

Кафейн агуулсан ундаа, цай, кофе зэрэг нь эрүүл мэндэд ямар ашиг тустайг харуулсан судалгаа олон байдаг ч яг ямар хэлбэрээр, хэр хэмжээгээр хэрэглэх нь хамгийн тохиромжтой вэ гэдэг тал дээр одоо ч эргэлзээтэй ойлголтууд бий.
Хэрэв та тайван байж чадахгүй, сандарч, нойрны хэм тань алдагдаж эхэлбэл кафейны хэмжээгээ хэтрүүлсэний дохио ч байж магадгүй юм. Тиймээс кафейнийг хэтрүүлэн хэрэглэвэл биед яг юу болдог вэ?, Ямар хэмжээгээр хэрэглэхэд сөрөг нөлөөгүй вэ? болон бусад кафейнтэй холбоотой мэдээ мэдээллийг энэ удаагийн нийтлэлээрээ хүргэхээр бэлдлээ.
КАФЕЙН ХҮНИЙ БИЕД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
Хүний биед зүрхний цохилт, цусны урсгал, унтах болон сэрэх хэмнэл зэрэг олон чухал үйл ажиллагаа байнга явагдаж байдаг. Эдгээрийн ихэнх нь аденозин хэмээх байгалийн химийн бодистой холбоотой. Аденозины үүрэг нь өдрийн төгсгөлд биднийг ядрааж, амраах дохио өгөх юм.
АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн судлаач Кеннет Жейкобсоны тайлбарласнаар, аденозин нь бие махбодь ачаалал авсан үед эд эрхтний үйл ажиллагааг тайвшруулах зорилготой бодис юм. Ерөнхийдөө унтах дохио биед өгдөг бодис. Энэ нь зүрх, бөөр, дархлааны систем болон бусад эд эрхтэнд унтах, амрах нөхцөлийг бүрдүүлдэг.
Харин кафейн хэрэглэсний дараа цусанд хурдан шингэж, аденозиныг эсийн рецепторт холбогдохоос урьтаж хаадаг. Үүний үр дүнд аденозин ажлаа хийж чадахгүй болж, бид илүү сэргэлэн, анхааралтай мэдрэмж авдаг байна.
Мөн кафеин нь допамин, адреналин зэрэг нейро трансмиттерүүдийн түвшнийг нэмэгдүүлж, сэтгэл санаа болон мэдрэлийн идэвхийг өдөөдөг гэж Их Британийн Өмнөд Уэльсийн их сургуулийн профессор Дэмиан Бэйли тайлбарладаг.

КАФЕЙНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ АШИГ ТУС
Кафейн хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар, ялангуяа кофетой холбоотой судалгаа маш олон байдаг. 2017 онд 200 гаруй судалгааг нэгтгэн дүгнэсэн томоохон тойм судалгаагаар өдөрт 3-4 аяга кофе уух нь ихэнх тохиолдолд хор хөнөөлөөс илүү ашиг тустай гэж дүгнэжээ. Зарим сөрөг үр дагаврыг харуулсан судалгаанууд нь кофе уудаг хүмүүсийн дунд тамхи татах хувь өндөр байдагтай холбоотой байж болохыг судлаачид онцолсон.
Харин зүрхний эрүүл мэндийн хувьд илүү нарийн ялгаа ажиглагддаг. Цусны даралт ихтэй хүмүүс өдөрт хоёр аягаас дээш кофе уувал зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэл нэмэгдэж болох ч даралт хэвийн хүмүүст ийм холбоо илрээгүй байна.
Мөн судалгаанууд кофе нь аливаа дасгалын гүйцэтгэлийг сайжруулж, тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлдэг болохыг харуулжээ. Зарим судалгаагаар кофе ууснаар биеийн гүйцэтгэл 1.7 хувь хүртэл сайжирч байсан байна. Үүнээс гадна кафейн нь зарим төрлийн хорт хавдар, зүрхний өвчин, 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний эрсдэлийг бууруулахтай холбоотой гэж үздэг.
Цайнаас ялгаатай нь кофе нь сэтгэл гутралаас хамгаалах нөлөөтэй байж магадгүй байдаг байна. Мөн кафейн аденозины рецепторыг хааснаар тархины хөгшрөлттэй холбоотой өвчнүүд, тэр дундаа Альцгеймерийн эрсдэлийг 60 хүртэл хувиар бууруулж болзошгүйг зарим судалгаа харуулжээ.

