэлгийн мөлжлөгт оруулж, өөр хүмүүстэй хүчээр бэлгийн харилцаанд орохыг шаардаж байсан хэмээн гомдол гаргасан. Тэдгээр хүмүүсийн дунд Их Британийн хаан Чарльзийн дүү Эндрю байсан гэсэн юм.
Сүүлд Чарльз хаан дүү, 65 настай Эндрюгийн "хунтайж" хэргэмийг хурааж, ордноос гарахыг шаардсан. Үүний шалтгаан нь дээрх хэрэгтэй холбоотой гэж үзэж буй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!