Т. Анарсайхан: Тэтгэлэг авахын тулд IELTS, TOEFL-оос өөр анхаарах зүйлс их бий


Э.Цовоо | YOLO.MN
2020-05-25

Бид ирээдүйд дэлхийн хэмжээний томоохон их сургуулиудад суралцах хүсэлтэй уншигчдадаа зориулан орон оронд суралцаж буй оюутан залуусын туршлагаар цуврал ярилцлага бэлтгэн хүргэж байгаа билээ. Тэгвэл ярилцлагынхаа ээлжит зочноор АНУ-ын Пенсильван мужийн Свартмор коллежид хиймэл оюун ухаан болон танин мэдэхүйн шинжлэх ухаанаар хоёр дахь жилдээ суралцаж буй Т.Анарсайханыг урьж ярилцлаа.


YOLOСайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та тэтгэлгийнхээ талаар хаанаас анх мэдээлэл авч байсан бэ? Уг тэтгэлгийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулаач. 

- Миний суралцдаг Свартмор коллеж /Swarthmore College/ тэнцсэн элсэгч бүрийнхээ санхүүгийн байдлаас нь шалтгаалан тэтгэлэг олгодог. Миний авсан тэтгэлэг бол тухайн жилдээ тэнцсэн долоон америк, ганцхан гадаад оюутанд олгодог тэтгэлэг юм. Энэхүү тэтгэлгийг авахад яг тийм амжилт гаргасан байх, тэдэн оноо авсан байх шаардлагатай гэсэн шалгуур байхгүй. Элсэгчдийн ирүүлсэн материалыг харж байгаад гаргасан амжилтад нь тулгуурлан олгодог л тэтгэлэг юм. 

YOLOНийт хэдэн тэтгэлэгт материалаа өгч байж энэ тэтгэлэгт тэнцсэн бэ? Материалаа бүрдүүлэх үед шантрах тохиолдол гарч байсан уу?

- Би нийт 19 сургууль руу өргөдлөө явуулснаас гуравт нь тэнцсэн. Тэнцсэн гурван сургууль маань "need-based" буюу тэнцсэн л бол санхүүгийн боломжоор бүрэн хангадаг тэтгэлэгтэй сургуулиуд байсан. Шантрахын хувьд мэдээж шантрах тохиолдол гаралгүй л яах вэ. Сургууль руу өргөдөл явуулахад "holistic admissions" буюу багшийн тодорхойлолт, эсээ, сургуулиас гадуурх ажил, сайн үйлсийн аянд нэгдсэн эсэх гээд маш олон материалыг бүрдүүлж өгөх шаардлага гардаг. Гэтэл өмнө нь хэн ч надад энэ талаар тайлбарлаж өгч байгаагүй учраас хангалттай мэдээлэлгүй, хэцүү санагдаж байсан. Шантраад больчихмоор ч юм шиг санагдаж байсан хүнд үед хамт хичээлээ бэлдэж байсан найзууд маань урам өгч их тус дэм болсон.  


YOLOОдоо тэтгэлэгт өргөдлөө өгөх гэж буй залуустаа хандан зөвлөгөө өгвөл?

- Хэрвээ чи АНУ-ын шилдэг их сургуулиудад элсэн орохоор төлөвлөж байгаа бол аль болох эртнээс бэлдэж эхлэх хэрэгтэй. Гэхдээ 12-р анги буюу төгсөх ангид байхдаа бэлдэж эхэлсэн ч өөрийгөө оройтчихлоо гэж бодож болохгүй. Тухайн сургууль чинь яг юу шаарддаг талаар судалж, сайтар бэлдэж байгаад өргөдлөө явуулахад л болно.

Хүсвэл миний бэлтгэсэн бичлэгийг ЭНД дарж үзээрэй. 

YOLOӨөрийн суралцаж буй сургуулиа магтаач гэвэл? 

- Манай сургууль “Liberal arts college” төрөлд ордог. Энэ төрөлдөө АНУ-д эхний гуравт ордог нэр хүндтэй сургууль.  Liberal arts гэдэг нь өөрийн сонгосон мэргэжлийн чиглэлээс гадна өөр чиглэлийн хичээл давхар судлах шаардлагатай болдог сургалтын систем юм. Өөрөөр хэлбэл би эдийн засагч мэргэжилтэй байлаа гэхэд урлагийн чиглэлийн хичээлүүд давхар үзэх ёстой гэсэн үг. Ийм учраас манай сургууль оюутнуудаа олон талаас нь хөгжүүлж чаддаг юм шиг санагддаг. 


YOLOСургуульдаа сурсан эхний жил ямархуу санагдсан бэ? Шинэ орчин, шинэ хүмүүстэй дасан зохицоход ямар байсан бэ?

- Эхний жил хайртай дотны минь хүмүүс хажууд байхгүй учраас бага зэрэг хэцүү санагдаж байсан. Гэвч манай сургуулийн багш, оюутнууд нэг нэгнээ дэмждэг, их сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг учраас сургуулийн хувьд сэтгэл хангалуун байдаг. Манай зарим багш нар надад яг л төрсөн ээж шиг минь ханддаг. Мөн оюутнуудынх нь биеэ авч явж байгаа байдал, хичээл зүтгэлийг нь хараад үнэхээр гайхшраад "би ч гэсэн хичээх хэрэгтэй" гэж бодох болсон. Харин ард иргэдийнх нь хувьд Америкчууд Монголчуудыг бодвол нэг нэгэнтэйгээ арай хөндий харилцдаг юм шиг санагддаг. Манай Монголчууд чинь их сэтгэлээрээ ард түмэн шүү дээ. 


YOLOТанай сургуульд хэчнээн Монгол оюутан суралцдаг вэ?

