YouTube-ийн од iShowSpeed Африк дахь аяллаа дуусгаж, Гана улсын паспорттой болжээ


Б.Нямдарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Дэлхийн хамгийн алдартай контент бүтээгчдийн нэг болох IShowSpeed Баруун Африкийн Гана улсад хийсэн аяллынхаа дараа Гана улсын паспорт авч, тус улсын давхар иргэншилтэй болжээ.

АНУ-ын инфлюенсер Африк тивийг хамарсан, шууд дамжуулалтаар цацагдсан 20 орны аяллын сүүлчийн өмнөх зогсоол нь Гана байжээ. Уг аяллаа тэр мягмар гарагт албан ёсоор өндөрлөжээ.

IShowSpeed Ганад зочилсны дараа тус улсын Гадаад хэргийн сайд түүний паспортын хүсэлтийг зөвшөөрснөө зарлаж, түүнийг “үнэлэмжтэй элч төлөөлөгч” хэмээн тодорхойлжээ. “Speed Does Africa” нэртэй энэхүү аяллыг дэлхийн өнцөг булан бүрээс үзсэн бөгөөд Африк тивийн талаарх хэвшмэл ойлголтыг эвдэж, олон үндэстэн, соёлыг дэлхийд таниулсанд нь олон хүн сайшаал илэрхийлсэн байна.

21 настай, жинхэнэ нэр нь Даррен Уоткинс Жр. болох IShowSpeed YouTube дээр 50 сая гаруй дагагчтай бөгөөд Африк дахь аялал нь түүний сувгийн өсөлтөд ихээхэн нөлөөлжээ.

Гадаад хэргийн сайд Самюэл Окудзето Аблаква “IShowSpeed Ганатай салшгүй холбоотой болох нь батлагдсан” хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж, түүний Гана улсын паспортыг зөвшөөрсөн гэдгээ мөн мэдэгдсэн байна.

Ганад стрийм хийх үеэрээ IShowSpeed ээж нь Баруун Африкийн энэ улсаас гаралтай хэмээн үзэгчдэдээ ярьжээ.

Аблаква мөн түүнийг “Агуу Гана улс болон хайртай Африк тивээ бахархалтайгаар төлөөлсөөр байгаарай. Гана чамайг хүндэтгэн угтаж байна” хэмээн уриалжээ. Ганын олон иргэн энэхүү шийдвэрийг сайшаасан ч зарим нь гадаадын алдартнуудад паспорт олгож байгаа нь “улсын паспортыг үнэгүйдүүлж байна” хэмээн шүүмжилсэн байна.

Сүүлийн жилүүдэд Гана улс дэлхий даяарх Африк гаралтай хүмүүст чиглэсэн имиж, бодлогоо идэвхтэй сурталчилж ирсэн.  2024 онд тус улс 500 гаруй хүнд Гана улсын иргэншил олгожээ. 

Баруун Африкийн бусад орнууд ч мөн боолын наймааны үеэр Америк тивд очсон хүмүүсийн үр садад ч харьяалал олгож эхэлсэн. Даваа гарагт Ганад байхдаа IShowSpeed “Гэртээ эргэж ирсэн мэт санагдлаа” хэмээж, тус улсын түүхэн газруудаар аялжээ.

28 хоног үргэлжилсэн Африк дахь аяллынхаа хүрээнд тэрээр Нигери, Өмнөд Африк, Марокко, Кот-д’Ивуар зэрэг орнуудад очжээ.  Тэр аяллынхаа хугацаанд хүмүүсийн анхаарлыг татсан олон үйл ажиллагаанд оролцсоны дотор үчимбэртэй уралдаж, Масай үндэсний хүмүүстэй бүжиглэжээ. 

IShowSpeed 21 насны төрсөн өдрөө Нигерийн хамгийн том хот Лагост тэмдэглэсэн байна.

Rolling Stone сэтгүүл түүнийг “2025 оны хамгийн нөлөө бүхий контент бүтээгч” хэмээн нэрлэсэн бол Forbes сэтгүүл түүний хөрөнгийг 20 сая ам.доллар гэж үнэлжээ.

Эх сурвалж: BBC

#iShowSpeed