2026 онд трэнд болох хувцаснууд


С.Оюундарь | YOLO.MN
ӨЧИГДӨР

Хэрвээ таны шинэ жилдээ тавьсан зорилго ижил гурван хувцсаа ээлжлэн өмсөхөө зогсоох байсан бол та зөв газартаа иржээ.

Загварын календарийн ачаар бид 2026 онд ямархуу хувцас, загварууд тренд болохыг тооцоолсон билээ. Тэгэхээр та өнөөдөр дэлгүүр гараад хаврынхаа хувцсыг цуглуулахад санаа зовох зүйлгүй боллоо.

ШИЙДЭМГИЙ БАЙ

Бид хавар болохоор л ерөнхийдөө цэцэг, жимсний хээтэй бүдэг хувцаснуудыг сонгож өмсдөг ч энэ жилийн загварын тайзуудыг ажиглаад байхад тод, цулгуй өнгөнүүд тренд болох шинжтэй нь ажиглагдсан.

Loewe, Dior, Fendi гэх мэт загварын тайзнаа алхсан моделиуд ихэвчлэн маш тод шар, улаан, ногоон, хөх гэх мэт өнгийн хувцсыг түүнээс арай бүдэг цүнх, бээлий гэх мэттэй хослуулан өмсжээ.

Зөвлөгөө: Хэрвээ та энэхүү трендийг дагахыг хүсвэл өмсөж буй хувцасныхаа зөвхөн нэг хэсгийг л тод өнгөтэйгөөр сонгоорой. Тэгвэл та үнэхээр бусдын харцыг булааж чадна.

ТАНСАГ БӨГӨӨД ҮНЭТЭЙ БАЙ

2025 оны тренд цэвэр цэмцгэр байдал болон энгийн загварын хувцаснууд байсан шүү дээ. Гол анхаарал нь дахиж олон удаа өмсөж болохоор сайн материалтай хувцсыг сонгох байв.

Гэхдээ энэхүү тренд 2025 оныг дагаад загварын ертөнцөөс явж байгаа бөгөөд дэлхий дахины анхаарал тансаг, чамин ганган загварууд руу чиглэж байна.

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та өмнө нь бүгдийг жижиг, энгийн байлгах гэж хичээдэг байсан бол энэ жил илүү том том үнэт эдлэлүүд, чимэглэлүүд моод болно оо гэсэн үг. Өөр үгээр бол хэтрүүлсэн хувцаслалт.

Saint Laurent – ийн моделиуд толгойноос өсгий хүртлээ хар өнгийн өдөөр бүрхсэн хувцас өмссөн байсан бол Missoni өөрийн бэлэг тэмдэг болсон янз бүрийн эрээн судлан дээр том зүүлт, ээмгүүдээр гоёсон байсан. Balenciaga болон Chanel – ийн хувьд мөн л өдөн дээр анхаарлаа хандуулжээ.

Зөвлөгөө: Хэрвээ танд энэ тренд таалагдаж байвал та хувцасны шүүгээнд байх хамгийн зэрлэг хувцаснуудаа сонгон хэрхэн зөв хослуулах тал дээр анхаарах хэрэг гарах нь.

ЦАЦАГ БОЛОН НЭМЭЛТ ОРУУЛГУУД

Хувцасны загварын сонголтууд ихэвчлэн тухайн жил дэлхий дахинд юу болж байгаатай холбогдуулан өөрчлөгдөж байдаг. Зарим загварын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ жилийн дэлхий дахины эдийн засгийн байдал яах нь тодорхойгүй бүрхэг байгаа тул цацаг, унжлага гэх мэт зүйлсийг тренд болно гэж үзэж байна.

Санхүүгийн асуудалтай байдаг жилүүдэд ихэвчлэн даруухан гэхээсээ илүү гал цогтой, хурц загварууд тухайн жилийг тодорхойлох нь элбэг.

Австрали улсын загварын агентлаг болох Aje – ийн моделиуд бүгд цацаг, давхаргатай хувцаснуудаар тайзнаа алхсан нь үүнийг гэрчлэх байх. Мөн иймэрхүү загварыг тайзнаа танилцуулсан Balmain, Louis Vuitton, Ellie Saab гэх мэт томоохон брэндүүдийг дурдах нь зүйтэй.