ГЭХДЭЭ БҮХ КАФЕИН АДИЛХАН УУ?
Кофе хамгийн алдартай кафеин агуулсан ундаа боловч, цай ч мөн адил хүчтэй нөлөө үзүүлж чадна. Ялангуяа өтгөн чанасан хар, ногоон цай кафеин ихтэй байдаг.
Сүүлийн жилүүдэд кафейн агуулсан энергийн ундааны хэрэглээ эрс нэмэгдсэн. Эдгээр ундаа нь кафейнээс гадна сахар, гуарана зэрэг бусад өдөөгч бодис агуулдаг. Гуаранагийн үр нь кофены үрээс дөрөв дахин их кафейн агуулдаг бөгөөд бусад химийн нэгдлүүдтэй хавсрахад зүрх, мэдрэлийн системд ачаалал өгч болзошгүй.
Зарим энергийн ундаанд 500 мг хүртэл кафеин агуулагддаг нь хоногийн зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан үзүүлэлт юм. Удаан хугацаанд ийм ундаа хэрэглэх нь зүрхний хэм алдагдах, даралт буурах, сандрал, таталт зэрэг ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй.

КАФЕЙНЫГ ХЭЗЭЭ, ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ НЬ ЗӨВ БЭ?
Кафейн ууснаас хойш ойролцоогоор 20 минутын дараа цусанд үүний нөлөө хуримтлагдаж эхэлдэг бөгөөд нэг цагийн дараа хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг. Дасгал хийхээс нэг цагийн өмнө кафейн хэрэглэх нь булчингийн агшилтыг сайжруулж, ядаргаанд тэсвэртэй болгодог.
Зарим судлаачид өглөө сэрснээс хойш 90 минутаас 2 цагийн дараа кофе уухыг зөвлөдөг. Учир нь энэ хугацаанд аденозин аажмаар багасч, кафейн илүү үр дүнтэй үйлчилнэ гэж үздэг. Гэхдээ үүнийг батлах хангалттай нотолгоо одоогоор байхгүй гэж маргадаг судлаачид ч бий.
Кафейны нөлөө удаан үргэлжилдэг тул унтахаасаа дор хаяж 8 цаг 48 минутын өмнө сүүлчийн кафейн хэрэглэхийг зөвлөдөг.

ХЭТ ИХ КАФЕЙН ГЭДЭГ НЬ ХЭД ВЭ?
Европын Хүнсний Аюулгүй Байдлын Газраас эрүүл насанд хүрэгчид өдөрт 400 мг-аас, нэг удаад 200 мг-аас их кофеин хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Эрүүл хүмүүсийн хувьд өдөрт 2-3 аяга кофе уух нь ноцтой сөрөг нөлөөгүй гэж үздэг.
Гэхдээ бодит байдал дээр нэг аяга кофе дэх кафейны хэмжээ маш их хэлбэлздэг. Зарим эспрессо 250-700 мг кафейн агуулж болдог бол зарим эрч хүчний ундаа 500-600 мг хүрдэг. Иймээс кафейныг хэтрүүлэн хэрэглэх нь маш амархан.
Хэт их кафейн хэрэглэсний дараа дотор муухайрах, түгших, уур уцаартай болох, толгой өвдөх, зүрх дэлсэх шинж илэрдэг. Хэрэв кафеин уухаа гэнэт болих шаардлагатай бол аажмаар багасгах нь толгой өвдөх, цочромтгой болох зэрэг таталтын шинжээс сэргийлнэ.
ХЭНД КАФЕЙН ТОХИРОМЖГҮЙ ВЭ?
Их Британи болон АНУ_ын удирдамжаар жирэмсэн эмэгтэйчүүдийн кафейны хэрэглээг өдөрт 200 мг-аар хязгаарлахыг зөвлөдөг. Судалгаагаар кафейн нь зулбах, дутуу төрөх, ургийн өсөлт саарах зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг нь тогтоогдсон. Учир нь кафейн ихсээр дамжин урагт шууд нөлөөлдөг.
Мөн кафейн нь хөхний сүүгээр дамжин нярайд хүрдэг бөгөөд нярай хүүхэд кафейнийг задлах чадваргүй тул цочромтгой болох, нойр алдагдах зэрэг сөрөг нөлөө илэрч болзошгүй.
Хүн бүрт өөрөөр нөлөөлдөг шалтгаан
Кафейны нөлөө хүн бүрт харилцан адилгүй. Үүнд генетикийн хүчин зүйл ихээхэн нөлөөлдөг. Зарим хүмүүс кафейнийг хурдан задалдаг бол зарим хүний биед 12 цагаас дээш хугацаанд задрахгүй байж болдог. Иймээс нэг хүнд ашигтай хэмжээ нөгөөд нь сөрөг нөлөө үзүүлэх боломжтой.
Эцэст нь кафейн бол өдөр тутмын амьдралд хамгийн амархан хүрдэг өдөөгч бодисуудын нэг. Гэхдээ энэ нь түүнийг хяналтгүй хэрэглэх шалтгаан болох ёсгүй. Эцсийн дүнд, чанартай нойр бол тархины хамгийн чухал тэжээл юм.
Эх сурвалж: BBC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!