- Намайг энэ сургуульд орж байхад анхны Монгол оюутан нь би байлаа. Харин одоо надтай нийлээд гурван Монгол оюутан суралцаж байна. 

YOLOТаны хувьд гадаад улсад суралцахад дэлхийн хэмжээний боловсрол эзэмших, гадаад хэлээ сайжруулахаас гадна өөр ямар давуу талтай вэ? 

- Миний хувьд орчин нөхцөл өөрчлөгдөх нь л хамгийн том давуу тал болж байгаа юм шиг санагдсан. АНУ чинь их том улс шүү дээ. Зөвхөн сургуульдаа явах замдаа л гэхэд Монголд харж байгаагүй олон сонин содон зүйлстэй тааралддаг. Шинэ юм харчихаад "үүнийг Монгол улсдаа хөгжүүлбэл..." гээд их зүйл бодож, мэдэж авдаг нь маш том давуу тал юм уу даа. Техник технологийн хөгжлөөс нь эхлээд сурч мэдэх зүйл их дээ. 


YOLOМэдээж гадаадад сурснаар сонгосон мэргэжлээрээ чанартай боловсрол эзэмшинэ. Үүнээс гадна хувь хүнийхээ хувьд өөрийгөө хөгжүүлэх боломж хэр гардаг вэ?

- Өөрийгөө хөгжүүлэх боломж их гардаг. Би бичлэг хийж, түүнийгээ янзлах хоббитой. Энд ирээд бичлэгийг олон янзаар хийж, янзалж сурсан.

YOLOЕр нь яагаад Америк улсыг сонгон суралцах болсон бэ? 

- Би багаасаа Орос сургуульд сурсан учир бараг л Орос хүн шиг сэтгэдэг болсон. Харин Америк улс Орос улсын яг эсрэг, өөр ертөнц шиг надад санагддаг байсан. Хүн олон талын мэдлэгтэй байх хэрэгтэй гэж боддог учраас арай өөр, шинэлэг ертөнцийг сонгож Америкт суралцахаар шийдсэн. 


YOLOТанай сургуульд тэтгэлгээс гадна өөр бусад хөнгөлөлтүүд олгодог уу? 

- Манай сургууль оюутнуудынхаа боловсролд маш их анхаардаг. Би нэгэн судалгааны ажлын тухай ном унших шаардлага гараад хайтал унших гэж байгаа ном маань бараг 200 ам.долларын /Монгол мөнгөөр 560,000 гаруй төгрөг/ үнэтэй байсан. Өөрийнхөө мөнгөөр худалдаж авах гэхээр боломжгүй байсан учраас сургуульруугаа и-мэйл бичтэл миний өмнөөс тэр номыг худалдаж аваад надад өгч байсан юм. Ер нь л суралцах, хөгжих боломжоор бүрэн хангадаг шүү. 

YOLOЕр нь залуусын хувьд Америк улс хэр амьдрахад таатай улс вэ? Монголд байснаас юу юу нь тэс өөр санагдсан бэ? 

- Миний хувьд залуу хүмүүс сурахад ч, амьдрахад ч таатай газар шиг санагддаг. Томоохон хотууд нь залуусын амьдралын хэмнэлд тохируулан хурдацтай хөгждөг. Харин цаг уурын хувьд Монголоос нэг их ялгаагүй. Гэхдээ өвөл нь яг ч Монгол шиг хүйтэн биш. Хамгийн дээд талдаа -20 градус хүрдэг бол зундаа их чийглэг, бүгчим байдаг. 


YOLOЧөлөөт цаг хэр их гардаг вэ? Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

- Чөлөөт цаг нэлээн их гардаг шүү. Монголын их сургуулиудад нэг улиралд хамгийн дээд талдаа долоон хичээл үзэх боломжтой байдаг бол манай сургууль дөрвөн хичээл л үздэг. Тиймээс цагийн менежментээ сайн хийж чадвар чөлөөт цаг их гарна. Миний хувьд чөлөөт цагаараа сургуулийнхаа туялзуур сэлмийн дугуйланд явдаг. Одоогоор нэгэн төсөл дээр ажиллаж байгаа учраас төсөл дээрээ л гол анхаарлаа төвлөрүүлж байна даа. 

YOLOИнгээд ярилцлагын төгсгөлд тэтгэлэг авахаар хөөцөлдөж буй залуустаа хандан зөвлөгөө өгөөч.

- Өргөдлөө илгээж буй сургууль чинь чамаас яг юу шаардаж байгааг маш сайн судалж ойлгоорой. Зарим хүүхдүүд TOEFL, IELTS зэрэг хэлний түвшин тогтоох шалгалтууддаа л өндөр оноо авах гээд бэлдээд байдаг. Тэгээд "чи яагаад зөвхөн хэлнийхээ шалгалтад бэлдээд байгаа юм?" гээд асуухаар "тэтгэлэг авахын тулд" гэж хариулдаг. Гэвч зөвхөн хэлнийхээ шалгалтуудад өндөр оноо авчихвал тэтгэлэг авч чадна гэдэг чинь буруу ойлголт шүү дээ. Тэтгэлэг авахад энэ хоёр шалгалтаас гадна маш олон зүйлс шаарддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Эцэст нь аль болох эртнээс сурах сургуулиа судлаарай гэж зөвлөе. Бүгдэд нь амжилт хүсье!

YOLOЯрилцсанд баярлалаа. 


Анарсайхан маань өөрийн Инстаграм хуудсандаа олон сонирхолтой бичлэг, мэдээ мэдээллүүдийг нийтэлдэг тул @anarsaikhn хаягаар дагаарай. smiley


#Тэтгэлэг #Боломж #АНУ