Зөвлөгөө: Иймэрхүү загварын хувцаслалтууд маш ихээр тренд болдог тул таны хувцасны шүүгээнд уг трендэд яг тохирсон хувцас байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ байхгүй бол санаа зовох хэрэггүй шүү. Яг ийм загварын хувцаснууд онлайн дэлгүүрүүдэд олноороо маш хямдаар зарагдаж байдаг.

ЭРЭМГИЙ

Бид ирэх дулааны улирлуудад гоёл чимэглэл бүхий хувцас загварын чиг баримжааг тодорхойлогч болно гэдгийг аль хэдийн мэдэж авсан. Өвөрмөц, хэт тансаг гэж хэлж болохоор хувцаснууд олон загварын тайзан дээр харагдлаа.

Chloé-гийн үлгэрийн мэт уур амьсгалтай тайз дээр цэцгэн хээтэй даашинз, мөн нугалаасыг тун дэгжнээр ашигласан топ зэргүүд гарч ирсэн бол Moschino-гийн загвар өмсөгчид эсрэг тэсрэг өнгөтэй, нугалаастай, сээтэгтэй  хувцас өмсөж тайзнаа алхжээ.

Zimmermann-ий шоу дээр давхарласан хормой, сээтэгтэй драматик хийцүүд давамгай байхад Isabel Marant огт өөр загварын хандлагыг баримталж, олон давхарласан rara хэв маягийн юбкыг бөмбөлөг маягийн гоёлоор чимэглэсэн байна.

Зөвлөгөө: Энэхүү чиг хандлагын хамгийн сэтгэл татам хэсэг нь та үүнийг өөрийнхөө хүссэнээр загварчлах боломжтой гэдэг нь юм. Дизайнерууд янз бүрийн өнгө, хэв маягтай сээтэг, давхарласан материал, нугалаастай хийцүүдийг ашигласан тул та өөрийнхөө хувцсыг амархан өөрчилж, энд үзүүлсэн мэт зохицолгүй мэт атлаа өвөрмөц төрхтэй болгох боломжтой.

ТРЕНЧ БУЮУ ШУУДАЙ ШИГ НЭВСГЭР ПАЛЬТОГИЙН ЭРГЭН ИРЭЛТ

Тренч пальто нь ямар ч улиралд өмссөн зохицдог тул олон хүний шүүгээнд удаан хугацаагаар байж л байдаг.

Харин энэ улиралд тренч пальто хаа нэг биш хаа сайгүй харагдсан нь сонирхол их татлаа. Ерөнхийдөө өнгөний хувьд бор, биеийн өнгө давамгайлсан харагдах ч Saint Laurent, Celine зэрэг брэндүүд пальтог илүү өнгөлөг бөгөөд өөр материалаар хийхийг зорьжээ.

Зөвлөгөө: Тренч пальто трендээс гарсан ч хэзээ нэгэн өдөр заавал буцаж ирдэг тул та өөртөө нэгийг авсан байхад хангалттай удаан хугацаанд өмсөх боломжтой гэдэгт итгэлтэй байж болно.

ОФФИС ХУВЦАС

Хэт тод өнгө, том том чимэглэлүүдэд дургүй хүмүүс энэ жилийн трендүүдийг хараад санаа нь зовж байж магадгүй. Тэгвэл тайвшир даа. Энгийн бөгөөд нүсэр хувцас сонирхдоггүй хүмүүсийн хувьд албаны оффис хувцас ч тренд болж буйг дуулгахад таатай байна.

Stella McCartney, Bottega Veneta зэрэг брэндүүд 1980 – аад оны эмэгтэйчүүдийн хүчирхэг, классик костюмыг ахин амилуулж илүү загварлаг болгожээ.

Мөн зарим дизайнерууд албаны хувцаслалтыг дараагийн түвшинд авчран илүү нээлттэй, чөлөөтэй шийдлүүдийг олсон байна.

Зөвлөгөө: Энэ трендийг дагах тун амархан. Танд ердөө сорочик, хантааз гэх мэт оффис хувцас байхад л хангалттай.

Эх сурвалж: BBC

#загвар #трэнд