Бэлэн гоймон: Урт гоймонгийн богино түүх


С.Оюундарь | YOLO.MN
УРЖИГДАР

Инфляцын хэмжээ буурсан ч хоол хүнсний үнэ өндөр хэвээрээ байдаг энэ нийгэмд юу ч тохиолдож байсан хямдаараа зарагддаг хүнс бол бэлэн гоймон. Бэлэн гоймон нь жилд нийт 100 тэрбум гаруйгаараа борлуулагддаг гэсэн судалгаа байдаг бөгөөд үүгээрээ дэлхийн хамгийн алдартай хурдан болдог хоол болж байгаа юм.

Тэгвэл энэхүү дэлхийн хүн бүрийн оройн хоолны цэсэд нэг удаа ч гэсэн байж үзсэн бэлэн гоймон үргэлж ийм хямд байв уу? Бэлэн гоймон яаж үүссэн юм бэ? гэх мэт сонирхолтой асуултуудын хариултыг хамтдаа олцгооё.

ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Ихэнх хүмүүс бэлэн гоймонгийн олонд танигдсан шалтгааныг хямд үнэ, хурдан болдогтой нь холбож үздэг ч түүхийг нь сөхөөд харвал энэ нь ажилчин ангийн содон бөгөөд тун ухаалаг аргаар гоймонг хийдэг техниктэй холбогддог.

1910 онд Японы гаалийн ажилтан Озэки Кан Ичи, Токио хотын ажилчин ангийн дүүрэг болох Асакасуд Хятад ресторан нээхээр хийдэг ажлаа орхисон байна. Тэр ресторанаа Рай-Рай Кен хэмээн нэрлэжээ. Рай-Рай Кен нь Япон хүний нээсэн хамгийн анхны Хятад хоолны ресторан гэдгээрээ онцлогтой.

Рамен гэх нэрийг авахаасаа өмнө уг Хятадын улаан буудайн нарийн гоймонг “chuka soba” гэж дууддаг байсан. Кан Ичигийн рестораны цэсэд шарсан гахайн мах, хатаасан далайн байцаа, загасны бялуу гэх мэт орцтой соё соусаар амталсан шөл багтаж байжээ. Энэхүү шинэлэг орцууд нь Кан Ичигийн гоймонг Хятадын уламжлалт гоймонгоос сондгойруулж өгч байв.

Гоймонг буржгар, зажлууртай, улам шар болгохын тулд кансуй гэх эртний уламжлалт хятад аргыг ашиглан хийдэг байсан байна. Ресторан нь үнэхээр цагаа олж нээгдсэн буюу яг тэр үеэр маш олон хүмүүс сурах болон ажиллах зорилгоор хөдөөгөөс хот руу шилжиж ирэх нь элбэг байв. Шинээр ирсэн оюутнууд болон ажилчдын дунд chuka soba нь тун алдартай болж, кафе, гудамж, хоолны газруудаар өргөнөөр борлуулагдах болжээ.

ДАЙНЫ ДАРААХ ЯПОН

Хоёрдугаар дайны үеэр Японд ховор хүнсний нөөцүүдийг хадгалах зорилгоор ресторан зоогийн газар, гудамжны хоол зэрэгт хориг тавьсан байна.

Дайны дараа АНУ-ын цэргийн хүч Японд хүнсний хуваарилалтыг хэрэгжүүлж, ресторан зэрэг хоолны газруудын хоригийг хэвээр нь үргэлжлүүлэв. Будааны  хомсдолыг нөхөхийн тулд АНУ-аас улаан буудайг их хэмжээгээр оруулж ирсэн ч энэ нь тийм ч хангалттай байсангүй. Үүний үр дүнд хүмүүс улаан буудайг гоймон болгож, бөмбөгдөлтөд өртсөн газруудад хууль бусаар зарах болсон бөгөөд Момофуку Андо гэх Тайваны цагаач гоймон хүлээн дараалалд зогсох өлсгөлөн хүмүүсийг хараад хурдан бас амархан аргаар бэлэн болох гоймонгийн санааг бодож олжээ.

1950-аад онд улаан буудайн хязгаарлалтыг сулруулснаар гоймонгийн борлуулалт асар ихээр нэмэгдэж эхлэв. Энэ үед будааны хомсдол байсаар байсан тул иргэдэд талхнаас өөр идэх зүйл байхгүй байлаа. Тиймээс уг будааны хоосон зайг нөхөх улаан буудайгаар хийгдсэн бүтээгдэхүүний шаардлага өндөр байсан юм.

АРЫН ХАШААНД ЗОХИОН БҮТЭЭГДСЭН ГОЙМОН

Өөрийн хялбар гоймонг бүтээхээр шийдсэн Андо арын хашаандаа төрөл бүрийн туршилт хийх болов. Тэрбээр эхнэрийнхээ хоол хийж буйг хараад хоолыг гүн шарах нь зөвхөн түүхий хүнсийг бэлэн болгоод зогсохгүй усыг хий болгон ууршуулж буйг анзаарч яг л энэ процесс түүний хүсээд байгаа гоймонг хийх гол нууц юм байна гэдгийг ухаардаг.

Ийнхүү Андо, 1958 оны 08-р сарын 25-нд “Instant Cook Chikin Ramen”-ийг бүтээжээ. Гоймон нь аль хэдийн тахианы махаар амтлагдаж болгосон байсан тул цаг хугацаа хэмнэхээс гадна талханд агуулагддаг уургийг өгдгөөрөө давуу талтай байв. Тахианы махны амтыг сонгосон шалтгаан нь хүн бүр тахианы махыг шашин, соёл хамаарахгүйгээр идэх боломжтой байсантай холбоотой.

Анхны бэлэн гоймон нь энгийн раменаас 6 дахин үнэтэй үнээр зарагдаж байв. Гэхдээ бэлэн гоймон алдартай болохын эрхэд үнэ нь багасаж, Андогийн Nissin компани бүтээгдэхүүнийг олноор нь үйлдвэрлэх болжээ.

1971 онд 10 минутын гоймон маань энгийн гялгар уутанд биш харин цаасан аяганд борлуулагдах болсноор идэхэд илүү хялбар болсон байна.

ГОЙМОН, ГОЙМОН, ХАА САЙГҮЙ ГОЙМОН

Бэлэн гоймон бол Японд маш чухалд тооцогддог хүнс юм. 1999 онд авсан судалгаагаар бэлэн гоймон нь 20-р зуунд бүтээгдсэн хамгийн чухал бүтээл ч гэж нэрлэгдэж байв.

Зөвхөн Японд ч гэлтгүй олон улс даяар бэлэн гоймон нь өргөнөөр хэрэглэгддэг бөгөөд Японд раменд зориулсан хоёр музей үйл ажиллагаагаа явуулдаг.

Вьетнам нь бэлэн гоймон хамгийн их иддэг улс хэмээн явдаг бол дараа нь Солонгос, Тайланд уг жагсаалтыг тэргүүлжээ.

Зөвхөн улс орон ч гэлтгүй шорон, бүр сансарт хүртэл рамен байж л байдаг. 2005 онд Японы сансрын нисгэгч Сойчи Ногуки сансрын аялалдаа жингүйдэлд идэхэд тусгайлан бэлтгэсэн бэлэн гоймонг авч явсан байна.

Эх сурвалж: The coversation

#Урт гоймонгийн богино түүх