Дэлгэцийн хамаарлаас нүдээ аврах нь: Blue Light Defense


YOLO.mn | YOLO.MN
ӨЧИГДӨР

Бидний өглөө утасны сэрүүлгээр эхэлж, орой орондоо "TikTok" гүйлгэсээр дуусдаг. Энэ хооронд чиний нүд хэдэн мянган удаа цэнхэр гэрлийн довтолгоонд өртөж байгааг чи мэдэх үү? Хэрвээ оройдоо нүд чинь аргаж, хараа бүрлзэж байгаа бол энэ нь зүгээр нэг ядаргаа биш, харин "Дижитал нүдний ядаргаа" юм. Тиймээс хараагаа хамгаалах иж бүрэн стратегийг хэрэгжүүлж эхэлцгээе.

Хоол хүнс бол чиний дотоод бамбай

Хараагаа муутгахгүй байх хамгийн эхний алхам бол дотроосоо хамгаалах юм. Лууван, амтат чинжүү, бууцай зэрэг өнгөлөг ногоонууд нь нүдний "байгалийн шүүлтүүр" болох лутеиноор баялаг байдаг бол загасны тосонд агуулагдах Omega3 нь дэлгэц ширтэх үед үүсдэг хуурайшилтыг зогсоох шидтэй. Эдгээр хүнс нь нүдний торлог бүрхэвчийг цэнхэр гэрлийн хор нөлөөнөөс бамбай мэт хамгаална.

Нүдний Фитнесс ба 20-20-20 дүрэм

Биеийн булчин шиг нүдний булчин ч бас амрах, дасгал хийх шаардлагатай. Дэлхийн нүдний эмч нарын санал болгодог 20-20-20 дүрэм бол хамгийн үр дүнтэй арга юм. 20 минут тутамд дэлгэцнээс харцаа салж, 20 фит (6 метр) зайд байгаа зүйлийг 20 секундын турш хараарай. Энэ нь нүдний фокус тааруулагч булчингуудыг суллаж, хэт ачааллаас сэргийлдэг.

Үүн дээр нэмээд нүдний уян хатан байдлыг хангахын тулд агаарт 8-ын тоог хэвтээ хэлбэрээр зурах эсвэл ойр болон хол байгаа зүйл рүү харцаа ээлжлэн шилжүүлж фокус тааруулах дасгалыг өдөрт 2-3 удаа хийж хэвшээрэй. Энэ нь нүдний булчин хөшиж, хараа тогтмол муудахаас сэргийлдэг чухал дадал юм.

Дижитал орчноо удирдах

Зөвхөн дасгал хийхээс гадна төхөөрөмжүүдийнхээ тохиргоог өөрчлөх нь асар том өөрчлөлт авчирна. Утас, компьютер дээрээ "Night Shift" эсвэл "Blue Light Filter"-ийг үргэлж асаалттай байлгах нь нойрны даавар болох мелатониныг хамгаалж, орой унтахад чинь тусална. Бас нэгэн алтан дүрэм бол харанхуйд утас ширтэхгүй байх. Өрөөний гэрэл дэлгэцний гэрэлтэй тэнцүү байх үед нүдний даралт хамгийн бага байдаг. Эцэст нь, дэлгэц харахдаа нүдээ цавчихаа бүү мартаарай, энэ нь чиний нүдийг байгалиас нь чийгшүүлж буй хэрэг юм.

Шинжлэх ухааны баримт:

Цэнхэр гэрэл нь зөвхөн нүд ядраагаад зогсохгүй, тархинд "одоо өдөр болж байна" гэсэн хуурамч дохио өгдөг. Үүнээс болоод чи орондоо ороод утсаа үзсэний дараа нойр чинь хүрэхгүй байх, эсвэл унтсан ч өглөө нь амарч чадаагүй мэт мэдрэмжтэй сэрдэг байна. Унтахаас дор хаяж 1 цагийн өмнө бүх дэлгэцээс холдох нь чиний тархи болон нүдийг амраах хамгийн шилдэг арга болно.

Бяцхан сануулга: Ухаалаг төхөөрөмжүүд бидний амьдралыг хөнгөвчилдөг ч, чиний нүдийг хэн ч орлож чадахгүй. Тиймээс өнөөдрөөс эхлэн нүдэндээ амралт өгч хэвшээрэй.

Э. Баярцэцэг

#дэлгэцийн хамаарал #нүдээ хамгаалъя #Blue Light Defense #эрүүл мэнд