Olivia Dean Грэммигийн “Шилдэг шинэ уран бүтээлч”-ээр шалгарлаа


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Зургуудыг Ройтерс агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэй ашиглав

Британийн дуучин Olivia Dean 68 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын үеэр Шилдэг шинэ уран бүтээлч цолыг хүртлээ. 

26 настай Dean нь Leon Thomas, KATSEYE, The Marias, Addison Rae, sombr, Alex Warren, Lola Young зэрэг уран бүтээлчдийг ардаа орхин, шинэ авьяастнуудын дундаас хамгийн шилдэг нь хэмээн тодорчээ.

Бүх цаг үеийн хамгийн агуу рэп уран бүтээлчдийн нэгт зүй ёсоор тооцогддог 38 настай Kendrick Lamar энэ жилийн Грэммид 9 номинацид нэр дэвшиж, ёслол эхлэнгүүт “GNX” цомгоороо Шилдэг реп цомог шагналыг авлаа.

Lamar-ын “GNX” нь оройн хамгийн том шагнал болох Оны шилдэг цомгийн төлөө Bad Bunny, Lady Gaga нартай өрсөлдөж байв.

K-POP ДУУ ГРЭММИД АНХ УДАА ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

K-Pop хөгжмийн ертөнц Грэммигээс анхны шагналаа хүртлээ. Netflix-ийн “KPop Demon Hunters” анимэйшн киноны хит дуу “Golden” нь Дүрс бичлэгт зориулан бичигдсэн шилдэг дуу (Best Song Written for Visual Media) шагналыг авсан байна. Уг дуу нь мөн Шилдэг бичлэг болон Шилдэг дуу ангилалд нэр дэвшсэн.

Мөн Шилдэг бичлэг болон Шилдэг дуу ангилалд Bruno Mars болон K-Pop дуучин Rosé-гийн хамтарсан “APT.” дуу өрсөлдөж байна.

STEVEN SPIELBERG EGOT ЦОЛ ХҮРТЛЭЭ

Домогт кино найруулагч Steven Spielberg “Music by John Williams” баримтат бүтээлээрээ Шилдэг хөгжмийн кино ангилалд анхны Грэммигээ хүртэж, EGOT цолны эзэн боллоо. EGOT гэдэг нь Emmy, Grammy, Oscar, Tony дөрвөн шагналыг бүгдийг нь авсан маш ховор уран бүтээлчдэд олгодог нэр хүндтэй цол юм.

Грэммигийн ялагчдыг Recording Academy-ийн гишүүд болох 15 мянга гаруй уран бүтээлчид, дуу зохиогчид, продюсерүүд, инженерүүд сонгодог байна. 

Эх сурвалж: Reuters

#Grammy Awards